Нүүр хуудасМэдээС.Асланбек: “Гэрээ хүчингүй болох”-ыг Захиргааны хэргийн шүүх шийддэггүй

С.Асланбек: “Гэрээ хүчингүй болох”-ыг Захиргааны хэргийн шүүх шийддэггүй

Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөө буюу Дубайн гэрээтэй холбогдох шүүх хуралдаан өчигдөр /2019.11.18/ Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд болж, өндөрлөсөн.

“Дархан Монгол ногоон нэгдэл” ТББ-ын зүгээс Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөө буюу Дубайн гэрээтэй холбогдуулан гаргасан нэхэмжлэлд:

  • Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх зорилгоор төслийн ажилд шаардагдах нэмэлт хөрөнгө оруулалт, санхүүжилтийн асуудлаар хэлэлцээ хийх, холбогдох төлөвлөгөө боловсруулах /Монгол Улсын Ерөнхий сайдын 2015 оны нэгдүгээр сарын 23-ны өдрийн 27 дугаар захирамж/
  • Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөөнд гарын үсэг зурах эрхийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал, Б.Бямбасайхан, “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ганболд нарт зөвшөөрсөн /Монгол Улсын Ерөнхий сайдын 2015 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдрийн 99 дүгээр захирамж/,
  • Монгол Улсын Засгийн газар буюу хувь нийлүүлэгчийг төлөөлж “Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөө”-нд гарын үсэг зурахыг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан, “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ганболд нарт зөвшөөрснийг /Монгол Улсын Ерөнхий сайдын 2015 оны тавдугаар сарын 15-ны өдрийн 123 дугаар захирамжийг/ тус тус илт хууль бус болохыг тогтоолгохоор Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шүүхэд ханджээ.

Шүүх нэхэмжлэлийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагын дагуу шийдвэрлэжээ.

Харин дээрх асуудалтай холбоотойгоор “Эрдэнэс Монгол” ХХК-ийн хуулийн мэргэжилтэн С.Асланбек өөрийн цахим хуудсаараа дамжуулан байр сууриа илэрхийлжээ. Түүний байр суурийг бүрэн эхээр нь хүргэж байна.

“Дубайн гэрээ хүчингүй боллоо” гэх энэ мэдээлэлтэй холбогдуулан нийтэд нэгэнт ил болсон мэдээллийн хүрээнд хувийн үзэл бодлоо хэлье.

1. Юун түрүүнд “Дубайн гэрээ”гэх гэрээ байдаггүй, АНЭУ-ын Дубай хотод хийгдсэн “Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын ажлын санхүүжилтийн төлөвлөгөө” гэх нэртэй Монгол улсын Засгийн газар болон гадаадын хуулийн этгээдийн хооронд хийгдсэн гэрээ байдаг.

2. Тухайн үед энэ гэрээг байгуулахтай холбоотой УИХ-ын 3 тогтоол, Ерөнхий сайдын 4 захирамж гарсан байдаг. Ерөнхий сайдын 4 захирамжийн 2 захирамжаар энэ гэрээг байгуулах эрх олгосон, үлдсэн хоёр захирамжаар гэрээтэй холбогдуулан ажлын хэсэг байгуулж, түүний удирдамжийг баталсан.

3. Нэр бүхий ТББ нь Ерөнхий сайдын дээрх 4 захирамж нь тухайн үед гарахдаа Засгийн газрын тухай хууль, Захиргааны ерөнхий хууль зөрчсөн учир “захирамжуудыг илт хууль бусад тооцуулах” нэхэмжлэлийн шаардлага бүхий нэхэмжлэлийг Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасны дагуу захиргааны хэрэг үүссэн. Өнөөдөр, уг хэргийн хуралдаан дуусаж, 4 захирамжийг илт хууль бусад тооцуулсан шийдвэр гарсан юм шиг байна. Нэг юмыг тодруулж хэлэхэд, энэ хэрэг огт гэрээтэй холбоотой маргаан биш бөгөөд захиргааны байгууллагын шийдвэр гаргах ажиллагаа захиргааны хууль зөрчсөн уу, үгүй юу гэдэг л маргаан.

4. Захиргааны акт буюу нэр бүхий захирамж илт хууль бус боллоо гээд гэрээ хүчингүй болохгүй. “Илт хууль бус захиргааны акт” “Гэрээ хүчингүй болох” хоёр ялгаатай, тэс өөр ойлголт.

5. “Гэрээ хүчингүй болох”-ыг Захиргааны хэргийн шүүх шийддэггүй, хуулийн хувьд гэрээг хүчингүй болгоно ч гэх ойлголт байдаггүй, Гэрээг “Хүчин төгөлдөр бус” гэж эсхүл “Хүчин төгөлдөр бусад тооцуулах” тухай ойлголт байдаг. Гэрээг ямар тохиолдолд дуусгавар болох, цуцлах, татгалзах эсхүл хүчин төгөлдөр бус гэж үзэхийг тухайн гэрээний өөрт эсхүл тухайн гэрээтэй холбоотой гарсан маргаанд талуудын хэрэглэхээр тохиролцсон хуулийн дагуу тайлбарладаг. Дубайн гэрээ гээд байгааг тус гэрээнд заасны дагуу ямар тохиолдолд хүчин төгөлдөр бус гэж үзэх үү?, түүнтэй холбоотой маргааныг аль улсын шүүх, арбитрээр аль улсын хуулийг хэрэглэж шийдэх эсэхээс хамаарч гэрээний хүчин төгөлдөр бус, эсхүл дуусгавар болох зэрэг асуудал яригдана.

6. “Илт хууль бус захиргааны акт” гэдэг бол Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу хэд хэдэн тохиолдол хангагдсан тохиолдолд илт хууль бус болж, анхнаасаа эрх зүйн үйлчлэлгүй болох тухай ойлголт. Тэгэхээр яриад байгаа Ерөнхий сайдын 4 захирамж илт хууль бус болсон нь тогтоогдсон бол анхнаасаа эрх зүйн үйлчлэлгүй болно л гэсэн үг. Гэхдээ, үүнийг үндэслээд байгуулагдсан гэрээ хүчингүй болохгүй. Их энгийнээр тайлбарлавал, хууль хүчингүй боллоо гээд түүнийг үндэслээд гаргасан журам хүчингүй болдоггүй, гэрээ байгуулах эрх олгосон Гүйцэтгэх захирлын тушаал хүчингүй боллоо гээд байгуулагдсан гэрээ хүчингүй болдоггүй. Энэ нь хоёр өөр харилцаа, нэгэнт эрх нь хүчинтэй үед хийгдсэн харилцаа хожим тэр эрх хүчингүй эсхүл хууль бус болсон эсэхээс үл хамааран хүчинтэй хэвээрээ л байна гэсэн үг.

7. Хамгийн сонирхолтой нь Ерөнхий сайдын нэр бүхий захирамжууд ямар үндэслэлээр “Илт хууль бус”болсон нь байна. Засгийн газрын тухай хуулиар гэрээ байгуулах асуудлаар Ерөнхий сайд захирамж гаргах уу, Засгийн газар тогтоол гаргах уу гэдэг процессын маргаантай асуудал байдаг. Шүүх бодвол Засгийн газар тогтоол гаргах ёстой гэж үзсэн байх. Тэгвэл тэр байдлаар захирамжаа өөрчлөх буюу “Илт хууль бус” гэж үзсэн үндэслэлийн дагуу Засгийн газар тогтоол, захирамжаа эргээд авч хэлэлцэх хэрэгтэй, гэрээнд харин нөлөөлөхгүй гэсэн үг.

8. Өмнө энэ хэрэгт ажиллаж байсан хүний хувьд хэлэхэд, хэрвээ шинээр томилогдсон төлөөлөгч нар сайн байсан бол ийм энгийн маргааныг Засгийн газарт ашигтай байдлаар шийдэх хуулийн хангалттай боломж байсан юм. Дээр нь Шүүх эрх ашиг нь зөрчигдөж болзошгүй этгээдүүдийг хэрэгт гуравдагч этгээдээр оролцуулалгүй, зөвхөн Ерөнхий сайдын төлөөлөгчийг оролцуулж хэргийг шийдсэн нь процессын том алдаа байсан.

Заа баахан нуршлаа, нэг хүн ч гэсэн үнэн зөв мэдээлэл аваасай гэсэндээ л бичсэн юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН