ЭМЯ, ЦХХХЯ-аас эрүүл мэндийн салбарын хууль эрх зүйн шинэчлэл болон мэдээллийн технологийн дэвшлийг ашиглан эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах, иргэдэд учрах чирэгдлийг бууруулах талаар төрөөс баримталж буй бодлого чиглэлийг эрүүл мэндийн салбарын ажилтан, албан хаагчдад танилцуулах “Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд” сэдэвт сургалтыг өнөөдөр /2024.05.09/ Ховд аймгийн эрүүл мэндийн салбарынхан дунд зохион байгууллаа.
Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболдоор ахлуулсан ажлын хэсэг Говь-Алтай, Ховд, Увс аймагуудад ажиллаж, эрүүл мэндийн салбарын цахим үйлчилгээний нэгдсэн системийг танилцуулж, санал солилцож, мэдээлэл өгч ажиллаж байгаа.
Энэ үеэр Эрүүл мэндин дэд сайд С.Энхболд эрт илрүүлэг үзлэгийн үр дүнгийн талаар тодрууллаа.
Тэрбээр ” Монгол Улсын Засгийн газраас эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлсэн томоохон ажлуудын нэг бол улсын хэмжээнд иргэдийн дунд зохион байгуулсан урьдчилэн сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг.
Энэ ажлыг 2022 оны тавдугаар сарын 01-ний өдөр улсын хэмжээнд эхлүүлсэн бөгөөд өнөөдөр яг 2 жилийн хугацаа болж байна. Энэ хугацаанд нийт хүн амын 41 хувь буюу 1 сая 380 мянган иргэн хамрагдсан.
Үзлэгт нийслэлээс гадна орон нутгийн иргэд идэвхтэй хамрагдсан. Тэр дундаа Ховд аймгийн ЗДТГ болон Эрүүл мэндийн газраас идэвхтэй оролцсоны үр дүнд улсдаа 51 хувийн хамрагдалтаар тэргүүлж байгаа.
Эрт илрүүлэг үзлэг хийснээр,
1-рт: Монгол Улсын хэмжээнд өвчлөлийн хамгийн том “дата бааз” буюу өгөгдлийн сантай болж, үүн дээр тулгуурлан дүн шинжилгээ хийх, нэн шаардлагатай арга хэмжээг авах, оновчтой шийдвэр гарах боломж бүрдсэн. Энэ хүрээнд эхний ажлуудууд хийгдэж эхэлсэн. Жишээ нь, 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс “Эрүүл шүд” хөтөлбөрийг хэрэгжүүлээд эхэлсэн.
2-рт: Өмнө нь ингэж системтэйгээр урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж байгаагүй учраас нэн яаралтай 20 аймаг, нийслэлийн 5 дүүргийн Эрүүл мэндийн төвүүдэд “Эрүүл мэндийг дэмжих төв”-ийг байгуулсан. Өөрөөр хэлбэл цаашид ч тогтмол иргэд үзлэг, оношилгоонд орох орчин нөхцөл, боломжийг бий болгосон юм.
3-рт: Иргэдээ эрт илрүүлэгт хамруулах тоног, төхөөрөмжийг бүрэн шинэчилсэн. Тухайлбал, нас, хүйс хамаарахгүй шаардлагатай үзлэг, оношилгооны жагсаалтуудыг гарган, түүнд хэрэгцээтэй тоног төхөөрөмжүүдээр дүүргийн болоод орон нутгийн эмнэлгүүдийг хангах ажил шат дараатай хийгдсэн.
Өөрөөр хэлбэл, бид иргэнээс биш эрүүл мэндийн даатгалаараа урьдчилан сэргийлэх үзлэг хамрагддаг тогтмол жишгийг бий болголоо.
Эрт илрүүлэг үзлэгт хамрагдсан иргэдийн дийлэнх хувьд нь хоол боловсруулах замын өвчлөл их байна. Харин Ховд аймгийн эрт ирүүлэг үзлэгт хамрагдсан иргэдийн дунд зүрх судасны өвчлөл их өндөр хувьтай байна. Энэ бол баруун бүсийн онцлог байна. Учир нь уулархаг өндөр газар учраас зүрх судасны өвчлөлөөс гадна бамбайн зангилаа, элэг болон ходоодны хавдрын өвчлөл өндөр хувьтай байна.” гэдгийг онцлов.