Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2025.11.12/ хуралдаан 14 цаг 28 минутад гишүүдийн ирц 51.9 хувьд хүрснээр эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэв.
Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Х.Ганхуягийн танилцуулсан хэлэлцэх асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй.
Хуралдаан Засгийн газраас 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслийн дөрөв дэх хэлэлцүүлгээр үргэлжилсэн.
Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны гурав дахь хэлэлцүүлгээс олонхын дэмжлэг авсан саналыг төсвийн төсөлд нэмж тусгасан эцсийн хувилбартай холбогдуулан асуулт асуух гишүүн байсангүй. Иймд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.-т заасны дагуу хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний төсөвт өртөг, санхүүжих дүнг өөрчлөхгүй, агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр арга хэмжээний нэр, хүчин чадал, байршилтай холбоотой хоёр саналаар санал хураалт явууллаа.
Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.
Дараа нь Засгийн газраас 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Энэ талаарх ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Үүрийнтуяа танилцуулав. Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон “Засгийн газрын үнэт цаас гаргах эрх олгох тухай”, “Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын 2025 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн нэгдсэн чуулганаараа хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн. Байнгын хорооны 2025 оны 22, 23 дугаар тогтоолуудаар байгуулагдсан ажлын хэсэг 11 дүгээр сарын 11-ний өдөр хуралдаж, нэгдсэн хуралдаанаар гишүүдийн олонх дэмжсэн саналыг хууль, Улсын Их Хурлын тогтоолын төсөлд тусган төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн гэв.
Мөн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.3 дахь заалтад заасны дагуу нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж дэмжигдсэн “Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн 5 дахь заалтыг өөрчлөн найруулж, Тавантолгойн бүлэг ордтой холбоотойгоор байгуулсан, хэрэгжүүлсэн төрийн нууцад авсан гэрээ, хэлцлийг хууль тогтоомжийн дагуу төрийн нууцаас гаргах арга хэмжээг авч, Улсын Их Хуралд тайлагнах саналыг гаргаж буйг онцлон тэмдэглэсэн.
Хууль тогтоолын төслүүдийн эцсийн хувилбартай холбогдуулан асуулт асуух гишүүн байгаагүй тул “Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн 1 дэх заалтын 5 дахь дэд заалтын “хэлцэл, тэдгээрийг байгуулахад зөвшөөрсөн, дэмжсэн төрийн нууцад авсан холбогдох бүх шийдвэрийг” гэснийг “хэлцлийг” гэж өөрчлөх ажлын хэсгийн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 84.2 хувь нь дэмжлээ. Энэ талаарх Байнгын хорооны танилцуулгыг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.
Хуралдааны төгсгөлд “Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.
Тогтоолын төслийн талаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа танилцуулав.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-т заасны дагуу Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлд туссан зарим зохицуулалтын хэрэгжилтийг хангах үүднээс уг тогтоолын төслийг боловсруулсан гэлээ.
Тогтоолын төсөлд Монгол Улсын Засгийн газарт зөвшөөрөл, үүрэг чиглэл өгөх асуудлыг тусгасан байна. Тухайлбал, Өрийн удирдлагын тухай хуулийн 28.1дүгээр зүйлийн 28.1.1 дэх хэсгийг үндэслэн нийслэл Улаанбаатар хотод тулгамдаад буй асуудлуудын санхүүжилтийг шийдвэрлэх зорилгоор нийслэлийн дотоод үнэт цаас гаргах асуудлыг холбогдох хууль, бодлогын баримт бичигт нийцүүлэн шийдвэрлэх, боловсрол, эрүүл мэнд, шинжлэх ухааны салбарын хүний нөөцийн тогтвортой байдлыг хангах, ажилтнуудын ур чадвар, хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх, иргэдэд үзүүлэх боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулиар багш, эмч, эрүүл мэндийн ажилтан, эрдэм шинжилгээний байгууллагын албан хаагчдыг үндсэн цалинг нэмэгдүүлсэнтэй холбогдуулан төсвийн ерөнхийлөн захирагч нарын харьяа төсвийн байгууллагын үндсэн цалинг хуульд заасан хэмжээгээр нэмэгдүүлэх чиглэлийг төсөлд тусгажээ.
Мөн төрийн албаны тогтолцоог шинэчлэн сайжруулж хүний нөөцийн бодит үнэлэмж, бүтээмжийг нэмэгдүүлэх, салбар хооронд үүссэн цалин, хөлсний тэгш бус байдлыг арилгах үүднээс төрийн албаны ангилал, зэрэглэлийг шинэчлэн, түүнтэй уялдуулан төрийн албан хаагчийн цалин, хөлс, нэмэгдлийн асуудлыг оновчтой тогтоох эрх зүйн орчныг сайжруулах, төсвийн хөрөнгө оруулалтын үр өгөөжийг нэмэгдүүлэх хөрөнгийг үр ашигтай ашиглах, төслүүдийн хэрэгжилтийн сахилга, хяналтыг сайжруулах үүднээс төсвийн хөрөнгө оруулалтаар эхэлсэн боловч дуусаагүй зогссон барилга байгууламж төслүүдэд дүн шинжилгээ хийх холбогдох арга хэмжээг авахыг чиглэл болгохоор тусгажээ. Түүнчлэн хүүхдийн эрүүл мэнд, өсөлт хөгжлийг дэмжих, боловсролын орчныг сайжруулж, сургалтын чанар, тэгш хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор ерөнхий боловсролын 6-12 дугаар ангийн нийт сурагчдад “Үдийн хоол” хөтөлбөр хэрэгжүүлэхэд шаардагдах зардлын санхүүжилтийн эх үүсвэрийг судлан, холбогдох эрх зүйн орчныг сайжруулж 2027 оны төсвийн төсөлд тусгах арга хэмжээ авах саналыг төсөлд тусгасан байлаа.
Ингээд төсөлтэй холбогдуулан асуулт асууж, санал гаргах гишүүн байгаагүй тул Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа төслийн анхны хэлэлцүүлгийг эцсийн хэлэлцүүлэгтэй нэгтгэх горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив





