Төсвийн байнгын хорооны өнөөдөр /2025.11.20/-ийн хуралдаанаар “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж санал дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүллээ.
Байнгын хорооны гишүүд эдийн засаг, дэд бүтэц, боловсруулах үйлдвэрийн хөгжилтэй холбоотой асуулт асууж санал хэлэв.
“Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийн төсөл нь “Хүний хөгжил”, “Нийгмийн хөгжил ба үндэсний нэгдмэл үнэт зүйл”, “Эдийн засаг ба дэд бүтцийн хөгжил”, “Байгаль орчин, ногоон эдийн засаг”, “Засаглал, дижитал шилжилт”, “Бүсийн хөгжил”, “Үндэсний өрсөлдөх чадвар”, “Шинжлэх ухаан, технологи, хиймэл оюун” гэсэн бодлогын 8 чиглэлээс бүрдэх бөгөөд үндэсний хэмжээнд зорих 10, салбарын хэмжээнд төсвийн ерөнхийлөн захирагчийн хэмжээнд зорих 85, хөтөлбөрийн хэмжээнд зорих нийт 200 үр дүнг тодорхойлсон байна.





