БНХАУ-ын ӨМӨЗО-ны Улаанхад хотын Онниуд хошуу нь Шар мөрөн болон Нигун голын уулзварт, Хорчины элсний баруун талд байрладаг, 400 мянган хүн амтай, 12000км2 газар нутагтай, нийт газар нутгийн 40 хувийг нь элсэрхэг газар эзэлдэг нутаг аж.
Энэ бүс нутгийг цөлжихөөс сэргийлэх зорилгоор 1978 оноос элсний нүүдлийг сааруулах үйл ажиллагааг эхлүүлсэн бөгөөд үүний үр дүнд элсэрхэг газар нутгагт мод бутлаг ургамал тарьж, элсний нүүдлийг зогсоож чаджээ.
Ингэхдээ эл үйл хэрэгт юуны өмнө нутгийн иргэд, малчид тариачдыг татан оролцуулж, нутаг газрынхаа элсний нүүдлийг зогсооход гар бие оролцвол Засгийн газраас урамшуулал, олговор өгөх байдлаар дэмжиж ирсэн байна.

Элсний нүүдлийг сааруулахдаа дөрвөн талдаа 2 метрээс хэтрэхгүй шоо дөрвөлжин байдлаар хулс мэт босоо ургамлыг элсэнд шигүү хатгаж эгнүүлэхийн зэрэгцээ элсэн толгод дундуур авто замыг олноор барьж, иргэд мод бутаа унаа машинаар элсэн дунд зөөж хүргэх боломжийг хангах, хөрс шороо голдоггүй, усалгаа бага шаарддаг бургас, харгана, арц, нэгэн зүйлийн гацуур зэрэг модыг тарьдаг бөгөөд эдгээр модыг тариад гурван жилдээ хүний гар оролцоотойгоор бага зэрэг арчлан ургуулж чадвал цаашдаа өөрөө бие даан ургах боломж бүрддэг гэнэ.
Өмнө нь “амьгүй” шахам элсэн цөлд ойжуулах ажлыг үр дүнтэй явуулснаар эл хэсэг дэх экологийн тэнцвэрт байдал сэргэж, элдэв төрлийн шавьж, мэрэгч, шувууд, туурайтан зэрэг амьтдын амьдрах таатай орчин бүрдсэн байна.
Мөн элсэрхэг нутгийн хэсэг газрыг сонгож, цөлжилтөөс хамгаалах, мод бут тарих арга хэрэглэлгүй байгалийн өөрийн нь дагшин байдлаар үлдээж, түүнийг эрдэм шинжилгээ судалгааны болон экологийн зориулалтаар судалдаг байна.

Монгол, Хятадын сурвалжлах багийн сэтгүүлчид эл элсний нүүдлийг зогсоосон арга туршлагаас суралцан, мэдээ сурвалжлага бэлтгээд цааш хөдлөн Хашлуут нуурын элсэн манхан дундах аялал жуулчлалын төвд очив.
Одоогоос 6500 гаруй жилийн өмнө хамаарах буюу дундад улсын хамгийн анхны луугийн цагирган дүрс бүхий Хаш лууг эндээс 1971 онд олсон гэнэ. Хашлуут нуур нь олон жилийн өмнө томоохон нуур байсан ч өдгөө байгаль экологийн нөхцөлөөс хамаарч багассан аж.
Чингэлэгэн зочид буудлаараа алдартай тус жуулчлалын төв жилийн дөрвөн улиралд ажилладаг ч 7, 8 сард ирэх жуулчны тоо эрс нэмэгддэг байна.