Монгол, Хятадын сэтгүүлчдийн сурвалжлах баг Улаанхад хотод байрладаг Хятад Монголын уламжлалт анагаах ухааны эмийн үйлдвэртэй танилцаж, мэдээ сурвалжлага бэлтгэлээ.
Тус үйлдвэрийн хувьд Хятадын уламжлалт анагаахын эмийн үйлдвэр талаасаа 84-т, Монгол уламжлалт эмийн үйлдвэр талаас 1-рт эрэмблэгддэг, Улаанхад болон Тунляо хотод 6 салбартай, үйлдвэрийн төв захиргаа нь эндээ байрладаг аж. Тус үйлдвэрт Юань улсын ордны Монгол эмч анх удаа зохистой хоол хүнсээр дамжуулан хүнийг эмчлэх тухай бүтээл бичиж туурвисан Хүсэхүй оточ, Эмийн ургамлыг ялгаж таних, элдэв өвчинд хэрхэн таарах, хаана ургадаг тухай ном бичиж үлдээсэн Монгол оточ Жамбалдорж нарын хөрөг баримлыг залжээ.

Эмийн групп үйлдвэрийн захирал Хан Фүн Юүй “Монголын уламжлалт тан зүрх судас, дотор талын өвчлөлд илүү сайн гэдгийг онцлоод тус үйлдвэрт үйлдвэрлэсэн 1000 жилийн түүхтэй уушгиний элдэв өвчнийг эдгээх танг” танилцууллаа. Уламжлалт эмийн үйлдвэр жилд 100 гаруй шинэ эмийн патент авах хүсэлтийг Хятад улсын холбогдох газарт хандан гаргаж, 40 гаруй хувьд нь зөвшөөрөл авдаг байна. Мөн тус үйлдвэр уламжлалт эм үйлдвэрлэдэг 500 гаруй газрыг эмийн ургамал, түүхий эдээр хангахын зэрэгцээ өөрсдөө 251 нэр төрлийн 3.5 тонн уламжлалт эм үйлдвэрлэдэг байна. Энэ үйлдвэрт үйлдвэрлэдэг эмнээс онцгойлон Хятад улс даяар эмийн сангууд, эмнэлгүүдээр түгээмэл хэрэглэгддэг цус харвалт өвчний дараах саажилтыг бууруулж, тархины цусан хангамжийг сайжруулдаг Жачүн-13 эмийг танилцуулсан юм.

Мөн үхэр адууны чөмгийг боловсруулж хүний биеийн тамир тэнхээг сэргээх амин дэм, гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг гэдгийг хэлж Монгол Улсаас бод малын чөмөгний яс авах хүсэлтэй байдаг ч одоогоор энэ чиглэлээр манай улстай холбогдож чадаагүй байгаа гэнэ. Түүнчлэн эмийн үйлдвэрүүдтэй хамтран ажиллах хүсэлтэйгээ илэрхийллээ.

Эмийн үйлдвэрийн хувьд бүрэн автоматчлагдсан, Хятад улсын 100 эмнэлэг, 25000 эмийн сангуудад бүтээгдэхүүнээ нийлүүлдэг дэргэдээ уламжлалт эм судлаач, хоол зүйч, технологич нараас бүрдсэн томоохон лаборатори ажиллуулдаг байна.
