Нүүр хуудасМэдээТомилолт: ӨМӨЗО-ы Бааран баруун хошууны Монгол урлаачид үндэсний өв соёлоо дундад улс...

Томилолт: ӨМӨЗО-ы Бааран баруун хошууны Монгол урлаачид үндэсний өв соёлоо дундад улс даяар түгээн дэлгэрүүлж байна

Монгол Хятадын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжлагын баг өнөө өглөө Улаан хад хотын Баарин баруун хошууны Монгол үндэсний гар урлалын үйлдвэрлэлийн төвөөр зочиллоо.

Тус гар урлалын төв нь 4200 м2 газрыг эзэлдэг бөгөөд хошууны захиргаанаас гар урлал, уран хатгамал, үндэсний дээл, тэрлэг хувцас, гутал бүс оёж үйлдвэрлэгчид чулууны болон алт, мөнгөний уран дархчуудыг үйл ажиллагаа явуулахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор түрээсийн төлбөрөөс нь бүрэн чөлөөлдөг байна.

Энэ төвд нийт 86 өрхийн 270 гаруй гар урчууд Монгол үндэсний уламжлалт гар урлалыг хөгжүүлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэл явуулж, худалдаа үйлчилгээ эрхэлдэг байна.

ӨМӨЗО-ны хөдөө орон нутагт Монгол Үндэсний гар урлалыг өвлөн уламжлагчид олон байдаг ч Баарин баруун хошууны үндэсний соёл уламжлалыг өвлөн уламжлагч 22 өв тээгч энэ төвд урлалаа бүтээж, гар урлал, дээл хувцас оёж сонирхсон хүмүүст сургалт явуулдаг аж.

Төр засгийн байгууллагын зүгээс Монгол үндэсний гар урлалыг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэхэд ихээхэн анхаарч, олон талын дэмжлэг үзүүлж ирсэн нь эдгээр гар урчуудад ихээхэн дэм тус болдог гэдгийг онцлон хэлж байв.

Тус төвд Дундад улсын хэмжээний уралдаанд хоёрдугаар байрын шагнал хүртсэн өвлөн уламжлагч Эрдэнэтанаа, уран хатгамлын тэргүүн шагналт Цэнгэлбүрэн, үйл урлаач Туяа нарын шилдэг урлаачид ажиллаж, бүтээгдэхүүнээ хийж борлуулж байгаа аж.

Эдгээр урлаачидтай ярилцахад “Бидний гол зорилго ашиг олохыг эн тэргүүнд тавих биш үндэсний уламжлалт хувцасны соёлыг олон нийтэд танилцуулах, түгээн дэлгэрүүлэх, орчин үеийн хөгжлийн чиг хандлагатай нийцүүлэн оёж бүтээх, залуу үеийнхэнд зааж сурган, ажил мэргэжлийн чадвар суулган өвлүүлэх нь чухал” гэж хэлж байлаа.

Нийтэлсэн: К.Золзаяа

Нийтлэлийг дэмжих

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН