Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны харьяа “Туул голын сав газрын захиргаа” нь Туул голын сав газарт хамаарах хэсэгт байгаль орчны тэнцвэрт байдлыг хадгалах, байгалийн нөөц баялгийг зөв зохистой ашиглах, хамгаалах, орчны бохирдол, доройтлыг бууруулах чиглэлээр ажилладаг.
Өнөөдрийн байдлаар Туул голын бохирдол 90 орчим хувьд хүрч, нийслэлчүүдийн ундны хэрэгцээ тасалдах эрсдэл үүссэн. Бохирдлын гол шалтгаан нь нийслэлд үйл ажиллагаа явуулж буй арьс шир, ноос ноолуур, мах, хүнсний үйлдвэрүүд бүгд ахуйн хэрэглээний хаягдал усаа Туул гол руу цутгадаг. Мөн элс, хайрганы карьер, Тэрэлжид байрлах амралтын газрууд нүхэн жорлонгийн бохироо Туул гол руу цутгах болжээ.
Гэтэл нөгөө талдаа нийслэлийн нийт хүн амыг ундны усаар хангаад зогсохгүй бүх л үйлдвэр үйлчилгээний газрууд зөвхөн Туул голоос усаа хангаж байгаа юм. Тиймээс “Туул голын сав газрын хамгаалалтын захиргаа”, “Манд.мн” видео сайт нийгмийн хариуцлагын хүрээнд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Хамтын ажиллагааны хүрээнд иргэд олон нийтийг мэдээ мэдээллээр хангах, усыг зөв зохистой хэрэглэх, хамгаалах, ус бохирдуулж буй нөхцөл шалтгаан зэргийг тухай бүрд нь мэдээлж ажиллах юм.
“Туул голын сав газрын захиргаа” болон “Манд.мн” видео сайт хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
