БГД-ийн 21-р хороонд “Төгс хотхон” гэх 9 давхар байр ашиглалтанд ороод багагүй хугацаа өнгөрчээ. Хажууд нь 16 давхар 5, 6-р ээлжийн орон сууцнууд баригдаж байгаа юм байна. “Төгс хотхон”-ы орон суугчдын дагуу зарим мэдээллийг хүргэе.

Энэ байрны нэг өрх жил орчмын өмнө тус байранд захиалгаа өгөн орсон байна. Гэсэн хэдий ч одоог хүртэл байр нь өөрийн гэсэн тоотгүй, гэрчилгээгүй, түр оршин суугч гэсэн хаягтайгаар амьдарч байна. Оршин суугчдад тулгарч байгаа гол асуудал нь цахилгаан болон дулаан. Өвөлдөө маш хүйтэн бөгөөд нэмэлт халаагуур (тень) асаахгүйгээр байх боломжгүй нэг өвлийг авсан байна. Харин цахилгааны төлбөр нь сардаа энгийн 40мкв байрны үнэлгээнээс хамаагүй өндөр, нэг ААН-ийн төлдөг дүнгээр гардаг байна. Энэ асуудлыг шийдвэрлэх хүнгүй өнөөдрийг хүрчээ.

Эрчим хүчний зохицуулах хороонд хандахад байрны гэрчилгээ байхгүй тул арга хэмжээ авдаггүй гэнэ. Тус байрны цахим группд иргэд асуудлаа бичвэл устгадаг, харин байрны сурталчилгааг нийтэлдэг гээд асуудал мундахгүй гэнэ. Хүмүүс цахим сурталчилгааг нь харвал баригдаад дуусаж буй мэт боловч хажуу ар талыг нь харахад ямар ч дотоод засал чимэглэлгүй барилга болжээ. Тус 9 давхар байрны бараг бүх оршин суугчид иймэрхүү байдалтай амьдардаг гэх юм. Оршин суугчид нь тус барилгын компани, СӨХ-өөс хариуцлага нэхсэн ч байраа суллаад гарч болно гэж хэлдэг ч байрнаас гарахдаа тулахад төлсөн мөнгийг нь буцааж өгдөггүй гэнэ. Тэгвэл “Төгс хурц” компанийн захирал В.Есөнтөмөр нь захирлын ажлаа шилжүүлээд өөрөө оршин суугчдаас зугтсан байдалтай байгаа юм байна.

В.Есөнтөмөрийн хамаарал бүхий “Төгс хурц системс”, “Төгс ЕЗ хурц трэйвэл”, “Төгс хурц констракшн”, “Биг электроникс” гэх мэт байгууллагууд байдаг. Улсын бүртгэлд “Төгс хурц констракшн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар 2025 оны нэгдүгээр сарын есөнд Б.Алтанцэцэг гэх хүн бүртгэгдсэн байна. Харин “Төгс хурц системс” гэх барилгын засвар үйлчилгээ хийх зөвшөөрөлтэй компанийнх нь гүйцэтгэх захирлаар 2024 оны есдүгээр сарын таванд Н.Ганчимэг гэж бүртгэгджээ.

Харин өнөөдөр энэ компанид итгээд орон сууц захиалсан иргэдийн асуудлыг хэн хаана ямар байгууллага шийдэх вэ.