Нүүр хуудасНийтлэлТөрийн албан хаагч ХҮН БИШ юм байна

Төрийн албан хаагч ХҮН БИШ юм байна

Амьдралын урт замд төрийн албанд ажиллах хувь тохиож нэг жилийн нүүрийг үзэж байна. Төрийн албанд анх удаа ажиллаж байгаа хүний хувьд сонин хачин, заримдаа бүр гажууд гэмээр олон зүйлтэй бүр “тэнэг” шийдвэртэй нүүр тулж тэр бүхэнд чимээгүй өнгөрсөн.

Учир нь төрийн албан хаагч хүн өөрийн үзэл бодлоо илэрхийлж, үг дуугарах эрх байхгүй, гарсан шийдвэр, өгсөн үүрэг даалгаврыг үг дуугүй л биелүүлэх үүрэгтэй юм гэнэ.

Энэ бүхэн их ч удаан дотроос маажаад байсан учраас тэсэхгүй бичиж байна.  

Энэ бол нэгдүгээрт төрийн албан хаагчдын үнэлэмж хийгээд тэдний дарамт, үүрч буй ачаа, цаашлаад авч байгаа цалин, урамшуулалтай холбоотой.

Төрийн ажлыг явуулах хөдөлгүүр нь зүрх нь, амин судас нь, эрчим хүч нь юу байдаг юм тэр бүхэн нь жирийн ажлаа хийж байгаа мянга мянган төрийн албан хаагчдын хичээл зүтгэл, хөдөлмөр, ажлын үр шимээр энэ улсын төрийн алба оршин тогтнож байна. Тэнд цохилж буй зүрх бүхний ард төрийн албан хаагч нэртэй ямар ч нэр хүндгүй, ямарч үнэлэмжгүй хэрнээ өдөр бүр ажлаа хичээнгүйлэн хийж байгаа жирийн л нэг айлын ээж, аав, охин хүү байх юм.

Төрийн албан хаагчдын ажлын нэр хүнд хэзээнээс ингэж шавартай хутгалдсан, шалаар нэг болсныг мэдэхгүй. Гэхдээ одоо цаг үе өөр болсон хичээл зүтгэлтэй, түргэн шуурхай иргэдэд чирэгдэлгүй үйлчилгээг үзүүлэх гэсэн шижигнэсэн залуучуудаар эгнээгээ тэлсэн ч өнөөх л муу нэртэй “хэвээр”. 

Цалингаа нэмүүлье гэж ганц үг ганхийхгүй, нийгмийн баталгаа нэхэхгүй, олж байгаа мөнгө нь амьдралд нь хүрээд байгаа юм шиг л яваад байгаа учраас төрийн албан хаагчид болж бүтээд байна гэж хардаг юм шиг байна. Тэгээд л бүр орхиж хаяад гээгдүүлээд сурчихжээ.

Өнгөрсөн намар багш нар, дараа нь эмч нар ээлжилж ажил хаялт зарлаж тэмцэж байгаад цалингаа нэмүүлэх шиг боллоо. Тэдний буруу биш. Зөв. Гэхдээ тэдний цалинг нэмэх гээд төрийн албан хаагчдын идэх хоолноос  авах цалингаас, урамшууллаас хулгайлж болохгүй. Ингэхээр багш, эмч нар л хүн, төрийн албан хаагчид хүн биш юмуу… Тэд бас гэр бүлээ тэжээх гээд, өр зээлээ төлөх гээд зүтгэж байгаа нэг гэр бүлийн төлөөлөл. Нэгнийх нь хоолыг хулгайлаад нөгөөд нь тавьж өгөх гэсэн ядарсан аргатай төрийн бодлого ингэж л жирийн төрийн албан хаагчдын өмнө унаж байна.

Тэд жилийн эцсийн ажлын үр дүнгийн урамшуулал, байгууллагаас олгодог нэг удаагийн  урамшуулал, илүү цагийн нэмэгдэл, томилолт, ажлын хэрэглээ, шинэ жил гээд жилдээ нэг удаа гялайж гялтайдаг бүхнээ хасуулчихсан. За тэр шинэ жил энэ тэр ч бүр дүүрч баярлаж хөөрөхөө болчхож болно.

Тэглээ гээд дуугарах, хэлэх эрх байхгүй. Яагаад гэвэл тэд төрийн албан хаагч. Дургүй хүсэхгүй бол гараад явж болно. Төрийн алба хэзээ ч хүнээр дутахгүй гэсэн далайлттай. Тэд бас ажил хийж амьдралаа залгуулчихмаар байгаа учраас хэлээ тас хазаад сууж байна.

Өнөөдөр тэд баярлах эрхгүй, ажлаа дүгнүүлчхээд авдаг урамшууллаа авах эрхгүй, урам зориггүй, дундуурхан, гундуухан л явна.

Тэгсэн атал иргэд нь бухимдлаа гаргана, төр нь төмөр нүүрээ үзүүлнэ. Ачааны хүндийг амьдралын хатууг чимээгүйхэн л туучиж явна.

Төрийн албан хаагч гэдэг хүн биш юм байна. Тэд ажил л хийх үүрэгтэй болохоос авдаг хэдийгээ нэмүүлэх, нэмүүлэхээ байг гэхэд хасуулахгүй байх эрхгүй юм байх.

Бас болоогүй дээрээс нь хэзээ цомхотголд орох вэ гэсэн дарамттай.

Цалингийн санхүүжилт багасаж төрийн албан хаагчдын бүтэц орон тоог цөөлөх үүрэг даалгавар ирсэн.  Тиймээс сумаас 3 орон тоо цөөлөх чиглэлийг өгөөд байгаа. Төр өнөөх данхар бүтцээ багасгана гэсэн худал шоугаараа бас л жирийн төрийн албан хаагчдаар гар арчаад өнгөрч байгаа нь энэ.

Үнэндээ өөрсдөө болохоор дэд сайдын суудал нэмж эрх ямба эдлэх орон тоогоо нэмэгдүүлэх гэж жирийн хөдөөгийн алслагдсан суманд ажлаа хийгээд явж байсан Дондог, Дулмаагаар гал тахиж байгаа дүр төрх л харагдаж байна даа.

Ийм л дүр төрхтэй өнөөгийн төрийн алба тогтнож байна. Сайд дарга нарын ажил хийсэн болж харагдах гэсэн хоосон цэцэрхэл хийрхэл хөрсөн дээрээ буухаараа ийм л байдаг бололтой юм.  Төрийн албан хаагчдынхаа цалинг өгч чадахгүй байж  түмэн сайд нэмээд ажил нь урагшилна гэж үү. Олон хүн байх тусмаа л ажил сунжирч удааширч, нэгэндээ найдаж, хэрэглээ нь нэмэгдэж, зардал нь өсөж л байгаа. Үүнийг тооцдоггүй гэж үү.

Төрийн албан хаагч ч гэсэн хүн шүү. Тэд багш нар шиг, эмч нар шиг цалингаа нэмүүлэх, ажлаа үнэлүүлэх, цалин урамшууллаа авах, түүнээсээ сэтгэл ханамж авч ажлаа улам сайжруулж, урам зоригтой ажиллах эрхтэй “хүн” юм шүү гэж л төрийн зүг “хашхирмаар” байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН