Нүүр хуудасМэдээТөрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-г 2 сая хэрэглэгч ашиглаж байна

Төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-г 2 сая хэрэглэгч ашиглаж байна

Монгол Улсын Засгийн газраас 2019 онд санаачлан хэрэгжүүлж эхэлсэн уг системийг 2020 оны 10 дугаар сарын 1-ний өдөр албан ёсоор нээж, эхний үедээ 23 байгууллагын 181 төрлийн үйлчилгээг нэгтгэн олон нийтэд танилцуулж байсан. Өнөөдөр “E-Mongolia” нь Монголын хамгийн олон хэрэглэгчтэй гар утасны аппликейшн болон, хамгийн олон төрийн үйлчилгээг нэгтгэсэн, үндэсний хэмжээний өргөн хүрээтэй цахим үйлчилгээний нэгдсэн платформ болон амжилттай хөгжиж байна.

Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем болох “E-Mongolia” нь өнөөдрийн байдлаар (2025.04.24) нийт 2 сая хэрэглэгчтэй болж, Монгол Улсын насанд хүрсэн иргэдийн 88 орчим хувийг хамарч байна. Тус систем нь 88 байгууллагын 1,264 төрлийн үйлчилгээг цахимаар хүргэж байгаа бөгөөд иргэд төрийн үйлчилгээг шуурхай, хүртээмжтэй авах нөхцөлийг бүрдүүлжээ. E-Mongolia системээр нийт 79 сая удаагийн үйлчилгээг цахимаар амжилттай хүргэж, цахим засаглалын хөгжил бодит үр дүнгээ өгч, төрийн үйлчилгээ иргэдийн өдөр тутмын амьдралд бүрэн нэвтэрснийг илтгэж байна. Цахим шилжилтийн үр дүнд 2025 оны байдлаар нийт 1.4 их наяд төгрөгийн зардал хэмнэсэн нь цахим засаглал эдийн засагт үзүүлж буй үр өгөөжийн бодит илрэл болсон.

Мөн НҮБ-аас 2 жил тутамд нэг удаа гаргадаг цахим засаглалын индексээр 193 орноос 46 дугаар байрт, Ази тивд 13 дугаар байрт эрэмбэлэгдсэн нь төрийн үйлчилгээг цахим хэлбэрт амжилттай шилжүүлж, олон улсын түвшинд үнэлэгдсэн томоохон амжилт юм.

Дэлхий нийтийн хэмжээнд хиймэл оюун ухаан, их өгөгдөл, дижитал иргэншил, дата удирдлагын дэвшилтэт системүүд хурдацтай хөгжиж буй энэ үед Монгол Улс ч цахим засаглалын шинэ шатанд амжилттай шилжин, олон улсын чиг хандлагад нийцсэн ухаалаг технологийн шийдлүүдийг төрийн үйлчилгээнд амжилттай нэвтрүүлж байна.

Энэхүү шилжилтийн тод жишээ бол төрийн үйлчилгээний нэгдсэн цахим систем болох E-Mongolia юм. Тус систем нь хэрэглэгчдийн зан төлөв, хэрэглээний дадал зуршил, статистик мэдээлэлд үндэслэн их өгөгдлийн (Big Data) технологийг ашиглаж, төрийн үйлчилгээг илүү оновчтой, хэрэглэгч төвтэй, хэрэгцээнд нь нийцсэн байдлаар хүргэхэд чиглэж байна.

Мөн цаашид хиймэл оюун ухаанд суурилсан зөвлөмжийн систем, автомат хариулагч, дата анализын дэвшилтэт шийдлүүдийг үе шаттайгаар хөгжүүлэн нэвтрүүлэх ажлыг хэрэгжүүлж байгаа нь цахим засаглалыг улам боловсронгуй болгох чиглэлд чухал алхам болж байна.

E-Mongolia систем нь төрийн үйлчилгээний шинэ эрин үеийг эхлүүлсэн, хүн төвтэй цахим шийдэл болохын хувьд иргэн бүрд хүртээмжтэй, ил тод, шуурхай төрийн үйлчилгээг өдөр тутмын амьдралын хэв маягт нэвтрүүлж чадсан нь хамгийн том амжилт юм.

“Төрийн цахим үйлчилгээний хэрэглэгчдийн тоо 2 саяд хүрэхэд үнэтэй хувь нэмэр оруулж, дэмжлэг үзүүлсэн иргэн, хуулийн этгээд болон хамтран ажиллагч байгууллагууд та бүхэндээ талархал илэрхийлье.”

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН