Нүүр хуудасНийтлэлСангийн сайдын төсвийг шинжье...

Сангийн сайдын төсвийг шинжье…

Жил бүрийн өдийд улсын төсөв тойрсон асуудлаар сайн муу яриа, элдэв маргаан гардаг. Энэ уламжлал цагийн цагт л байсан гэлтэй чихэнд бас аманд дасал болсон сэдэв. Дасал болсон мэт боловч тийм ч танил биш, бас тийм ч сайн мэдэх сэдэв биш. Гэсэн хэдий ч манайхан төсвийг мэддэг юм шиг ярисаар. Ярих нь зөв, сайн хэрэг. Гэхдээ асуудлын гол нь сайн судалж, харж, уншиж, харьцуулж зөв дүгнэлт хиймээр…

Энэ жилийн төсвийг их данхгар байна, том тавилаа, зарлага их байна гэж шүүмжлээд байгаа харагдсан. Тэгвэл Сангийн сайд Б.Жавхлангийн УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барисан төсвийн төслийг тогтож нэг харъя. Том тоо ярьж, толгой эргүүлэхгүй тоймтой хэдхэн зүйл онцолмоор санагдлаа. Сонгуулийн өмнөх жилийн энэ төсөв урьд өмнө болоогүй сайн төсөв болсныг Сангийн сайд болон Эдийн засгийн хөгжлийн сайд нар онцлоод байгаа. Сангийн сайд Монгол улс 2023 онд түүхэндээ анх удаа 19.6 их наяд төгрөгийн орлого олж, 20.5 их наяд төгрөг зарцуулах төсөв боловсруулсан. Гэхдээ 2022 оны төсөв ДНБ-ий 5.1 хувь буюу 2.4 их наяд төгрөгийн алдагдалтай байсан бол 2023 оны төсвийн алдагдал ДНБ-ий 2.8 хувь буюу 1.5 их наяд төгрөгтэй тэнцүү байхаар тооцож, 833.5 тэрбум төгрөгөөр алдагдлыг бууруулж, өргөн барьжээ. Тэгвэл бидний асуудал юу билээ, Монгол улсад юу чухал билээ?

          МОНГОЛ УЛС нэг хүнд ногдох газар нутгийн хэмжээгээр ДЭЛХИЙД НЭГДҮГЭЭРТ эрэмбэлэгддэг ч газар нутгийнхаа ердөө 0.3 ХУВЬД ХҮН АМЫН 50 ХУВЬ НЬ АМЬДАРЧ БАЙНА. Үүнээс үүдэж замын түгжрэл, утаа, тоосжилт зэрэг өнөөдрийн асуудлууд хүндэрсээр байгаа. Нөгөө талд өнөөдрийн бодит байдал Монгол улс байгалийн баялгийнхаа 90 хувийг боловсруулалгүй хямд үнээр гаргаж, дотоодын хэрэглээнийхээ 90 хувийг гаднаас авч байгаа. Мал аж ахуйн орон гэх атлаа жилдээ 15 сая арьс, ширийг боловсруулж чадалгүй хаяж байна. Тиймээс л зэсээ баяжуулж, нүүрсээ угааж, алтаа цэвэршүүлж, газрын тосоо боловсруулж, дотоодын хүнсээ хангаж, түүхий эд нийлүүлэгч улсаас аж үйлдвэржсэн улс болно гэсэн бодлогыг Засгийн газар барьж байгаа. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд ирэх оны төсвийг Сангийн яам, Сайн сайд Б.Жавхлан тойргоо усалсан гишүүдэд зориулах биш улс орны эдийн засгийн тэнцвэрийг хангахад зориулж, түүхэндээ анх удаа шинэ хөрөнгө оруулалтыг хязгаарлаж, зөвхөн өмнө нь эхлүүлсэн төслүүдийг үр ашигтай дуусгах томоохон зорилтыг дэвшүүлсэн бололтой юм. Бид хотын асуудлаа ч цэгцлэх шаардлагатай учир хотын төсөв өндөр байна гэж харагдаж болох ч үүнийг ч бас бид хийх ёстой, өөрчлөх ёстой.

2023 оны төсөв хэрэгжсэнээр шинэ хөрөнгө оруулалт тусгахгүй, өмнө нь эхлүүлсэн нийт төслийн 86 хувийг бүрэн дуусгаж, ашиглалтад оруулах юм байна. Халамжаа багасгаж, орлогоо дэмжих хөрөнгө оруулалтуудаа нэмнэ гэж байгаа ч энэ нь хүүхдийн мөнгийг талд нь хүртэл танаагүй өрхийн амьжиргаанаас хамаарч нийт хүүхдийн 91 хувьд 100 мянган төгрөгийг хэвээр олгох юм байна. Энэ нь бараг л авах шаардлагатай бүх хүүхэд хамрагдана гэж харагдана. Энэ бол олны анхаарлыг хамгийн ихээр татсан хэсэг. Харин үлдсэн чухал хэдийг нь багцалж харвал:

  • “2023 оны улсын төсөв өргөн баригдсан хувилбараар батлагдвал эдийн засгийн өсөлт 5%-д хүрч, экспортын хэмжээ цар тахлын өмнөх буюу 2019 оны түвшинд хүрч, төлбөрийн урсгал тэнцлийн алдагдал буурч, валютын ханш тогтворжино. Инфляцыг жилийн эцэс гэхэд 10 хувиас ихгүй түвшинд хүргэх боломж бүрдэнэ.
  • 2023 онд “Оюу Толгойн Гүний уурхай” ашиглалтад орж, Боомтын сэргэлтийн хүрээнд экспортын шинэ төмөр замын гарцууд бүрэн хүчин чадлаараа тээвэрлэлтээ эхлүүлснээр Монгол Улсын экспортын орлого түүхэндээ анх удаа 11 тэрбум ам.долларын босгыг давна гэж тооцоолжээ.
  • Эрчим хүчний сэргэлтийн бодлогыг эрчимжүүлж, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Тавантолгой цахилгаан станц зэрэг олон жил гацсан бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлж, Амгалан Дулааны цахилгаан станц, Газрын тос боловсруулах үйлдвэр, Төв цэвэрлэх байгууламж, Улаанбаатар хотын ундны цэвэр усны үйлдвэр, хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр зэрэг томоохон төслүүд хэрэгжих юм байна.
  • Халамжийг үе шаттай хязгаарлаж, хөдөлмөрийн бүтээмжид суурилсан төрийн албаны цалингийн тогтолцоог шинээр нэвтрүүлж, төрийн жинхэнэ албан хаагчийн цалингийн 160 гаруй салангид шатлалыг 20 болгон бууруулж, олон улсын жишигт нийцүүлэх аж.
  • Улаанбаатар хотын нийтийн тээврийн парк шинэчлэл, үйлчилгээний чанарын асуудлыг цогцоор шийдвэрлэж, шинэ түвшинд хүргэх томоохон зорилтыг дэвшүүлжээ. Нийтийн тээврийн чанар, хүртээмжийг олон улсын жишигт хүргэн сайжруулж чадвал түгжрэлийн эсрэг арга хэмжээ авах дараа дараагийн суурь нөхцөл бүрдэнэ гэж үзэж хотын түгжрэлийг сааруулах, нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд шинэ автобусыг 2024 он хүртэл импортын гааль, НӨАТ-с чөлөөлөлөөр тусгажээ.
  • Төрийн хэмнэлтийн тухай хууль хэрэгжсэнээр 2022 оны сүүл гэхэд 200 тэрбум төгрөг хэмнэгдэх бол 2023 оны төсвийн хөрөнгө оруулалтын болон урсгал зардал Төрийн хэмнэлтийн тухай хууль болон Цахим шилжилтийн хүрээнд нэг их наяд төгрөгөөр хэмнэгдэнэ. Хөшөө дурсгал, угтах хаалга, дэд, орлогч, зөвлөх албан тушаалтнуудыг бууруулсан, автомашины хэрэглээг хязгаарлажээ.
  • Гарааны компаниудын орлогод ногдох албан татварыг байгуулагдсанаас хойш 5 жилийн хугацаанд бүрэн чөлөөлнө.
  • Төрийн албан хаагчийг орон нутагт ажиллах сонирхлыг нэмэгдүүлэх, хотоос орон нутагт шилжин суурьших явдлыг дэмжих зорилгоор орон нутгийн нэмэгдлийг хоёр дахин үүний 20 хүртэл хувийн нэмэгдэлд шаардагдах хөрөнгийг улсын төсвөөс, үлдэх 80 хүртэл хувийн нэмэгдлийг орон нутаг шийдвэрлэх эрхийг олгоно. Орон нутагт ипотекийн хөнгөлөлттэй нөхцөл үйлчилнэ. Уул уурхайн компаниудаас өгдөг хандив, тусламжийг орон нутгийн хөгжлийн сангийн эх үүсвэр болгоно” гэдгийг тодотгожээ.

Товчхон хэлэхэд 2023 оны улсын төсөв эдийн засгийг тогтворжуулж, макро эдийн засгийн тэнцвэрийг хангах, бүтээн байгуулалт, дэд бүтцийн ажлуудаа эхлүүлсэн, гал унтраах биш төрийн бодлогыг ерөнхийгөөс тодорхойруу, тооноос чанарлуу тодорхойлсон сайн төсөв болжээ гэдгийг Ерөнхий сайд асан С.Баяраас эхлээд цохон тэмдэглэсэн харагдана лээ. Ядаж л тойрог шүтсэн УИХ-ЫН ГИШҮҮДИЙН 3 ТЭРБУМ ГЭХ ТӨЛӨВЛӨЛТГҮЙ ЗАРДЛЫГ ХЭМНЭЖ БАЙГАА. Тиймээс УИХ-ын гишүүд ч  тойргоо бодолгүй улс орны эрх ашгийг нэгдүгээрт тавьж, бүсээ чангалсан, хэмнэсэн төсвийг дэмжихээс өөр аргагүй юм.

Харамсалтай нь нийтийн дундах нийтлэг алдаа нь ам дамжсан яриа, үгийн алдааг харахаас биш үндсэн санаа, холын зорилго, голыг нь харж чадахгүйд байх шиг. Ямар сайндаа л Батзандангийн лайвыг болохоор үзээд байдаг төсөв ярисан Сангийн сайдын яриаг болохоор цөөн хүн үзэж байна гэж манай нэг сэтгүүлч бичсэн харагдлаа. Бид бодлого биш ховонд дурладгаа больж, бодит дүгнэлт хийж сурах хэрэгтэй. Зөв зүйлийг дэмжихээр долоогч болоод, буруу зүйлийг нь хэлэхээр нь шантааж болдог. Өөрсдөө юу ч хийхгүй, бас бусдыг юу ч хийлгэхгүй байж болохгүй.

Эдийн засагч Б.Дэлгэрсайхан “Эдийн засгийн өсөлт сул, инфляц өндөр, валютын ханшийн өсөлт их, үүнээс болж иргэдийн орлого буурч, амьжиргаанд сөргөөр нөлөөлж байна. Тиймээс эдийн засгийн өсөлтийг хангах, иргэдийн амьжиргааг хамгаалах байдлаар хүнд нөхцөл байдлыг хохирол багатайгаар даван туулах хэрэгтэй” гэдгийг ч хэлээд байгаа. Тиймээс л зардлаа багасгасан, халамжаа бууруулсан, алдагдалгүй бөгөөд оновчтой төсөв баталж байж өрхүүдийн ачаа хөнгөрч, эдийн засаг тогтворжих ганц боломж байгаа. Үүнийг 2023 оны төсөвт багтаасан учир УИХ-ын 76 гишүүн хамгийн чухал 2023 оны төсөв батлах ажлаа хийх хэрэгтэй. Төсөв энэ хэвээр батлагдаж амжилттай хэрэгжинэ гэдэгт ч Засгийн газар итгэлтэй байгаа юм.

Монгол улсын эдийн засаг сайжирч, улс орон хөгжиж л байвал улсын төсвийг хэдээр ч нэмсэн яах вэ дээ. Зөв газраа, зөв хуваарилалт нь хийгдэж чадаж байвал төсвөө өшөө ч илүү том тавь л даа сайд аа. Сангийн сайд энэ жил төсөв тойрсон асуудлаар нилээн л хэл аманд өртөж байгаа харагдана. Төсвийн төсөл боловсруулахын зэрэгцээ “Төрийн банкны IPO” гаргах ажлыг санаачилж, хөөцөлдөж, амжилттай хэрэгжсэн энэ жилийн томоохон ажлынх нь нэг гэх юм билээ. Би ч юугаа мэдэх вэ, бидний амьдралд өөрчлөлт, хөгжил дэвшил, эдийн засгийн өсөлт хэрэгтэй гэдгийг л хэлэх гэсэн юм.

Нийтлэлч: Эрмүүн

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН