Нүүр хуудасМэдээТ.Даваадалай: Шалгалтын явцад “Ил Сонг” ХХК-ийн үйл ажиллагаанд зарим зөрчлийг илрүүллээ

Т.Даваадалай: Шалгалтын явцад “Ил Сонг” ХХК-ийн үйл ажиллагаанд зарим зөрчлийг илрүүллээ

Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, Баянголын амны 10 га талбайд, хотын төвөөс 15 км зайд 2007 айлын орон сууцны хорооллыг барьж байна. Төслийн ерөнхий гүйцэтгэгчээр БНСУ-ын “Ил Сонг” ХХК, туслан гүйцэтгэгчээр “Сүмбэр цамхаг” ХХК ажиллаж байгаа юм. Гэвч төслийн санхүүжилттэй холбоотой маргаан гарч, “Сүмбэр цамхаг” ХХК-аас Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт удаа дараа гомдол ирүүлжээ. Гомдолд “Ил Сонг” ХХК нь гэрээний дагуу төлбөрөө бүрэн олгоогүй, залилангийн шинжтэй ажиллагаа явуулж байна” гэж дурдсан байна. Үүнтэй холбогдуулан өнөөдөр нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай болон холбогдох албаныхан газар дээр нь ажиллалаа.

НЗД-ын нэгдүгээр орлогч Т.Даваадалай “2007 айлын орон сууцны хорооллыг хамтран барьж буй хоёр компанийн хооронд байгуулсан гэрээг шалгахад, ерөнхий гүйцэтгэгч “Ил Сонг” ХХК нь туслан гүйцэтгэгч “Сүмбэр цамхаг” ХХК-д гэрээний дагуу төлбөрөө бүрэн төлсөн нь баримтаар нотлогдсон. Гэвч шалгалтын явцад “Ил Сонг” ХХК-ийн үйл ажиллагаанд хэд хэдэн зөрчил илэрсэн. Тухайлбал, тус компани нь анх НЗДТГ-тай байгуулсан гэрээнд “29 нэр төрлийн тоног төхөөрөмж (24 нь Солонгос, 5 нь Монгол)” ашиглана гэж заасан ч бодит байдал дээр нэг ч солонгос тоног төхөөрөмж ашиглаагүй, тендерийн шаардлагад нийцээгүй техник ашиглаж байна. Мөн тус компани 21 монгол, 8 солонгос нийт 29 ажилтантайгаар ажиллана гэж гэрээ байгуулсан боловч төслийн талбай дээр монгол ажилтан байгаагүй, зөвхөн долоон солонгос ажилтан ажиллаж байсныг шалгалтаар илрүүлсэн. Харин компанийн зүгээс 7 монгол, 12 солонгос ажилтан байгаа гэж тайлбарласан. Үргэлжлүүлэн шалгана. Мөн хийгээгүй ажлаа хийсэн мэтээр бичиг баримт бүрдүүлж, нэмэлт санхүүжилт авсан зэрэг зөрчил илэрсэн. Эдгээр зөрчлийг нэг бүрчлэн шалгаж, ажлын дүгнэлтийг нийслэлийн Засаг даргад танилцуулан дараагийн арга хэмжээг авна” гэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН