Мандмн сайтын урилгыг хүлээн авч ярилцахаар ирсэнд талархаж байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе
Сайн сайн байна уу? Бүгдэд нь энэ ярилцлагыг унших өдрийн мэнд хүргэе
Манай сайтын уншигч олонд өөрийгөө танилцуулна уу?
Намайг Т.Мөнхдалай гэдэг. Би Японы Киотогийн Их сургуульд дөрвөн жил дэд бүтцийн инженерээр сурсан. Төгсөөд Японы инженер дэд бүтцийн зөвлөх үйлчилгээний компанид таван жил ажиллахдаа хотын төмөр зам, метроны төслүүдэд зөвлөх үйлчилгээ үзүүлж, багт нь орж ажилласан. Энэ хугацаанд дөрвөн өөр улсын төсөлд ажиллаж, туршлага хуримтлуулсан. Харин энэ жилийн зургаан сарын эхнээс Улаанбаатар метро төслийн Монгол талын захиалагчийн багт төслийн менежерээр ажиллаж байна.
Монголд хэрэгжиж байгаа метроны төсөл ямар шатандаа явж байна вэ? Хэзээнээс бүтээн байгуулалтын ажилдаа орох вэ?
“Улаанбаатар метро” төслийн менежментийн зөвлөх үйлчилгээ буюу менежмент хийх компаниа нээлттэй тендер зарлан сонгон шалгаруулсан. Шалгарсан компанитайгаа долоодугаар сарын тавнаас гэрээ байгуулж албан ёсоор ажлаа эхлүүлсэн. Энэ гэрээний хүрээнд 75 сарын турш зөвлөх үйлчилгээний компаниараа гол менежментээ хийлгэж 2030 оны есдүгээр сард метроны үйл ажиллагааг эхлүүлэх хуваарьтай ажиллаж байна. 2013 онд ЖАЙКА төслийн хүрээнд хийсэн судалгаан дээр урьдчилсан ТЭЗҮ-г шинэчлэх, Улаанбаатар хотын геологийн өрөмдлөг, байр зүй, зорчилт хөдөлгөөний хувьд зургаан суурь судалгаа эхлүүлсэн. Ирэх оны нэг сарын төгсгөл хоёрдугаар сарын эхээр тендер зарлах хуваарьтай ажиллаж байна. Энэ хуваарийн дагуу 2028 оны төгсгөлд барилгын үндсэн ажлууд дуусаж 2030 оны төгсгөлд метроны үйл ажиллагааг нээнэ гэсэн төлөвлөгөөтэй байна.
Метро хаанаас хаа хүртэл баригдах вэ? Ажиллах хүчний хувьд хэр их хүн шаардагдах вэ? 4-5 жилийн хугацаанд иргэдийг ажлын байраар хангах боломж гэж харж болох уу? Метро байгуулалтын ажил дууссаны дараа бэлэн ажлын байр хэрхэн бий болох вэ?
Одоогоор Толгойтоос Амгалан хүртэл Энхтайваны өргөн чөлөө дагуу газар чөлөөлөлт багатайгаар нийтийн авто зам, ногоон байгууламжийн дээгүүр, доогуур төлөвлөж байна. Энэ хэсэг бол Улаанбаатар хотын хамгийн зорчилт өндөртэй хэсэг. Ойролцоогоор 15 буудалтай байна. Ажиллах хүчний хувьд барагцаалж үзвэл 3000-5000 ажилтантай. Гэхдээ энэ бол албан ёсны орон тоо биш зургаан жилийн хугацаанд ажиллах хүч. Метро баригдаж дууссаны дараа тогтвортой үйл ажиллагаа явуулахад 500-600 хүний багтай компани ажиллуулах төлөвлөгөө бий. Метроны шугаманд ажиллах мэргэжилтнийг эртнээс мэргэшүүлэхийн тулд ШУТИС-ийн механик инженерийн сургуульд метроны хэд хэдэн анги нээхээр ярилцаж байна.
Метроны төсөл хэдэн хүний бүрэлдэхүүнтэй байна вэ? Танаас өөр гадаадад метроны төсөл дээр ажиллаж байсан туршлагатай инженер, менежер бий юу?
Гадаадад метроны төсөлд ажиллаж байсан Монгол хүн харьцангуй цөөн. Тэрний нэг нь би өөрөө болоод төслийнхөө эхний үе шатанд Монгол талаасаа оролцоод явж байна. Сая долоон сард гэрээ хийсэн Солонгос зөвлөхүүдтэй хамтарч ажиллаж байна. Яг удирдлагын багт одоогоор Нийслэлийн харьяа түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж байгууллага ерөнхийдөө захиалагчийн талдаа явж байна. Энэ мега төслөөр гадаадад мэргэжлээрээ ажиллаж байгаа залуучуудаа Монголдоо эргүүлж авчрах, Монголдоо мэргэжлээрээ ажиллах боломж орон зайн үүсэж байна уу гэж харж байна. Өмнөх долоо хонгийн нэг дэхээс эхлээд Казакстан улсад хот төлөвлөлтийн чиглэлээр ажилладаг Монгол залуу маань эх орныхоо бүтээн байгуулалтын төсөлд захиалагчийн талаас ажиллая гээд зориод ирсэн. Мэдээж бусад Монгол инженерүүд ажиллаж байна.
Метро хэдий хугацаанд баригддаг вэ? Бусад улсын хувьд хэр урт хугацааны төсөл болдог вэ?
Метро газар доогуур чиглэсэн төвөгшил өндөртэй дэд бүтэц болохоор газар бүрийн уур амьсгал, цаг агаар, хөрсний бүтцээс хамааран өөр өөр байдаг. Тийм учраас метронд тогтсон хугацаа хэлэхэд хэцүү. Байгаль орчны судалгаа хийсний үндсэн дээр хугацаа гаргах боломж үүсдэг. Миний ажиллаж байсан Египет, Бангладеш улсад төсөл судалгааныхаа шатнаас эхлээд ашиглалтанд ороход арваад жил болсон. Өөр нэг жишээ дурдвал өмнөд хөршийн Хөх хот Улаанбаатар хоттой ойролцоо уур амьсгалтай газарт дөрвөн жилийн дотор барьж ашиглалтанд оруулсан байдаг. Тэгэхээр дөрвөн жилийн дотор ашиглалтанд оруулах боломж байгаа юу гэвэл байдаг юм байна. Гэхдээ бид 2013 онд ЖАЙКА-гийн судалгаагаар гаргаж өгсөн зургаар бол зургаан жилийн дотор метро ашиглалтанд орох боломжтой гэж үзсэн. Бид тэр төлөвлөгөөний дагуу одоогийн байдлаар 2030 онд дуусна гэсэн төлөвтэй байна.
Метро хэр их эрчим хүчээр ажилладаг вэ? Монгол улсын хувьд хойд хөршөөсөө эрчим хүчний хараат байдаг учир метро ашиглахад эрчим хүчний хувьд ямарваа нэгэн асуудалтай тулгарах уу? Газар доогуур баригдах учраас бусад тулгарч болох цахилгаан, үер усны асуудлаа хэрхэн шийдэх вэ?
Эрчим хүчний хувьд метро нэг шугмандаа 18км уртад 30МВатт суурь цахилгаан хангалттай гэсэн тооцоо бий. 30МВатт нь “Манай улсын нийт эрчим хүчний 1-2%-ийг л эзэлдэг. Нөгөө талаас метронд явж байхад тог тасрах вий гэсэн айдас хүмүүст бий. Метро үүсээд 150 гаруй жил болж байна. Дэлхийн улс орны хувьд хуучирсан бүтээл. Өөр улсад ийм асуудал тулгарч байсан. Тэр бүрт дараа дараагийн инженерийн шийдэл гаргаж, хамгийн энгийнээр тайлбарлавал ЗГ, эмнэлэг гэх мэт тусгай объектуудын тог тасардаггүйтэй адил олон эх үүсвэртэй байдаг. Метро өөрөө улсын онцгой объект учраас олон эх үүсвэртэй, нэмээд генаратор эсвэл аккумлятор суурилуулах гэх мэт олон арга, шийдэл бий. Үнэхээр тог тасарлаа гэж үзэхэд метронд байгаа хүмүүсийг дараагийн буудал дээр хүргэх, гэрэлтэй, агааржуулагчтай орчинд байлгах гэх мэт аюулгүй байдлыг хангаж иргэд метроны шугамаас гарах нөхцлийг бүрэн хангах инженерийн олон шийдэл бий. Метронд тулгардаг өөр нэг асуудал бол мэдээж үер ус. Тэгвэл ямар арга хэмжээ авах вэ? гэвэл метроны хаалганы босгыг өндөрлөх гудамж талбайд ус тогтлоо гэхэд хэдий хэр дээшилдгээс хамааран хаалганы босгоо хийхдээ ус давахааргүй байх гэх мэт. Маш их хэмжээний устай бол хавхлаг хийж өгдөг. Энэ нь ус нэвтэрдэггүй.
Метроны хувьд төрөл, хэмжээ ямар байдаг вэ? Монголын нөхцөлд ямар метрог үйлчилгээнд ажиглах боломжтой вэ?
Метрог дотор нь хөнгөн, хүнд гэж ангилж болно. Нэг цагт нэг чиглэлд хэр их хүн зөөж чадах вэ? гэсэн даацын хэмжээнээс хамаарч ангилж болно. Зорчилт хөдөлгөөний судалгааны үндсэн дээр шийддэг. 2013 онд хийсэн судалгаа бол Монголын хүн ам, зорчилтын өсөлт 2020, 2030 онд ямар болохыг прогноз хийж таамагласан. 2020 оны судалгааг харахад манай улсын хүн ам 10-аад хувь өсчихсөн яваа. Тэр үед цагт 17000 хүн зөөх чадвартай дунд хэмжээний метрог төлөвлөсөн байсан. Улаанбаатар хотод дунд хэмжээний буюу 20м урттай 6 ширхэг галт тэрэг холбохтой ижил гэж ойлгож болно.
Метроны өрөмдлөгийн машиныг Монголд оруулж ирэхэд ямар нэгэн хүндрэл бий юу? Маш том хэмжээтэй төхөөрөмжийг хэрхэн оруулж ирэх вэ?
Метроны төслийн хүрээнд хоёр жижиг туннел ухна. Багцаагаар 7м орчим диаметртэй буюу гурав, дөрвөн давхар байшингийн хэмжээтэй өрөмдлөгийн машин дор хаяж хоёроос зургаан ширхэг орж ирнэ. Угсраад харахад аварга том хэмжээтэй ч бүх улсад байдагтай адил ачааны том машин, галт тэргэнд ачих хэмжээнд жижиглэж салгана. Барилгын талбай дээр авчран буцааж угсардаг. Хэр их салгаснаас хамаарч зарим газар 3 сар ч барьсан тохиол бий. Хугацааны хувьд ялгаатай болохоос биш боломжтой, боломжгүй гэсэн асуудал огтоос байхгүй.
Метро хэмээх нийтийн тээврийг ашиглалтад оруулахын тулд хэр хэмжээний төсөв санхүү төлөвлөгдөх вэ? Дараа нь метро ашиглалтад орох үед олсон ашгаараа зээлээ төлж чадах болов уу?
Төслөө нийтээр нь харахад өндөр дүнтэй 1,5 тэрбум долларын зарлагатай мега төсөл. Энэ үнийн зардлын нэлээдгүй хувь нь барилгын ажил болж хувирна. Боломжтой бол Монголоосоо ажилчдаа, чадах бол материалаа ч эндээсээ авахаар бас төлөвлөсөн. Ажиллах хүчний хувьд Монгол хүмүүс байлгахаар анхнаасаа тендертээ тусгаж өгсөн. Манай Монголчуудын хараахан чадахгүй туннелын технологийг бид гадны улсаас авах, чанартай материалыг арай хямд дүнгээр худалдаж авахаас өөр аргагүй. 10 жилийн өмнөх Япончуудын судалгаагаар маш бага хүүтэй зээлээр төслөө санхүүжүүлээд метро ашиглалтад орсны дараа метроны билет нь хол явах тусам үнэ нь нэмэгдэх зарчмаар явснаар анхныхаа зардлыг тодорхой хугацааны дараа нөхнө гэсэн тооцоо байсан. Гэхдээ энийг одоо бол ямар ч ашиглах боломжгүй. Бүх юмны үнэ маш өөрчлөгдсөн. Солонгосчуудын хийж байгаа ТЭЗҮ-д үндэслээд шинэчлэн тооцож гаргаж ирнэ.
Метро баригдаж эхлэхэд ойр орчмын орон сууцанд ямар нэгэн нөлөө үзүүлэх үү? Газар доогуур учраас барилгын суурь, цахилгааны утас, бохирын шугам гэх мэт зүйлсэд саатах боломжтой юу?
Барилгын ажил эхлэхээс өмнө бид нөлөөлөлд автах бүс буюу метроныхоо 100 метр орчмын барилгуудад шинжилгээ дүгнэлт хийнэ. Барилгын ажил эхлэхэд ойр орчмын гүүр, хуучин барилгуудыг идэвхтэйгээр хянана. Метроны ажлаас болж ямар нэгэн эрсдэл үүсэх бол даатгалаас 100 хувь хохирлыг барагдуулах механизм оруулахаар ярьж байна. Мега төслийн хажуугаар нэг ч хүнийг хохироохгүй, өмч хөрөнгийг бүрэн бүтэн байлгах тал дээр анхаарна. Олон улсын жишгээр зөвлөх компаниудаа даатгал авахыг шаардаж эхнээсээ авч байна.
Газар доогуур худалдаа үйлдвэрлэл эрхлэх боломжтой юу? Тэнд нийтийн тээвэр явж байна гэхээр мэдээж хүмүүс байгаа шүү дээ. Хөгжих боломж бий бол уу?
Яг туннелд зөвхөн метро, инженерийн шугмууд байрлана. Харин метроны буудлын хувьд километр тутамд нэг буудал байна. Метроны буудал дээр түшиглэж худалдааны төв, тодорхой орон зайг үйлчилгээний байгууллагуудад түрээслэх, зарах боломжтой. Олон хүн зөрж өнгөрдөг цэгүүд метроны буудал болчихдог тул худалдаа үйлчилгээний хувьд хамгийн оновчтой, өндөр үр ашигтай цэг болно. Эргээд метроны төсөл маань маш их хэмжжэний өндөр ашиг олох, хүмүүс ч метрондоо бууж суухдаа хэрэгтэй бараа үйлчилгээгээ авчихдаг. Энэ нь бидний ярьдаг дэд төвүүд гэдэг шиг метроны буудал болгон хотын төвлөрлийн цэг болно гэсэн үг. Магадгүй буудал болгон дээр ТҮЦ машин байвал заавал төв талбай руугаа орох биш гэрийнхээ хажууд байрлах метроны буудлаасаа лавлагаа, мэдээллээ авах боломж ч үүсэж болно гэсэн үг.
Залуу хүний хувьд гадаад улсад ажиллаж кареерээ хөгжүүлэх замналаа орхиод эх орондоо ирсэн байна? Магадгүй дахиад хэдэн жил гадааддаа ажиллаж илүү туршлага хуримтлуулж болох байсан байх. Яагаад Монголдоо эргэж ирэв? Наашаа түлхэх хүч нь юу байсан бэ?
Олон жил гадаадад амьдарсны эцэст эргээд Монголдоо суурьшиж амьдрахаар шийдэж одоо эх орондоо ирээд хоёр сар болж байна. Сургуулиа төгссөнөөс хойш Монголтой ойролцоо түвшний улсуудад метроны зөвлөх үйлчилгээ үзүүлж ажилласан. Энэ хугацаанд Улаанбаатар бол миний төрөлх хот, өөрийн хотод тулгараад буй асуудлыг сонирхоод сошиаль медиагаар шүүмжлэх үедээ шүүмжилж, зөвлөгөө өгөх үедээ өгөөд явж байсан. Улаанбаатарт метро барих өндөр хэрэгцээ үүсчихсэн байсан. Улаанбаатарт метро барих төсөл хэрэгжээд эхлэхэд нь хэрэгтэй хүн нь байхын тулд бэлдсэн. Миний хувьд таван жил метроны төсөл дээр ажилласан бол Улаанбаатар хотын хувьд анхны төсөл эхэлж байна. Би өөрөө мөрөөдөж мэргэшсэн болохоор маш гоё давхацсан. Нийслэлээс чи Монгол хүн өөрөө сураад ажиллаад явж байгаа юм чинь энэ төслөө хариуцаад ажил гэж урьсны дагуу тэр урилгыг баяртай хүлээн авч ажиллаж байна.
Монголоос гараад бараг арван жил болсон байна. Тэгвэл таны нүдээр 10 жилийн өмнөх Монгол болон 10 жилийн дараах Монгол улс ямар ялгаатай байна вэ? Хөгжил дэвшил, уналт сэргэлтийн хувьд?
Миний нүдээр хот маань хөгжсөн. Гэхдээ хот төлөвлөлтийн хувьд жигд хөгжиж чадаагүй. Яагаад гэвэл орон сууц, дэлгүүр, үйлчилгээний газрууд маань эрчимтэй хөгжсөн ч зөрүүлээд нийгмийн дэд бүтэц, авто зам, явган хүний зам, олон нийтийн чөлөөт цагаа өнгөрүүлэх орчин, нийтийн тээвэр гэх мэт зүйлс хурдтай дагаж өсөж чадаагүй юм бол уу гэж харагдаж байна. Тэгэхээр зөвхөн байшин бариад сайхан амьдрах боломжгүй, түүнийг холбох инженерийн бүтэц, авто зам, мега хотод олон зүйл хэрэгтэй. Өмнө нь жижиг улсын жижиг нийслэлд хүмүүс нь аз жаргалтай тав тухтай амьдардаг байсан бол одоо бид эдийн засгийн төвлөрсөн цэг болсон, завгүй амьдралын хэв маягтай болсон тул том хэмжээний бүтээн байгуулалт хийх шаардлагатай. Үүний нэг шийдэл нь метро. Харин үүнд оролцох боломж гарсанд баяртай байна.
Иргэдийн хувьд метроны төсөл бол аль 2010 оноос хойш яригдаж эхэлсэн ч 14 жилийн дараа хэрэгжих гэж байна. Саяхан бас сонгууль болж иргэд метрогоор сонгуулийн шоу хийчихлээ гэж хардаж байгаа шүү дээ. Тэгвэл иргэдэд хандаж юу гэж хэлэх вэ? Яг энэ төслийн нэг хэсэг болоод бүтээн байгуулалтад оролцоод явж буй хүний хувьд хандаж хэлвэл?
Метро барих нь худлаа, сонгуулийн шоу гээд итгэхгүй хүмүүс нэлээн байгаа. Аргагүй байх арваад жил шинэ дарга гарч ирэх болгондоо янз янзын төсөл ярьж, санаачилж, ТЭЗҮ хийдэг. Эцсийн дүндээ хүний нүдэнд харагдаж, гарт баригдахгүй, тэгсэн хэрнээ баахан төсвийн мөнгө үрэгдчихсэн байдаг. Энэ метроны төсөл юугаараа өөр вэ гэж хүн болгон бодож байгаа. Би яагаад Японд байсан кареераа орхиод, Монголд ирээд ажиллаж байгаа вэ гэвэл энэ төсөл нь нэг хүний гэнэт гаргаж ирсэн санаа биш. Шууд метро барья гэхээсээ илүү Улаанбаатар хотын асуудлыг судалж, метро баривал нийтийн тээвэр, түгжрэлийг шийдэж болно гэсэн урьдчилсан ТЭЗҮ-г тэр чигээр нь бариад явж байна. Тэр үеийн мэргэжлийн багынхны хийсэн судалгаан дээр дахиад мэргэжлийн хүмүүсээр шинжлүүлж гаргах учир бодитой ажил болох болов уу? Бодитой ажил болсны дараа үр дүнтэй байх болов уу гэдэгт итгэж байна. Тэгэхээр иргэд маань тэр талаас нь бас хараасай, манай төслийг дэмжээсэй гэж хүсэж байна. Хүн болгонд метроны талаар янз янзын санаа байгаа байх. Бүх талаар санал бодлоо илэрхийлэх боломжтой гэдгийг бас дурьдмаар байна. Бид нарт үйлчлэх нийтийн тээвэр барьж буй учир өөрсдөдөө тааруулж яг л хэрэгцээндээ тааруулах хэрэгтэй.
Танд амжилт хүсэе