Нүүр хуудасЯрилцлагаТ.Номин-Эрдэнэ: Тусгай зөвшөөрлийг нь цуцалсан газруудыг шүүх дахин сэргээдгээс болж Богдхан ууланд...

Т.Номин-Эрдэнэ: Тусгай зөвшөөрлийг нь цуцалсан газруудыг шүүх дахин сэргээдгээс болж Богдхан ууланд газрын маргаан тасрахгүй байгаа

БОАЖЯ-ны Хуулийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Т.Номин-Эрдэнэтэй тусгай хамгаалалттай газрыг тойрсон асуудлын талаар ярилцлаа.

-Богдхан уул орчимд хууль дүрэм зөрчин үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, иргэдийн газар эзэмших эрхийн гэрчилгээг цуцалсан тухай мэдээллийг салбар яамнаас тухайн үед нь өгч байсан ч одоогоор гарсан үр дүн гэх юм алга гэдэг шүүмжлэлийг иргэд хэлж байна. Та энэ талаар тодруулна уу?

-Усны нөөцийг бохирдож хомсдохоос сэргийлэх, голын бургас модыг сүйтгэх, уул нурааж тухайн орчны төлөв байдал, байгалийн унаган төрхийг алдагдуулан дархан цаазат газрын нийтлэг дэглэм горимыг зөрчсөн, газрын төлбөр төлөөгүй, үйл ажиллагаа явуулаагүй болон анх газар ашиглах эрх олгосон тушаал нь дархан цаазат газарт аялал жуулчлалын зориулалтаар хууль зөрчиж олгосон зэрэг  140 гаруй иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газар ашиглах эрхийг БОАЖ-ын сайдын тушаалаар 2018, 2019 онд цуцалсан. Гэсэн ч зарим иргэн, аж ахуйн нэгж, байгууллага уг асуудлаар БОАЖЯ-ыг шүүхэд өгч, шүүхээс тэдний талд шийдвэр гаргаснаар асуудал бүрэн гацаанд ордог. Гэхдээ анхан шатны шийдвэрийг хянан шийдвэрлэх давах болон хяналтын шатны шүүхийн байгууллага нь хуульд нийцүүлэн шийдвэр гаргана гэдэгт итгэж байгаа, Хамгийн энгийн жишээг л дурьдахад нэг эзэнтэй Монголын үндэсний их сурууль нэртэй НҮТББ, Политехникийн коллеж нэртэй НҮТББ гэгч хуулийн этгээдүүд нэр дээрээ 40 гаруй га газрыг Богдхан ууланд хашчихаад газрын төлбөр төлөхгүй, үйл ажиллагаа явуулахгүй өнөөдрийг хүрсэн. Тусгай хамгаалалттай газар нутагт иргэн, ААН газрыг зөвхөн ашиглах эрхтэйгээр тодорхой хугацаагаар тусгай зөвшөөрөл гаргуулдаг шүү дээ. Гэтэл эдгээр ТББ-ууд өөрийн эзэмшил шиг л аашилдаг. Та бүхэн санаж байгаа бол 2017 онд нийтийн эзэмшлийн машины  зогсоол барих гэж эдгээр ТББ-уудын газраас 3.5 га газрыг улс авах гэж багагүй эсэргүүцэлтэй тулгарч байсан шүү дээ. Энэ газрыг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатын тушаалаар цуцалсан ч шүүхэд хандаж тухайн байгууллага 4 удаа ялалт байгуулсан байдаг юм. Маргааш уг асуудлаарх шүүх хурал болно. Шүүх ямар шийдвэр гаргахаас хамаарч тухайн газарт нийтийн эзэмшлийн ариун цэврийн байгууламж барих уу, иргэдийн амрах тухтай сүүдрэвч барих боломжтой болох уу гэдэг асуудал шийдэгднэ. Ер нь тусгай зөвшөөрлийг нь цуцалсан газруудыг шүүх дахин сэргээдгээс болж Богдхан ууланд газрын маргаан тасрахгүй байгаа. Ер нь бол ТХГНТХуулийн 11 дүгээр зүйлийн 11.7 дэх хэсэгт зааснаар Дархан цаазат тусгай хамгаалалттай газар нутагт зөвхөн судалгаа шинжилгээ, аялагч хүн түр буудаллах, отоглох зориулалтаар л ашиглахыг хуулиар зөвшөөрсөн байдаг. Энэ хуулийн заалтыг хэрэгжүүлээгүйгээс болж нийтэд илэрхий харагдах Зайсан, Нүхтийн аманд баригдсан барилга харахад тодорхой юм.

-Тухайн ТББ газрын төлбөрөө ямар учраас төлөөгүй вэ. Хэрэв төлбөр төлсөн бол улсад хэдий хэмжээний орлого төвлөрүүлэх байсан юм бэ. Хэзээ анх богдхан ууланд газар ашиглаж эхлсэн байдаг юм бэ?

-Тухайн ТББ, иргэн, байгууллагад хуулинд байхгүй шинэ нэр томъёогоор, аялал жуулчлалын зориулалтыг олгосноор газрын төлбөр төлөгдөхгүй, орон сууц, зочид буудал, үйлчилгээний барилга байгууламж баригдаж хуулийн зөрчил хийдэл гарсан. 2003 онд анх тусгай хамгаалалттай газарт газар ашиглах эрх авахдаа ямар нэгэн төсөл сонгон шалгаруулалтад ороогүй байсан. Түүнээс хойш талбайгаа нэмээд, дундуур нь хуваагаад  яваад байж. Хуваасан газраа 2016 онд их сургуулийн нэр дээр болгож, газрын төлбөрөөс зугтаасан асуудал ч байсан. Газрын тухай хуульд бүх шатны боловсролын байгууллагыг газрын төлбөрөөс чөлөөлөх заалт бий. Үүнийг ашиглаж, бодит байдал дээр сургууль бариагүй хэрнээ төлбөрөөс зугтаасан байгаа юм. Газрын албанаас бидэнд дүтус компани хэрэв хуулийн дагуу  төлбөрөө төлсөн бол 3 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлэх байсан гэдэг дүнгэлтийг ирүүлсэн. Манай яамны зүгээс Нийслэлийн мэргэжлийн байгууллагуудтай хамтран шалгалт хийсэн. Ингэхэд энэ компани бүх талаараа тэнцэхээргүй дүгнэлт гарсан байдаг юм. Засгийн газар болон БОАЖЯамнаас дархан цаазат газрыг хамгаалах, хуульд нийцүүлэн төрийн бодлогыг хэрэгжүүлэх, нийслэлийн иргэдийн эрх ашигт нийцүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлж байгаа бөгөөд хууль зөрчсөн тушаалыг цаашид хүчингүй болгож ажиллах болно.

-Таны хэлснээр хязгаарлалтын бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, иргэд газраа чөлөөлөхгүй байгаа шалтгаан нь шүүхэд гомдол гаргаснаас болсон гэлээ. Тэгвэл сая дурьдсан аялал жуулчлалын зориулалтаар тусгай хамгаалалттай газарт үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авчихаад хураамж төлөөгүй, үйл ажиллагаа явуулаагүйгээсээ болоод эрхээ цуцлуулсан байгууллага, иргэдийн асуудал ямар шатанд байна?

-Шүүх дээр маргаан гаргаснаас бусад газрыг чөлөөлүүлэхэд Газрын тухай хуулийн  41 дүгээр зүйлийн 41.4.”Энэ хуулийн 41.1-д заасан хугацаанд газраа чөлөөлөөгүй бол тухайн шатны Засаг дарга албадан нүүлгэх ажлыг зохих хууль тогтоомжийн дагуу зохион байгуулна.” гэсэн заалтын хүрээнд манай хамгаалалтын захиргаанаас Баянзүрх дүүргийн Засаг даргад хандан 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 544, 5 дугаар сарын 15-ны өдрийн 596, 08 дугаар сарын 08-ны өдрийн 1035 тоот хамтран ажиллах, газар албадан чөлөөлүүлэх албан бичгүүдийг хүргүүлсэн. Иймд харъяа дүүргийн Засаг дарга нар манайхтай хамтран ажиллаж, газар чөлөөлүүлэх ажлыг зохион байгуулах шаардлагатай байна.

Цаашид Газрын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт “Усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс болон ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсэд иргэн, хуулийн этгээдэд газар ашиглуулах, эзэмшүүлэхийг хориглоно” гэсэн заалт 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр нэмэлтээр орсон тул Туул гол дагуу цуцлагдсан газруудын газар ашиглах эрх шүүхийн байгууллагад хандсан ч сэргэх боломжгүй байх болов уу. Иймд иргэн, аж ахуйн нэгж байгууллага Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд зааснаар газраа хүлээлгэн өгөх нь зүйтэй.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН