Нүүр хуудасМэдээУИХ: Ахмадын үндэсний чуулган чуулж байна

УИХ: Ахмадын үндэсний чуулган чуулж байна

Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн ивээл дор Ахмадын үндэсний чуулган өнөөдөр (2024.01.08) Төрийн ордонд эхэллээ. Улсын Их Хурал, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, монголын ахмадын холбоо хамтран зохион байгуулж буй үндэсний чуулганд 900 орчим ахмад настан оролцож буй юм.

Ахмадын үндэсний чуулганыг Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан нээж үг хэллээ. Тэрбээр, ахмад настны нийгмийн асуудлыг өнөөгийн нөхцөл байдал, ирээдүйн хандлагын үүднээс иж бүрэн, цогцоор нь харж шийдэхийн тулд тэдний эрүүл мэнд, тэтгэвэр тэтгэмж, хөдөлмөр эрхлэлт, идэвхтэй амьдрал болон нийгмийн оролцоо, эрхийг хамгаалах асуудлуудыг нэн түрүүнд анхаарч ажиллах шаардлагатайг онцолж, чиг үүргийн яамд болон холбогдох бүх шатны байгууллага, албан тушаалтанд хуулиар хүлээсэн үүргээ ягштал биелүүлж ажиллахыг анхааруулав.

Чуулганы үдээс өмнөх хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Л.Энхнасан энэ оны нэгдүгээр сарын 01-нээс хэрэгжиж эхлээд байгаа Ахмад настны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн тухай, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан ахмад настны талаар хэрэгжүүлж байгаа бодлого, арга хэмжээ, цаашдын зорилтын тухай, Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн эрүүл мэнд, эм хангамжийн тухай тус тус танилцуулна. Мөн Монголын ахмадын холбооны ерөнхийлөгч Ц.Сүхбаатар Ахмад настны тухай хуулийн хэрэгжилтийг хангахад ахмадын байгууллагуудын оролцоо, хамтын ажиллагааны талаар илтгэл тавих юм.

Үндсэн илтгэлүүдийн дараа “Сайн туршлага, идэвхтэй оролцоо: Ахмад үе ба хөдөлмөрийн зах зээл” сэдэвт панел хэлэлцүүлэг болох бөгөөд үүнд Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхзул, Эрүүл мэндийн яамны Стратеги төлөвлөлтийн газрын дарга П.Оюунцэцэг, Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал, Ахмадын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих нэгдсэн холбооны тэргүүн Г.Атармаа нар панелистаар оролцоно.

Үндсэний чуулганы үдээс хойших хуралдаанд Эрүүл мэндийн болон Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын  яамны холбогдох албаны хүмүүс тухайн салбаруудын бодлого, шинэчлэл, ахмад настанд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, идэвхтэй насжилтыг дэмжих болон асаргааны хувилбарт үйлчилгээний тухай танилцуулах юм. Түүнчлэн ахмад настны эрхийг хангах болон ахмадын байгууллагуудын үйл ажиллагааны талаар үндэсний чуулганд оролцогчдын төлөөллөөс илтгэл, танилцуулга хийнэ.

Үндэсний чуулганаас оролцогч ахмад настнуудын саналд үндэслэн зөвлөмж гарна

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН