Нүүр хуудасМэдээУИХ: “Аэросити” гэснийг “Шинэ зуун мод хот” гэж өөрчлөхөөр боллоо

УИХ: “Аэросити” гэснийг “Шинэ зуун мод хот” гэж өөрчлөхөөр боллоо

Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулганы  өнөөдрийн (2020.05.14)  нэгдсэн хуралдаанаар  арван хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв.  Засгийн газраас 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр өргөн мэдүүлсэн “Хот байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, энэ талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан танилцуулав. 

    Тэрбээр танилцуулгадаа, чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг төслийн холбогдох зүйл, хэсэг, заалтад нэмж тусган төслийн агуулга, бодлого, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засварыг хийж, эцсийн хувилбарыг бэлтгэсэн. Мөн Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1 дэх хэсэгт заасны дагуу нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлэг явуулах үед төслийн зарим зүйл, заалтыг гүйцээн боловсруулах чиглэлийг хуралдаан даргалагчаас өгсний дагуу зарчмын зөрүүтэй саналын томьёолол бэлтгэснийг дурдав. Мөн Барилга, хот байгуулалтын яам тогтоолын төслийн “Аэросити” гэсэн нэршлийг өөрчлөх асуудлын талаар Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газрын саналыг авсны үндсэн дээр Засгийн газраас хотын оноосон нэрийг “Шинэ Зуунмод хот” гэж өөрчлөх саналаа Байнгын хороонд ирүүлснийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэж байлаа. 

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр төрийн зүгээс дагуул хот байгуулахад  ямар бодлого барьж байгааг тодруулахын зэрэгцээ  дагуул хотын “Алсын хараа-2050” баримт бичигт хэрхэн  тусгасныг лавласан.

    Барилга, хот байгуулалтын Дэд сайд Б.Мөнхбаатар хариултдаа, Ирэх 20 жилд Монгол Улсын хүн ам механик өсөлтөөр 5 сая болно гэсэн тооцоолол байгаа тул хот суурингуудыг шинэчлэх, өргөтгөх асуудлыг судалж байна. Алсын хараа-25-д энэ бүхэн тусгагдсан гэдгийг онцлов. Цаашдаа шинээр хот байгуулах асуудлыг эдийн засгийн хувьд төрөлжүүлж, шинэ ажлын байртай уялдуулах бодлогыг барина гэж байлаа. 

    Ингээд Байнгын хорооноос  гаргасан саналын дагуу “тогтоолын төслийн “Аэросити” гэснийг “Шинэ Зуунмод хот” гэж өөрчлөхөөр болсон тул  уг тогтоолын төслийг бүхэлд нь батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН