Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын өнөөдрийн /2024.08.29/ хорооны хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгдсэн тайлан болон “Монгол Улсын 2023 он төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв. Төсвийн гүйцэтгэлийн талаарх илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны даргаар Б.Тулга танилцуулав.
Тэрбээр, Mонгол Улсын нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланд тус байнгын хороонд харьяалагдах Боловсролын сайд, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд багцын нийт 2,325 байгууллагын төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайланг нэгтгэн гаргасан болно. Нэгдсэн төсвийн гүйцэтгэлээр тус байнгын хорооны төсвийн ерөнхийлөн захирагчдын нийт зарлага болон цэвэр зээлийн дүн 3 их няад 457.6 тэрбум төгрөгийн гүйцэтгэл гарч, урсгал зардалд 2 их наяд 748.3 тэрбум төгрөг, хөрөнгийн зардалд 705.9 тэрбум төгрөгийг зарцуулсан байна. Нийт зарлага болон цэвэр зээлийн дүнгийн 87.8 хувь буюу 3 их наяд 37.2 тэрбум төгрөгийг Боловсролын сайд, 12.2 хувь буюу 420.4 тэрбум төгрөгийг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын багцын зарлага эзэлж байна. Улсын төсвөөс 3 их наяд 464.4 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгосон бол төсөвт байгууллагын өөрийн орлогоор 12.8 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг бүрдүүлсэн байна гэв. Түүний дараа тус байнгын хороонд харьяалагдах төсвийн ерөнхийлөн захирагчдын санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэл болон улсын төсвийн хөрөнгө оруулалтын үр дүнд хийсэн аудитын дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Загджав танилцуулав.
Тэрбээр, Боловсрол, шинжлэх ухааны сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2023 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд нийт 1812 байгууллагын санхүүгийн тайлан нэгтгэгдсэнээс 1050 байгууллагад дүгнэлт гаргаж, 751 байгууллагыг аудитын түүвэрт хамруулсан. Шинээр байгуулагдаж, үйл ажиллагаа явуулаагүй 11 байгууллага аудитад хамрагдаагүй болно. Төсвийн ерөнхийлөн захирагчийн санхүүгийн нэгтгэсэн тайланд “Хязгаарлалттай” дүгнэлт, харьяа 964 байгууллагад “Өөрчлөлтгүй”, 81 байгууллагад “Хязгаарлалттай”, 3 байгууллагад “Сөрөг” дүгнэлт өгч, 1 байгууллагын санхүүгийн тайланд дүгнэлт өгөхөөс татгалзлаа. Санхүүгийн тайлангийн аудитаар нийт 252.0 тэрбум төгрөгийн зөрчил илэрснээс 2.8 тэрбум төгрөгийн 531 зөрчилд төлбөрийн акт тогтоож, 179.2 тэрбум төгрөгийн зөрчлийг арилгах 743 албан шаардлага хүргүүлж, 66.2 тэрбум төгрөгийн зөрчлийг арилгах, давтан гаргахгүй байх 1459 зөвлөмж өгч, 3.8 тэрбум төгрөгийн 33 зөрчилд хариуцлага тооцуулах албан шаардлага хүргүүлж, 1 асуудлыг шалгуулахаар хууль хяналтын байгууллагад шилжүүллээ. Нягтлан бодох бүртгэл, тайлагналтай холбоотой нийт 95.3 тэрбум төгрөгийн алдаа илэрснээс 95.2 тэрбум төгрөгийн алдааг аудитын явцад залруулж, 0.1 тэрбум төгрөгийн алдааг залруулах зөвлөмж өгсөн. Санхүүгийн тайлангийн аудитаар шалгасан нийцлийн асуудлаар нийт 63.4 тэрбум төгрөгийн зөрчил илэрснээс 4.4 сая төгрөгийн 5 зөрчилд төлбөрийн акт тогтоож, 33.7 тэрбум төгрөгийн 265 зөрчилд албан шаардлага, 4.4 тэрбум төгрөгийн зөрчилд хариуцлага тооцуулах 14 албан шаардлага хүргүүлж, 25.3 тэрбум төгрөгийн зөрчилд 612 зөвлөмж өгсөн. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 1,634.4 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй, 529.3 тэрбум төгрөгийн санхүүжих дүнтэй 468 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр батлагдсан байна. Үүнээс барилга байгууламж 460.9 тэрбум төгрөг, их засвар 11.2 тэрбум төгрөг, тоног төхөөрөмжийн худалдан авалт 55.5 тэрбум төгрөг, техник эдийн засгийн үндэслэл боловсруулах зөвлөх үйлчилгээний ажил 1.7 тэрбум төгрөг байна. Нийт төсөл, арга хэмжээний ажлын бодит гүйцэтгэл 98.0 хувьтай байна. Хоёрт, Соёлын сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2023 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд нийт 459 байгууллагын санхүүгийн тайлан нэгтгэгдсэнээс 101 байгууллагад дүгнэлт гаргаж, 358 байгууллагыг аудитын түүвэрт хамруулсан. Төсвийн ерөнхийлөн захирагчийн санхүүгийн нэгтгэсэн тайланд “Хязгаарлалттай” дүгнэлт, харьяа 83 байгууллагад “Өөрчлөлтгүй”, 17 байгууллагад “Хязгаарлалттай”, 1 байгууллагад “Сөрөг” дүгнэлт өглөө. Санхүүгийн тайлангийн аудитаар нийт 16.2 тэрбум төгрөгийн зөрчил илэрснээс 1.3 тэрбум төгрөгийн 154 зөрчилд төлбөрийн акт тогтоож, 13.3 тэрбум төгрөгийн 247 зөрчлийг арилгах албан шаардлага, 1.6 тэрбум төгрөгийн зөрчлийг арилгах, давтан гаргахгүй байх 217 зөвлөмж өгч, албан тушаалтанд хариуцлага тооцуулах 7 албан шаардлага хүргүүлсэн. Нягтлан бодох бүртгэл, тайлагналтай холбоотой нийт 8.1 тэрбум төгрөгийн алдаа илэрснээс 8.0 тэрбум төгрөгийн алдааг аудитын явцад залруулж, 0.1 тэрбум төгрөгийн алдааг залруулах зөвлөмж өглөө. Санхүүгийн тайлангийн аудитаар шалгасан нийцлийн асуудлаар нийт 14.6 тэрбум төгрөгийн зөрчил илэрснээс 8.9 сая төгрөгийн зөрчилд 19 төлбөрийн акт тогтоож, 10.0 тэрбум төгрөгийн 104 зөрчилд албан шаардлага хүргүүлж, 4.6 тэрбум төгрөгийн зөрчилд 104 зөвлөмж өгч, 4 албан тушаалтанд хариуцлага тооцуулах албан шаардлага хүргүүлсэн.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Соёлын сайдын багцад нийт 546.0 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй, 144.2 тэрбум төгрөгийн санхүүжих дүнтэй 77 төсөл, арга хэмжээг онд дамжин хэрэгжүүлэхээр баталсан байна. Нийт 77 төсөл арга хэмжээнээс 34 төсөл, арга хэмжээг орон нутагт эрхийг шилжүүлж, 43 төсөл арга хэмжээг Соёлын сайд хэрэгжүүлсэн байна. 2023 оны нийт барилга байгууламжийн 59 төсөл, арга хэмжээ хэрэгжсэнээс 14 барилга ашиглалтад орсон байна. Үүнд: 2 Музейн барилга, 1 театрын барилга, 11 соёлын төвийн барилга байна. Гүйцэтгэлээр нийт 73 төсөл арга хэмжээнд олгосон санхүүжилт 98.0 хувийн гүйцэтгэлтэй байна. Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир спортын үндэсний хорооны даргын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2023 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд нийт 38 байгууллагын санхүүгийн тайлан нэгтгэгдсэнээс 23 байгууллагад дүгнэлт гаргаж, 15 байгууллагыг аудитын түүвэрт хамруулсан. Төсвийн ерөнхийлөн захирагчийн санхүүгийн нэгтгэсэн тайланд “Хязгаарлалттай” дүгнэлт, харьяа 18 байгууллагад “Өөрчлөлтгүй”, 4 байгууллагад “Хязгаарлалттай” дүгнэлт өглөө. Санхүүгийн тайлангийн аудитаар нийт 42.8 тэрбум төгрөгийн зөрчил илэрснээс 1.2 тэрбум төгрөгийн 12 зөрчилд төлбөрийн акт тогтоож, 13.4 тэрбум төгрөгийн 30 зөрчлийг арилгах албан шаардлага, 28.2 тэрбум төгрөгийн зөрчлийг арилгах, давтан гаргахгүй байх 43 зөвлөмж өгсөн. Нягтлан бодох бүртгэл, тайлагналтай холбоотой нийт 37.3 тэрбум төгрөгийн алдаа илэрснийг аудитын явцад залруулсан. Санхүүгийн тайлангийн аудитаар шалгасан нийцлийн асуудлаар нийт 3.7 тэрбум төгрөгийн зөрчил илэрснээс 1.6 сая төгрөгийн зөрчилд 1 төлбөрийн акт тогтоож, 3.2 тэрбум төгрөгийн 18 зөрчилд албан шаардлага хүргүүлж, 0.5 тэрбум төгрөгийн зөрчилд 22 зөвлөмж өгсөн.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 162.1 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй, 48.8 тэрбум төгрөгийн санхүүжих дүнтэй 35 төсөл, арга хэмжээг төлөвлөсөн. Төсөл, арга хэмжээний санхүүжилтийн гүйцэтгэл 91 хувьтай байна гээд Байнгын хороо аудитын дүн, дүгнэлтээс үндэслэн улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй төсөл, арга хэмжээний гүйцэтгэл, хэрэгжилтэд тавьж буй захиалагчийн болон зохиогчийн хяналт үр дүнгүй, төсвийн ерөнхийлөн захирагчдын дотоод аудитын нэгж нь хөрөнгө оруулалтын үйл ажиллагаанд тавих хяналт сул байгаа зөрчлийг арилгах, орхигдсон болон олон жил үргэлжилж байгаа төсөл, арга хэмжээг богино хугацаанд ашиглалтад оруулах шийдлийг гаргах, худалдан авах ажиллагааг хууль, тогтоомжид нийцүүлэн зохион байгуулах, хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний санхүүжилтийн зарцуулагдаагүй үлдэгдлийг төсөвт төвлөрүүлэх, Боловсролын зээлийн сангаас олгосон гадаад зээл болон оюутны хөнгөлөлттэй зээл, дэд зээлийн мэдээллийг Монголбанкны зээлийн мэдээллийн санд бүртгүүлэх, зээл олгох шийдвэр гаргалтад зээлийн мэдээллийн сангийн мэдээллийг ашиглах нөхцөлийг бүрдүүлэх, төсвийг зохистой удирдаагүйгээс авлага үүсгэсэн, тооцоо нийлж баталгаажуулаагүй, хугацаа хэтэрсэн болон олон жилийн насжилттай, эзэн холбогдогчгүй болж найдваргүй болох эрсдэлтэй авлагыг барагдуулах арга хэмжээ аваагүй, илүү, дутуу тайлагнасан, бүртгэлд тусгаагүй зөрчлийг арилгах зэрэг асуудлуудад анхаарал хандуулахыг зөвлөж байна гэсэн.
Аудитын дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Батнайрамдал, Монголын их, дээд сургуулиудын нийт суралцагчдын 70 хувь нь суралцаж буй 38 сургуульд аудитын “хязгаарлалтай” дүгнэлт гарчээ. Ийм дүгнэлт яагаад гарах болсон тухай асуусан бол УИХ-ын гишүүн Г.Дамдинням, Энэ жилийн олимпын наадамд татвар төлөгчдийн мөнгийг хамгийн их зарцуулсан ч хамгийн тааруу амжилт гаргалаа. Тиймээс зохих байгууллага ямар нэгэн хариуцлага хүлээх эсэх зэрэг асуултуудыг Ажлын хэсгээс асуув. Үндэсний аудитын газрын Санхүү, нийцлийн аудитын газрын дарга Ц.Наранчимэг, олон жилийн насжилттай өглөг, авлагын тооцоо нийлээгүй, худалдан авах үйл ажиллагаа зөрчилтэй, сургалтын төлбөрийн зарцуулалт зэрэгт асуудал байгаа учраас стандартын дагуу хязгаарлалтай гэсэн дүгнэлт өгсөн гэв.
Биеийн тамир, спортын улсын хорооны дарга О.Баттулга, Үндэсний шигшээ багуудыг бүрдүүлэхэд 25,7 тэрбум төгрөг зарцуулсан. Тамирчдын бэлтгэлийг тухайн спортын холбоод гэрээгээр гүйцэтгүүлэхээр заасан. Холбоод тайлангаа ирүүлэхээр цаашид ямар арга хэмжээ авах талаар төвшин төвшиндөө хэлэлцэнэ гэсэн юм.
УИХ-ын гишүүн Б.Найдалаа, Боловсролын сангийн зээлийн сан 120 тэрбум төгрөгийн авлагыг нэг мөр цэгцлэх цаг болсон. Манай Боловсролын зээлийн сангийн дүрэм, журам бодлогын алдаатай учраас маш их хэл амтай байна. Цаашид ямар алдааг засах ямар шинэчлэл хийх вэ гэсэн асуултад БШУ-ны сайд П.Наранбаяр, Боловсролын сан нийт 209 тэрбумын авлагатай байна. Авлигатай тэмцэх газар т зохих хэргүүдийг шалгаад 20 сар болж байна. Мэдээж зээлийн гэрээгээ зөрчсөн хүмүүст хариуцлага тооцоод явах ёстой. Харин зохих журмын дагуу суралцаад төрийн байгууллагадаа ажил төрлөө эрхлээд гэрээний үүргээ биелүүлж байгаа тохиолдолд зээлийг хөнгөлөх, цуцлах арга хэмжээ авах ёстой. Ер нь цаашид боловсролын санг ил тод, нээлттэй шударга ажиллуулахад өөрчлөлт хийнэ гэв.
УИХ-ын гишүүн Б.Найдалаа, О.Батнайрамдал, Ж.Галбадрах нарын гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан саналаа хэллээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн О.Батнайрамдал, Боловсролын сангийн зээлийг бакалварын тэтгэлэгт олноор зарцуулах нь зөв үү,түүний оронд монголдоо дэлхийн жишигт нийцсэн сургуулийг байгуулахад хөрөнгө оруулалтаа чиглүүлэх хэрэгтэй байна. Өөрөөр хэлбэл, гадаадад цөөн хүүхэд сургахад биш олон хүүхдийг монголдоо сайн боловсрол олгоход анхаарах зэрэг цогц шинэчлэл хийх хэрэгтэй байна. Боловсролын сангийн зээлийн 70 хувийг дотоодын их сургуулиудад суралцагчдад өгсөн байна. Харин дотоодод боловсролын зээл төлөөгүй бол Монгол банкны хар жагсаалтад орсон атлаа гадаадад суралцахад зээл аваад төлөөгүй бол оруулаагүй байна. Энэхүү шударга бусаар ялгавартай хандаж ирсэн нь олон нийтийн бухимдлыг төрүүлж байна гэсэн бол УИХ-ын гишүүн Ж.Галбадрах, Боловсролын сангийн зээлийн санд 15 мянган диплом хураагдсан байна. Энэ асуудлыг яаралтай шийдэх ёстой. Онцгой эрэлттэй мэргэжилд багш орж байна. Ялангуяа хими, физикийн багш хөдөө орон нутагт дутагдалтай байна. Тиймээс Боловсролын сангийн зээлийг эрэлттэй мэргэжилд олгох зэрэг өөрчлөлтийг хийх хэрэгтэй гэв.
УИХ-ын гишүүн, тус байнгын хорооны дарга Ч.Ундрам, Боловсролын сангийн зээл зорилгодоо нийцэж, шударгаар сонгон шалгаруулж, дэлхийн жишигт нийцсэн иргэдийг бэлтгэх ёстой. Тиймээс дүрэм, журмыг нь сайжруулахын тулд Ажлын хэсэг байгуулахаар төлөвлөсөн. Монголын ард түмэн энэ жилийн олимпын наадамд оролцсон тамирчдын амжилтад үнэхээр сэтгэл дундуур байгаа. Тиймээс энэ талд дүгнэлт гаргах Ажлын хэсэг байгуулж ажиллана гэв. Ингээд Байнгын хороо Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2023 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, энэ талаарх санал, дүгнэлтээ Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд танилцуулахаар боллоо