Нүүр хуудасМэдээУИХ дахь МАН-ын бүлэг Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжлээ

УИХ дахь МАН-ын бүлэг Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжлээ

УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаан өнөөдөр /2024.01.08/ болж, гурван асуудлыг хэлэлцлээ.

Хурлын шийдвэрийн талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, дэд дарга М.Оюунчимэг, УИХ-ын гишүүн, Ёс зүй сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Баттөмөр, ажлын албаны дарга С.Далхаасүрэн нар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Хурлаар гурван асуудал хэлэлцсэн. Нэгдүгээрт, Үндсэн хуульд УИХ ээлжит чуулганы хуралдаан 75-аас доошгүй хоног хуралдахаар заасан байдаг. Хуулийн хугацаа дуусч байгаа учир УИХ-ын намрын чуулган энэ сарын сүүлээр завсарлахаар төлөвлөж байна.

УИХ авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх том зорилт тавьсан.  Үүнтэй холбоотойгоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг энэ намрын чуулганаар батлах шаардлагатай гэж үзсэн. Мөн Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийн эдийн засаг дахь оролцоог нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл зэрэг хуулиудыг УИХ-ын намрын чуулганаар багтаж батлах нь зүйтэй гэж үзлээ.

Хоёрдугаарт, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр нарын өргөн мэдүүлсэн Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Банкны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар санаачилсан. Тус хуулийн гол зорилго нь Банкны хувьцаа эзэмшигчдийн хувьцааны хэмжээ 20 хувиас хэтрэхгүй байх хууль 2024 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Үүнтэй холбоотой олон улсын байгууллага, банкуудаас “Хуулийн хэрэгжих хугацааг сунгаж өгөөч” гэдэг санал тавьсан. Иймд, Б.Баттөмөр нарын гишүүд санаачилсан Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг бүлгийн хуралдаанаар хэлэлцэж, асуулт асууж тодруулснаар хэлэлцэхийг дэмжлээ.

Гуравдугаарт, Сонгуулийн тухай хууль 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Хуулиар олон зүйлийг хориглосон. Тиймээс УИХ-ын гишүүд тойрогт ажиллахдаа анхаарах асуудлын талаар бүлгийн ажлын алба, СЕХ-оос мэдээлэл өгсөн. Дээрх гурван асуудлыг бүлгийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэлээ” гэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН