Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласан өдрийг 2025 оны 11 дүгээр сарын 26-нд улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлнэ. Энэхүү тэмдэглэлт өдрийн утга учрын тухай Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн захирал, хууль зүйн ухааны доктор, профессор Б.Амарсанаатай ярилцлаа.
– Монголчууд Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдрийг улс даяараа жил бүрийн арваннэгдүгээр сарын 26-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ өдрийн утга учир юунд оршдог вэ?
– Ер нь хүмүүс улс тунхагласан, тусгаар тогтносон гэдэг ойлголтуудыг андуурах гээд байдаг талтай. Монгол Улс тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан өдөр бол 1911 оны арванхоёрдугаар сарын 29. Харин Анхдугаар Үндсэн хуулийг баталж, улмаар Бүгд Найрамдах Улсаа тунхагласан өдөр нь 1924 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдөр юм. Эдгээр нь хоорондоо ялгаатай. Өөрөөр хэлбэл, улс тунхагласан өдрөөр бид хаангүй болж, парламент хэмээх төрийн институци засгийн эрхийг барьдаг, ард олноосоо төлөөлөл болон сонгогдож, эрх мэдлийг хэрэгжүүлдэг Бүгд Найрамдах Улсыг бий болгон, удирдах замд шуудран орсон түүхтэй.
Энэ өдөр баталсан Анхдугаар Үндсэн хуулийг баталснаар олон шинэ ойлголт, зүйлсийг бидэнд авчирсан. Жишээлбэл, эрэгтэй, эмэгтэй хүмүүс сонгуульд тэгш эрхтэйгээр оролцож, өрсөлдөх, сонгуульд санал өгөх тогтолцоог анх удаа бий болгосон. Гэтэл 200 гаруй жилийн түүхтэй гэгддэг Америкийн Нэгдсэн Улсын Үндсэн хуульд 1920 онд эмэгтэйчүүдийн сонгох, сонгогдох эрхийг хүлээн зөвшөөрч тусгасан байдаг. Түүнээс дөрөвхөн жилийн дараа манай улс хүйс үл хамааран сонгох, сонгогдох эрх чөлөөг баталгаажуулсан нь бахархууштай үйл явдал. Бүгд Найрамдах Улсыг тунхагласан зэрэг олон зүйлийг онцолж болох юм.
– Анхдугаар Үндсэн хуулийн хүрээнд Монголын нийгэмд олон зүйл өөрчлөгдсөн гэж та дүгнэлээ. Гол онцлог нь юу байв?
– Хамгийн бахархам зүйл нь Анхдугаар Үндсэн хуулиа батлахын тулд монголчууд бүгдээрээ нэгэн зэрэг хөдөлсөнд оршино. Түүхэндээ Монгол угсаатан цөмөөрөө улсаа байгуулчих юм сан гэсэн хүсэл, эрмэлзэл, дэвшилтэт үзэл санааг дэмжиж, Азийн бүс нутгийн хэмжээнд хоёр дахь Үндсэн хуулийг баталсан байдаг. Японы эзэнт гүрний дараа Монгол Улс Үндсэн хуультай болсон. Тэд эзэнт улсаа тунхагласан бол манай улс Бүгд Найрамдах Улсыг тунхагласан юм. Тэгэхээр монголчууд бүгдээрээ хичээж, зүтгэсэн учир утгатай. Гэхдээ үүний урьдач нөхцөл гэж бас байгаа. Тухайлбал хэдийгээр 1924 онд Анхдугаар Үндсэн хуулийг ард олноороо, бүх нийтээрээ хэлэлцэж, баталсан боловч 1911 онд тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан түүх ч утга учиртайг бид ойлгох ёстой. Тусгаар тогтнолоо сэргээчихээд Бүгд Найрамдах Улсаа тунхаглах асуудлыг хөндөж эхэлсэн нь он дамжин яригдсаар, 1921 онд Ардын хувьсгал ялж, улмаар бид Анхдугаар Үндсэн хуулиа баталсан гэж түүхийн он цагийн дарааллаар хэлж болно.
– Судлаачийн хувьд та олон нийтэд хандаж юуг захих бол?
– Юуны өмнө Анхдугаар Үндсэн хууль бол ард түмний бүтээл. Хойч үе, үр хүүхэд, иргэд бид өвөг дээдсийнхээ хичээл зүтгэлээр бахархан дээдлэх, түүхээ санаж сэрэх учиртай өдөр. Бусдын эрхшээлээс ангид, өөрөө өөрийгөө засаглах нөхцлийг бүрдүүлсэн баярын өдөр. Дараа дараачийн Үндсэн хуулиар хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулж ирсэн гэдгийг бүгдээрээ санаж, үнэ цэнийг нь ойлгож, санаж яваасай гэж хүсэх байна.





