Нүүр хуудасМэдээУИХ: “МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРАЛ-2023” ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

УИХ: “МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРАЛ-2023” ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

 Хууль тогтоох бүрэн эрхийн хүрээнд

2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд Улсын Их Хурал 328 хууль, 106 тогтоол батлуулжээ. Парламентат ёсыг бэхжүүлэх, ард түмний засаглах эрхийг хангахаар Улсын Их Хурлын гишүүдийн тоог 126 болгон нэмэгдүүлж, сонгуулийн холимог тогтолцоог тусгасан Үндсэн хуулийн өөрчлөлтийг батлав. Мөн нийгмийн даатгалын болон боловсролын салбарын багц хуулиудыг баталж, эрх зүйн томоохон реформ хийгээд байна.

“Зөвлөлдөж шийдье” зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулав

Улсын Их Хурлаас “Зөвлөлдөж шийдье” зөвлөлдөх санал асуулгын үйл ажиллагааг 4 үе шаттайгаар, амжилттай зохион байгуулж, улс орны нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг иргэдийн оролцоотойгоор тодорхойлсон.

2023.01.04 “Нийгэм, улс төр, эдийн засгийн тулгамдсан асуудал: Гарц, шийдэл” эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгууллаа. Улс орны хэмжээнд нэн тулгамдсан асуудлуудыг тодорхойлж, оновчтой, шуурхай шийдэх гарц, гаргалгааг олох зорилгоор “Зөвлөлдөж шийдье” сэдэвт зөвлөлдөх санал асуулга зохион байгуулах бэлтгэлийг хангах ажлын хүрээнд энэхүү эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулав.

2023.01.06 “Зөвлөлдөж шийдье” улсын хэмжээний зөвлөлдөх санал асуулгыг улсын хэмжээнд удирдан зохион байгуулах Зөвлөлдөх зөвлөлийг байгуулахаар Улсын Их Хурал шийдвэрлэв.

2023.01.11 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн болон улс төрийн нам, эрдэмтэн судлаачид, иргэд, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөгчид, Монгол Улсын үе үеийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын дарга нар, Ардын Их Хурал, Улсын Бага Хурлын депутатууд зэрэг 600 гаруй хүн оролцсон “Улс төр, эдийн засаг, эрхзүйн шийдэл-нийгмийн зөвшилцөл” чуулга уулзалтыг зохион байгууллаа.

2023.01.26 Зөвлөлдөх санал асуулгыг явууллаа. Зөвлөлдөх санал асуулгын нэг дэх шатны санал асуулгыг 2023 оны нэгдүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн Монгол орон даяар санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон 1570 иргэнээс авсан.

2023.02.14-15 Зөвлөлдөх уулзалт зохион байгуулсан юм. Зөвлөлдөх уулзалтад санал асуулгад оролцсон нийт иргэдээс санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон 20-89 насны 801 иргэн оролцов.

2023.02.17 “Зөвлөлдөж шийдье” сэдэвт зөвлөлдөх санал асуулгын дүнд үндэслэн гаргасан Зөвлөмжийг тус санал асуулгын Зөвлөлдөх зөвлөл Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт хүлээлгэн өглөө.

2023.01.05

Улсын Их Хурлын дэд даргаар Л.Мөнхбаатарыг сонгов

Монгол Улсын Их Хурлын дэд даргаар Л.Мөнхбаатарыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 73.9 хувь нь дэмжсэн тул “Монгол Улсын Их Хурлын дэд даргыг сонгох тухай” Улсын Их Хурлын тогтоолыг батлав.

2023.05.04

Унгар Улсын Үндэсний Ассамблейн дарга Көвер Ласло Монгол Улсад албан ёсны айлчлал хийлээ

Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатарын урилгаар Унгар Улсын Үндэсний Ассамблейн дарга Көвер Ласло тэргүүтэй төлөөлөгчид 2023 оны 5 дугаар сарын 04-07-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийлээ.

Айлчлалын үеэр Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Унгар Улсын Үндэсний Ассамблейн дарга Көвер Ласло нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа, парламент хоорондын хамтын ажиллагааны болон харилцан сонирхсон бусад асуудлаар санал солилцсон. Монгол Улс, Унгар Улстай 1950 оны дөрөвдүгээр сарын 28-нд дипломат харилцаа тогтоосон. Энэхүү айлчлал нь Унгар Улсын Үндэсний Ассамблейн даргын түвшний Монгол Улсад хийх хоёр дахь айлчлал бөгөөд манай хоёр улсын харилцаа, парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд ихээхэн ач холбогдолтой болов.

2023.05.31

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хэлэлцэн батлав

2023.05.03 Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан өргөн мэдүүллээ.

2023.05.31 Улсын Их Хурлын чуулганы энэ өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг Улсын Их Хурлын 66 гишүүн дэмжин батлав.

2023.06.05 Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг Ерөнхийлөгчид танилцуулснаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг нотлон баталгаажуулав.

2023.01-03 дугаар сар

Монгол Улсын Их Хурлын хяналт, шалгалтын тухай хуулийн дагуу анхны нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулав

Хөгжлийн банкны Хянан шалгах түр хороо нотлох баримт шинжлэн судлах сонсголыг гурван үе шаттайгаар зохион байгуулж, 2023.04.20-ны өдөр санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулав.

Улсын Их Хурлын 12 гишүүний бүрэлдэхүүнтэй Хянан шалгах түр хорооноос анх удаа гурван шаттайгаар зохион байгуулсан нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол нийтдээ 13 өдрийн үргэлжилж, 672 иргэнийг гэрчээр дуудсанаас 356 иргэн биечлэн оролцсон байна.

Хөгжлийн банкны нийт 7.8 их наяд төгрөгийн зээлийг хэн ямар зорилгоор авсан тухай мэдээллийг олон нийтэд ил тод болгож, ард иргэдийн мэдэх эрхийг ханган ажиллав.

2023.12.04-07, 2023.12.18-22 “Нүүрсний” гэх тодотголтой хэргийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг хоёр үе шаттайгаар Төрийн ордонд зохион байгуулав.  Хоёр үе шаттайгаар нийт 9 өдөр үргэлжилсэн нээлттэй сонсголоор нийт 60 сэдвээр нотлох баримтыг шинжлэн судалсан бөгөөд сонсголд Хянан шалгах түр хорооны гишүүд, хянан шалгагч, шинжээч, уригдсан албан тушаалтан, ажиглагчид болон гэрчүүд оролцжээ. Сонсголд давхардсан тоогоор нийтдээ 577 гэрч оролцуулахаар мэдэгдэх хуудас хүргүүлснээс 419 (72.6 хувь) гэрч ирсэн байна. Түүнчлэн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 16 хянан шалгах шинжээч оролцов.  

2023.06.12-13

“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-жендэрийн эрх тэгш байдал ба тогтвортой хөгжил” чуулга уулзалт болов

Улсын Их Хурал, АНУ-ын Стэнфордын Их сургууль, “Бан Ги Мун” сан, БНСУ-ын Эва эмэгтэйчүүдийн их сургуультай хамтран “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-жендэрийн эрх тэгш байдал ба тогтвортой хөгжил” чуулга уулзалт 06 сарын 12-13-ны өдрүүдэд зохион байгуулав. Чуулга уулзалтад 10 орны 52 зочин, төлөөлөгч оролцсон.


2023.07.06

БНЭУ-ын Парламентын доод танхим Лок Сабха-гийн дарга Ом Бирла Монгол Улсад албан ёсны айлчлав

Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатарын урилгаар Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Парламентын доод танхим Лок Сабха-гийн дарга Ом Бирла 2023 оны 7 дугаар сарын 6-9-ний өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлав.

Айлчлалын үеэр Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Энэтхэг Улсын Парламентын доод танхим Лок Сабха-гийн дарга Ом Бирла нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа, парламент хоорондын хамтын ажиллагаа болон харилцан сонирхсон бусад асуудлаар санал солилцсон.

2023.08.21

Ази, Номхон далайн орнуудын парламентчдын дэлхийн эрүүл мэндийн асуудлаарх VII чуулган өндөрлөж, “Улаанбаатарын тунхаг”-ийг баталлаа

Монгол Улсын Их Хурал, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Эрүүл мэндийн яам хамтран Дэлхийн эрүүл мэндийн асуудлаарх Ази, Номхон далайн орнуудын парламентчдын VII чуулганыг “Ирээдүйн төлөө анхан шатны тусламж үйлчилгээг бүтээе” сэдвийн дор 2023 оны наймдугаар сарын 21-нээс 23-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулав.

Энэхүү чуулганд Монгол Улсын Их Хурал, Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хамтран зохион байгуулсан уг чуулганд 15 орны парламентын гишүүн, дарга, эрүүл мэндийн сайд болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын нийт 70 гаруй төлөөлөгч оролцож, “Улаанбаатарын тунхаг”-ийг баталлаа.

2023.09.02 

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францист бараалхлаа

Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар Монгол Улсад төрийн айлчлал хийсэн Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францист бараалхлаа.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар хоёр улсын харилцааны түүхэнд анх удаа дээд түвшинд айлчлал хийж байгаад бид баяртай байгаагаа уулзалтын эхэнд тэмдэглэв. Тэрбээр, манай улсад хийж буй Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францисын төрийн айлчлал хоёр талын харилцаанд түүхэн шинэ  хуудас нээж, даян дэлхийн энх тайван, амар амгаланг цогцлоож, хүн төрөлхтний нийтлэг эрх ашгийг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой болж байгааг тэмдэглэж, эртний түүхэн харилцаатай Гэгээн Ширээт Улстай найрсаг харилцаа, хамтын ажилагаагаа өргөжүүлэн бэхжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын чухал зорилтуудын нэг мөн гэдгийг тэмдэглэв.

2023.09.08

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Үндэсний Ассамблейн дарга Сайсумпон Фумвихан Монгол Улсад албан ёсны айлчлав

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын урилгаар Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Үндэсний Ассамблейн дарга Сайсумпон Фумвихан 2023 оны 9 дүгээр сарын 8-11-ний өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлав. Айлчлалын хүрээнд Монгол, Лаосын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа, түүний дотор парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлж, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааг бэхжүүлэх, олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлуудаар санал солилцлоо.

2023.09.24

Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Төрийн Думын дарга Вячеслав Викторович Володин Монгол Улсад айлчлав

Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатарын урилгаар Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Төрийн Думын дарга Вячеслав Викторович Володин тэргүүтэй төлөөлөгчид 2023 оны 09 дүгээр сарын 24-26-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийв.

Айлчлалын хүрээнд Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володин нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа, парламент хоорондын хамтын ажиллагаа болон бусад асуудлаар санал солилцов. Түүнчлэн Монгол Улсын Их Хурал, Оросын Холбооны Улсын Холбооны Хурал хоорондын хамтын ажиллагааны Комиссын Анхдугаар хуралдаан боллоо. 

2023.10.17

Нийтийн өргөдөл хүлээн авах “D-Өргөдөл” цахим системийг эхлүүллээ

Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцох эрхийг хангах боломжийг бүрдүүлж “D-Parliament” платформыг өргөжүүлэн Улсын Их Хурлын бүрэн эрхэд хамаарах тодорхой асуудлыг шийдвэрлүүлэх иргэний саналыг хүлээн авах D-Өргөдөл буюу “Нийтийн цахим өргөдөл, гомдлын систем”-ийг ажиллуулж эхлэв. Тус систем дээр Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулж, нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтыг 5 хувиас доошгүй байх анхны нийтийн өргөдлийг УИХ-ын дарга санаачилж, зургаа хоногийн хугацаанд 104.791 иргэн дэмжив.

2023.11.22-23

Жендэрийн мэдрэмжээ үнэлж буй 13, хүний эрхийн мэдрэмжээ үнэлж буй анхны парламент боллоо

Улсын Их Хурал нь Олон Улсын Парламентын Холбооноос боловсруулсан аргачлалын дагуу хүний эрх болон жендэрийн асуудлаар хоёр төрлийн үнэлгээ хийх үйл ажиллагааг 2023 оны 11 дүгээр сарын 22, 23-ны өдрүүдэд зохион байгуулав. Монгол Улсын Их Хурал нь жендэрийн мэдрэмжээ үнэлж буй 13 дахь парламент болж байгаа бол хүний эрхийг хэрхэн хангаж буй талаар өөрийн үнэлгээгээ хийж буй анхны парламент боллоо.

2023.11.25

Өсвөр үеийнхний хөгжил, оролцоог бодитоор дэмжих зорилготой “Өсвөрийн парламент-2023” хөтөлбөр эхлэв

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын санаачилгаар 2021 оноос эхэлсэн “Өсвөрийн парламент” хөтөлбөрийг гурав дахь жилдээ зохион байгуулж байна.

Өсвөрийн парламент 2023” хөтөлбөрийг “Эрүүл орчин – Эрүүл хүүхэд” сэдвийн хүрээнд зохион байгуулж буйгаараа онцлогтой. Хөтөлбөрийн бүртгэлийг 9-11 дүгээр ангийн сурагчдын дунд үндэсний хэмжээнд зарлаж, 700 гаруй сурагч орчны эрүүл мэндийн талаар эсээ бичиж, видео бичлэг хийж ирүүлснээс 150 сурагчийг зохион байгуулагчид сонгон шалгаруулжээ.

2023.11.30

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргаар Д.Энхбатыг томилов

Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргаар эрх зүйч, доктор Дамдины Энхбатыг томиллоо.

Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр 2001 онд төгсөж, 2008 онд Удирдлагын академийг Төрийн удирдлагын магистр, 2013 онд БНХАУ-ын Өвөр Монголын их сургуульд докторын зэрэг хамгаалжээ. Тэрбээр, 2009-2017 онд Улсын Их Хурлын Тамгын газарт зөвлөх, ахлах зөвлөх, 2017-2022 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт Засгийн газрын ахлах референтээр ажилаж байсан бөгөөд 2022 оноос Улсын Их Хурлын Тамгын газарт хэлтсийн даргаар ажиллаж байв. Д.Энхбат төрийн албанд 15 жил, үүнээс Улсын Их Хурлын Тамгын газарт 11 жил ажиллаж байгаа юм.

2023.12.09

“Хүний эрхийн түгээмэл тунхаглал”-ын 75 жилийн ойд зориулсан Монгол Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан боллоо

НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг баталсны 75 жил, НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссарын алба байгуулагдсаны 30 жил, Хүний эрхийг хөхиүлэн дэмжих, хамгаалах үндэсний байгууллагуудын Парисын зарчим батлагдсаны 30 жилийн ойд зориулсан Улсын Их Хурлын Хүндэтгэлийн хуралдаан боллоо. 

1948 оны 12 дугаар сарын 10-ны өдөр НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас баталсан Хүний эрхийн түгээмэл тунхаглал нь дэлхийн хаана байгаа, хэн байхаас үл хамааран хүн бүр угаас заяасан үнэ цэн, нэр хүнд, нандин чанар, салшгүй эрхтэй гэдгийг хүн төрөлхтний түүхэнд анх удаа тунхаглаж, хүлээн зөвшөөрсөн  түүхэн ач холбогдолтой баримт бичиг юм.

Монгол Улс 1961 онд НҮБ-ын бүрэн эрхт гишүүн болсноос хойш өнөөдрийг хүртэл нийт 294 олон талт олон улсын гэрээг соёрхон баталсан. Тэдгээрээс хүний эрхийн суурь 8 конвенц, тэдгээрийг дагалдах 40 гэрээнд нэгдээд байна.

2023.12.11

“Хуулийн төсөл боловсруулагчдын сургалт”-ыг зохион байгуулав

Улсын Их Хурлын Тамгын газраас, Монголын Хуульчдын Холбоо, Швейцарын хөгжлийн агентлагтай хамтран “Хуулийн төсөл боловсруулагчдын сургалт”-ыг зохион байгуулав. Улсын Их Хурлын Тамгын газраас хуулийн төслийн мэргэшсэн, чадварлаг, хүлээн зөвшөөрөгдсөн эх баригчдыг бэлтгэх сургалтын механизм бүрдүүлэхээр тус сургалтыг хоёр дахь удаагаа зохион байгуулсан юм.

2023.12.13

Үе үеийн эмэгтэй парламентчид чуулж, “Шийдвэр гаргах түвшинд тэгш төлөөллийг хангахад чиглэсэн арга зам” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүллээ

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төсөл, БНСУ-ын Олон улсын хөгжлийн агентлагтай  хамтран үе үеийн эмэгтэй парламентчдыг оролцуулсан “Эмэгтэй парламентчдын чуулган-2023”-ыг Төрийн ордонд зохион байгууллаа.

2024 оны Улсын Их Хурлын сонгуулиас эхлэн нэр дэвшигчдийн 30%, 2028 оноос 40% нь аль нэг хүйсийнх байх, жагсаалтаар нэр дэвшигчдийн хүйсийн харьцаа 1:1 байхаар хуульд өөрчлөлт оруулсан юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН