Монгол Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр (2024.01.25) Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Жао Лөжи-тэй уулзаж, хоёр талын харилцаа, худалдаа, эдийн засгийн болон бусад салбарын хамтын ажилллагааны талаар санал солилцлоо.
Уулзалтад Монголын талаас Монгол-Хятадын парламентын бүлгийн гишүүд болох Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин, Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Б.Пүрэвдорж, С.Ганбаатар, Д.Батлут нар болон Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Бадрал БНХАУ-ын талаас Бүх Хятадын АрдынТөлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны нарийн бичгийн дарга Лю Чи, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Гадаад хэргийн хорооны дарга Лоу Чиньжянь, ГХЯ-ны Азийн газрын Элчин сайд Ван Фүкан нарын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хороо, Монгол-Хятадын парламентын бүлгийн гишүүд байлцлаа.
Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар, Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Жао Лөжи-тэй уулзаж буйдаа баяртай байгаагаа илэрхийлсэн. Тэрбээр, Монгол Улсын Их Хурал, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал хоорондын Байнгын уулзалтын механизмын 5 дугаар уулзалт амжилттай болж өндөрлөсөнд сэтгэл хангалуун буйгаа дурдаад, цар тахлаас хойш анхны биечилсэн уулзалт болж байгааг тэмдэглэв.
Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд хоёр улсын хилийн боомтын хүчин чадлыг нэмэгдүүлж, хоёр улсыг холбосон боомтын төмөр замын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх, эрх зүйн үндсийг бэхжүүлэх чиглэлд хамтын ажиллагаагаа идэвхжүүлэх шаардлагатай байгааг дурдав. Тухайлбал, 1955 онд байгуулсан “Монгол, Хятадын хилийн төмөр замын хэлэлцээр”-ийг шинэчлэх асуудлын хүрээнд төмөр замын байгууллага хоорондын хамтын ажиллагааг урагшлуулахад анхаарал хандуулахыг хүслээ.
Мөн “Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын 2004 оны хэлэлцээр”-т нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын хүрээнд Ханги-Мандал хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын асуудлаар талууд нэгдсэн тохиролцоонд хүрч холбогдох ажлыг эхлүүлэх, уул уурхайн бус бүтээгдэхүүний худалдааг нэмэгдүүлэх ажлын хүрээнд зүүн бүсийн Хавирга-Архашаат, Баянхошуу-Өвдөг болон баруун бүсийн Булган-Такашикен боомтуудаар амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бараа бүтээгдэхүүнийг харилцан нэвтрүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх зэрэг саналуудыг дэвшүүллээ.
Үүнээс гадна инновац, хиймэл оюун ухаан,технологи зэрэг чиглэлийн ололтод тулгуурласан ногоон эдийн засаг, цахим эдийн засгийг хөгжүүлэхэд түлхүү хамтран ажиллах хүсэлтэй байгаа илэрхийлэв.
Уулзалтын үеэр талууд 2024 онд тохиох Монгол Улс, БНХАУ хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой, Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээ байгуулсны 30 жил, Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосны 10 жилийн ойн хүрээнд хамтарсан арга хэмжээ зохион байгуулах, улс төрийн харилцан итгэлцлээ бэхжүүлэх зэрэг асуудлуудаар санал солилцов.
Мөн талууд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны харилцан сонирхсон асуудлаар ажил хэрэгч яриа өрнүүлж, хоёр талын хамтын хүчин чармайлтын дор Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа өргөн агуулгаар баяжиж, шинэ шатанд гарна гэдэгт эргэлзэхгүй байгаагаа илэрхийллээ.
Ташрамд дурдахад, Монгол Улсын Их Хурал нь Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Оросын Холбооны Улс, Европын Холбоо зэрэг улс орнуудын хууль тогтоох адил байгууллагатай Байнгын уулзалтын механизмтай бөгөөд тус уулзалтуудаар дамжуулж, хоёр орны хооронд чухал салбарын хамтын ажиллагааг цаашид хэрхэн өргөжүүлэх талаар санал солилцдог