Нүүр хуудасМэдээУИХ: Стандарт, хэмжил зүйн эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр санал солилцлоо

УИХ: Стандарт, хэмжил зүйн эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр санал солилцлоо

Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүд өнөөдөр /2025.11.12/ Стандарт, хэмжил зүйн газарт ажиллалаа.

Тус ажлын хэсгийн ахлагч Улсын Их Хурлын гишүүн П.Батчимэг, Л.Соронзонболд нар салбарын удирдлагуудтай уулзан хууль эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр санал солилцов.

Уулзалтын эхэнд Стандарт, хэмжил зүйн газрын дарга С.Батбаатар хуулийн шинэчилсэн найруулгын төслийг танилцуулав. Тэрбээр, Стандарт, хэмжил зүйн газар 5 чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд салбарын гол харилцааг Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль болон Хэмжил зүйн тухай хуулиар зохицуулж байна гээд салбарын бодлого, үйл ажиллагааны чиглэлээр мэдээлэл хүргэлээ.

Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч П.Батчимэг яриандаа хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүдээс ирүүлсэн зарчмын зөрүүтэй саналуудыг хэлэлцэх нь зүйтэй бөгөөд цаашид салбарын мэргэжилтэн, шинжээчдээс гадна хувийн хэвшлийн байгуулллага, мэргэжлийн холбоодын төлөөлөл бүхий дэд ажлын хэсгийг байгуулна гэв. Мөн стандартгүй салбар, бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээ гэж үгүй тул бүхий л талын эрх ашгийг хуулинд тусгах нь чухал гэлээ.

Ажлын хэсгийн зүгээс хуулийн нэр томъёоны тодорхойлолтыг ойлгомжтой болгохоос гадна стандарт, тохирлын үнэлгээний үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдийг бүртгэлжүүлэх, хяналт тавих, тохирлын үнэлгээний байгууллагын эрх үүргийг тодорхой болгох, мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх зэрэг асуудлыг хуулиар зохицуулах нь зүйтэй гэж үзлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН