Монгол Улсын Их Хурлын Тамгын газраас 2022 оноос эхлэн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, их, дээд сургуулийн оюутан, залууст зориулсан “Парламентын боловсрол” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа билээ. 2024-2025 оны хичээлийн шинэ жилийг тохиолдуулан өнөөдөр (2024.08.29) сурагчдын өөрөө удирдах байгууллагын төлөөлөл болох Монголын охидын зөвлөл, Монголын хөвгүүдийн зөвлөлийн сурагчид “Парламентын боловсрол” хөтөлбөрт хамрагдлаа.
Улсын Их Хурлын Тамгын газрын дэд дарга Ү.Амарбат сурагчидтай уулзаж, хууль тогтоох үйл ажиллагааны онцлог, Улсын Их Хурлын 2024 оны намрын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн хүүхдийн эрхийг хамгаалах хуулийн төслийн талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр хэлсэн үгэндээ, “Парламентаас гарч байгаа аливаа шийдвэр бүхэн хэлэлцүүлэг, мэтгэлцээн, талуудын оролцоонд тулгуурлан гарах учиртай. Энэ зарчмыг ч баримтлан ажиллаж байна. Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганаар хүүхдийн эрх, эрх чөлөөг хангах чиглэлд анхаарсан хэд хэдэн хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн. Тухайлбал, Өсвөр насны хүүхдүүдийн дунд өргөн хэрэглэгдэх болсон цахилгаан дугуйны хэрэглээний асуудал байгаа. Нэг талаар авто замын түгжрэлд хэрэгцээтэй байгаа боловч нөгөө талаар хүүхдүүдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдалд сөрөг үр дагавар үзүүлж байна. Хүүхдийн эрх чөлөө, аюулгүй байдлыг хангахад оновчтой шийдэл гаргах хэрэгтэй болж байгаа учраас эрх зүйн зохицуулалт зайлшгүй шаардлагатай. Мөн электрон тамхины хэрэглээний асуудал бий. Электрон тамхийг утаат тамхитай адилтгах эсэх, зарж борлуулах цэг, хэрэглэгчдийн эрүүл мэнд зэрэг олон талын зохицуулалт орхигдсон. Энэ мэтчилэн шинэ тутамд үүссэн асуудлуудыг шийдэхэд олон нийтийн дунд нээлттэй хэлэлцүүлэг, мэтгэлцээнийг зохион байгуулж, талуудын үндэслэлтэй байр суурийг сонсож, шийдвэрээ гаргах хэрэгтэй. Энэ чиглэлд Улсын Их Хурал, түүний Тамгын газар онцгой анхаарч ажиллана” гэлээ.
Хөтөлбөрийн хүрээнд сурагчдад парламентат ёсны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, Улсын Их Хурлын үйл ажиллагаа, Төрийн ордонтой танилцах аялалд оролцуулсан юм. Мөн Монголын мэтгэлцээний нэгдсэн танхимтай хамтран сурагчдын дунд “Сурагчдад цахим орчны дарамт нь шууд дарамтаас илүү хор нөлөөтэй” сэдвээр мэтгэлцээний тэмцээнийг зохион байгуулав.
Мэтгэлцээний нотлогч, няцаагч багийн гишүүд үе тэнгийнхэндээ цахим орчныг зөв хэрэглэж сурах, өөрсдийн хувийн мэдээллийг хамгаалж байхыг уриалж, асуудал дэвшүүлэн мэтгэлцлээ. Уг мэтгэлцээний бичлэгийг видео хичээл болгож, Улсын Их Хурлын албан ёсны нийгмийн сүлжээний хаягаар дамжуулан олон нийт, өсвөр үеийнхэнд түгээх юм.
Мэтгэлцээнийг явцуу утгаар харвал хэдэн хүн тойрч суугаад гоё сайхан зүйл ярилцаж байгаа мэт боловч том агуулга, философийн хувьд харвал хүнийг эрхийг бүрэн дүүрэн хангаж, эдлүүлэхийн төлөө юуг хийх, ямар гарц шийдэл байгааг үндэслэлтэй, нотолгоотой ярилцдаг, хэлэлцдэг талбар. Ардчилсан нийгэмд мэтгэлцээн нь улс төрийн үйл явцыг ойлгож, өөрийн үзэл бодлоо хамгаалах арга хэрэг болдог гэдгийг Монголын мэтгэлцээний нэгдсэн танхимын тэргүүн С.Жаргалсайхан онцлоод сурагчдад амжилт хүслээ.
Мөн Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан сурагчдад мэндчилгээ дэвшүүлснийг Улсын Их Хурлын даргын зөвлөх Н.Булгантамир уламжлав.
Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан мэндчилгээндээ, “Эрдэм номын их аяны гараа, мэдлэг оюуны их замд хөтлөх өртөө болсон хичээлийн шинэ жилийн босгон дээр парламентын үйл ажиллагаатай танилцаж, өөрсдөдөө тулгарч буй асуудлаар нээлттэй мэтгэлцэж, санал шийдэл дэвшүүлж байгаад Улсын Их Хурлын даргын хувьд талархал илэрхийлье. Хүүхдүүд та бүхэн монгол ёс уламжлал, түүхээ мэддэг, ахас дээдсээ хүндэлдэг, хүний эрхийг дээдэлдэг, парламентын засаглалаа мэддэг, өөрийн гэсэн үзэл бодолтой, дэлхийд өрсөлдөх чадвартай монгол иргэн болж төлөвших нь эх орондоо оруулж буй хамгийн том хувь нэмэр билээ. Эрдэм номын мөрөөр ирээдүйн өнгийг зурж, эх орныхоо хөгжил дэвшлийн буухиаг үргэлжлүүлэх эрхэм дүү нартаа хичээл сурлагын өндөр амжилт хүсье” гэжээ