Нүүр хуудасМэдээУИХ: ТБХ нь УИХ-ын намрын ээлжит чуулганаар 44 асуудлын хүрээнд долоон хууль,...

УИХ: ТБХ нь УИХ-ын намрын ээлжит чуулганаар 44 асуудлын хүрээнд долоон хууль, УИХ-ын гурван тогтоолыг батлуулж, яам, агентлаг, харьяа байгууллагын найман тайлан, мэдээллийг хэлэлцэн шийдвэрлэж, Байнгын хорооны долоон тогтоол баталжээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы хугацаанд Төсвийн байнгын хороо нийт 25 удаа хуралдаж, 44 асуудлын хүрээнд долоон хууль, Монгол Улсын Их Хурлын гурван тогтоолыг батлуулж, яам, агентлаг, харьяа байгууллагын найман тайлан, мэдээллийг хэлэлцэн шийдвэрлэж, Байнгын хорооны долоон тогтоол баталжээ

Энэ үеэр Байнгын хорооны дарга Н.Наранбаатар, тайлант хугацаанд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай,  Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, мөн Засгийн газрын үнэт цаас гаргах эрх олгох тухай, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай, Тогтоолд нэмэлт оруулах тухай зэрэг Монгол Улсын Их Хурлын гурван тогтоолын төсөл болон бусад холбогдох асуудлуудыг хэлэлцсэнийг дурдаад хууль, тогтоол тус бүрийн талаар танилцуулав.

Тухайлбал, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дөрөв үе шаттайгаар, Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг таван үе шаттайгаар хэлэлцэн, төсвийн төслийн хэлэлцүүлэгт олон нийтийн оролцоог хангах зорилгоор нийт долоон удаагийн хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Энэ нь Монгол Улсын төсвийг илүү үр дүнтэй хэлэлцэн батлах, түүний хэрэгжилтэд хяналт тавих боломжийг бүрдүүлснээрээ онцлогтой гэж байлаа.

Мөн Монгол Улсын 2026 оны төсвийн бодлого нь хүний хөгжлийг бодлогынхоо цөмд тавих, эдийн засгийн бүтцийн шинэчлэлийг эрчимжүүлэх, эрчим хүчний найдвартай, тасралтгүй үйл ажиллагааг хангах, цахим шилжилтийг эрчимжүүлж, их өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалтыг зорилтоо болгох, эдийн засаг дахь төрийн оролцоог бууруулж, хувийн хэвшилд суурилсан өсөлтийг дэмжихэд чиглэсэн гэдгийг Байнгын хорооны дарга онцлон тэмдэглэсэн.

Тэрбээр 2026 оны төсвийн жилд нэгдсэн төсвийн нийт орлого ба тусламжийн дүнг 35.3 их наяд, улсын төсвийн орлогыг 20.5 их наяд төгрөгөөр, Төсвийн тогтворжуулалтын санд 367.7 тэрбум төгрөг, Үндэсний баялгийн санд 2,956.1 тэрбум төгрөгийг хуримтлуулахаар тооцсоныг дурдаад гол нэр төрлийн бүтээгдэхүүний экспортын хэмжээг өмнөх оныхоос бууруулахгүй байх, худалдааны боомтуудын дэд бүтцийг шинэчлэн сайжруулж, хилийн нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, төмөр замын үйл ажиллагааг эрчимжүүлэх, гааль, татварын бүртгэлийн мэдээллийн системийг боловсронгуй болгох, иргэдийн татварын ачааллыг багасгах, орлогын тэгш бус байдлыг бууруулах замаар татварт хамрагдалтыг нэмэгдүүлэх бодлогыг төсвийн орлого бүрдүүлэх гол нөхцөл гэж үзсэн гэв.  

Ирэх онд нүүрсний зах зээлийн үнийг тонн тутамд 70.0 ам.доллар, экспортын хэмжээг 90.0 сая тоннд хүргэх, зэсийн зах зээлийн үнийг тонн тутамд 9,700.0 ам.доллар, зэсийн баяжмалын экспортыг 1.9 сая тоннд хүрэхээр тооцсоны үр дүнд төсөвт уул уурхайн салбараас 9.3 их наяд төгрөгийг төвлөрүүлэхээр тооцож баталсан гээд  2026 онд нэгдсэн төсвийн нийт зарлага ба цэвэр зээлийн дүнг 33.0 их наяд, улсын төсвийн нийт зарлага ба цэвэр зээлийн дүнг 22.9 их наяд төгрөгөөр тус тус баталснаас урсгал зарлагыг 24.9 их наяд, хөрөнгийн зардлыг 8.6 их наяд төгрөгөөр, эргэж төлөгдөх цэвэр зээлийн дүнг 490.4 тэрбум төгрөгөөр тооцсон гэж байлаа.

Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2026 оны төсвийн төслийг Монгол Улсын Их Хурлаар хэлэлцэн батлахдаа долоон удаагийн олон нийтийн хэлэлцүүлгээс гарсан саналууд болон нийгэмд үүссэн шаардлагуудыг шийдвэрлэхтэй холбоотойгоор багш нарын үндсэн цалинг 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 742.0 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх, мөн оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2,8 сая төгрөгт хүргэхээр тооцоолж, боловсролын салбарын санхүүжилтийг 518.6 тэрбум төгрөгөөр, эмч, эмнэлгийн байгууллагын ажиллагсдын цалинг 15.0 хувиар нэмэгдүүлэхээр тооцож, эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг 190.3 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх, мөн төрийн өмчийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн ажилчдын цалинг 15.0 хувиар, ахмад настны болон халамжийн тэтгэврийг инфляцын түвшинтэй уялдуулан 8.6 хувиар, хөгжлийн бэрхшээлтэй хүний тэтгэвэр болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн амьжиргааг дэмжих тэтгэмжийг 20 хувиар тус тус нэмэгдүүлэхээр тооцож, санхүүжилтийг холбогдох сайдуудын төсвийн багцад нэмж тусгасан гэв.


2026 оны төсвийн жилд улсын төсвийн хөрөнгөөр 11.1 их наяд төгрөгийн төсөвт өртөгтэй, нийт 738 төслийг 3.3 их наяд төгрөгөөр санхүүжүүлэхээр тусгасныг Байнгын хорооны дарга мэдээллийнхээ үеэр онцоллоо

Байнгын хорооны дарга Н.Наранбаатар, цаашид Улсын Их Хурлаас баталсан дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд нийцүүлэн төсвийн төлөвлөлт, гүйцэтгэлийг хангуулах, төсвийн тогтвортой байдал, хариуцлага, сахилга батыг сайжруулах, Улсын Их Хурлаас баталсан төсвийг зориулалтын дагуу үр дүнтэй зарцуулах, тусгай сангуудын үйл ажиллагааг сайжруулах, Төрийн аудитын байгууллагын зөвлөмжийн хэрэгжилтийг сайжруулах, аудитын зөвлөмжийг биелүүлээгүй тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг чангаруулах зэрэг асуудлыг судалж, хэрэгжүүлэх нь чухал гэдгийг онцлон тэмдэглэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН