УИХ-н гишүүд өнгөрсөн долоо хоногт Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн дагуу тойргийнхоо иргэдээс санал авах, зөвшилцөх, өөрчлөлтөө танилцуулах зорилгоор тойргууддаа уулзалтуудыг хийгээд ирлээ.

ҮХОӨ нэг л зүйл, заалттай бөгөөд тэр нь гишүүдийн тоог 152 болгох, хагасыг нь пропорциональ тогтолцоогоор, хагасыг нь тойргоос сонгох. Харин УИХ-ын дарга Г.Занданшатар өнгөрөгч 7 хоногт зөвхөн өөрийн сонгогдсон Баянхонгор аймаг биш Архангай, Өвөрхангай аймгуудаар явж иргэдтэй уулзалт хийсэн байна.

“Иргэдийн санал, нийгмийн хүсэл зорилгод үндэслэн гажуудлыг засна” урианы дор хийсэн уулзалтуудын үеэр тэрээр 152 биш 108 гишүүнтэй байх талаар иргэдтэй санал солилцжээ. Үндсэн хуулийн өөрчлөлт нь 152 УИХ-ын гишүүнтэй байхаар өргөн баригдсан байхад УИХ-ын дарга 108 гишүүнтэй байхын ач холбогдлын талаар санал солилцож явжээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар хоёрын ойр харилцаатайг улс төрийн хүрээнийхэн мэднэ. Хэрвээ УИХ-ын дарга 108 гэдэг тоон дээр иргэдийн саналыг сонсож яваа бол гишүүдийн тоо 108 болох юм байна гэсэн яриа улс төрийнхний дунд гараад эхэлжээ.