Нүүр хуудасМэдээУИХ: Улсын Их Хурлын Тамгын газрын албан хаагчид дэвшилтэт технологийг нэвтрүүлэх талаар...

УИХ: Улсын Их Хурлын Тамгын газрын албан хаагчид дэвшилтэт технологийг нэвтрүүлэх талаар хэлэлцлээ

Монгол Улсын Их Хурлын Тамгын газар өнөөдөр (2025.02.18) “Дэвшилтэт, шинэ үеийн парламентын хэрэгцээ, шаардлагад нийцсэн чадварлаг, өндөр бүтээмжит ажлын алба” сэдэвт семинарыг зохион байгууллаа.

Семинараар Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд хууль тогтоох байгууллагын ажлын алба шинэлэг арга барилаар ажиллах, технологийн дэвшлийг ашиглах замаар бүтээмжээ сайруулах боломж, сорилтын тухай хэлэлцсэний зэрэгцээ 2025 онд хэрэгжүүлэх онцлох ажил, төсөл хөтөлбөрүүдийн талаар санал солилцов.

Семинарын эхэнд Монгол Улсын Их Хурлын гишүүн О.Батнайрамдал бодлого боловсруулах үйл ажиллагаанд хиймэл оюуныг ашиглаж буй олон улсын туршлага, хөгжлийн чиг хандлагын тухай илтгэл тавив. Эдүгээ улс орнуудын хөгжлийг илтгэх гол шалгууруудын нэг нь хиймэл оюуныг ашиглаж буй байдал болсныг тэрбээр илтгэлдээ онцлоод, хууль тогтоох үйл ажиллагаанд хиймэл оюуныг ашиглах боломж бүрдэж байгааг дурдлаа.

Мөн семинарт дижитал шилжилт болон процессын дахин инженерчлэл, робот автоматжуулалтын талаар зөвлөх Н.Цэрэндаваа танилцуулж, Тамгын газрын үйл ажиллагаанд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн төслийн удирдлагын арга ажиллагааг нэвтрүүлж, үр дүнд хүрэхийн ач холбогдлын талаар зөвлөх У.Хосжаргал мэдээлэл хийв.

Нэг зорилгын төлөө хамтран ажиллаж буй хүн бүр хоорондоо нягт харилцаатай байж, хувь хүний өөрчлөлт, хөгжлийн тухай мэдээллийг үргэлж шинэчилж, ойлгож байх ёстойг сэтгэл зүйч Ц.Энхжаргал харилцааны менежмент сэдвийн хүрээнд зөвлөсөн бол хуульч Д.Ганзориг Монгол Улсын хуулиуд болон хууль бүтээх үйл ажиллагаанд нийтлэг илэрч буй асуудлуудыг Зөвшөөрлийн тухай хуулиар жишээлэн ярив.

Семинарын үдээс хойших хуралдаанд Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж, Улсын Их Хурлын Тамгын газрын Тэргүүн дэд дарга Ч.Ариунхур нар Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөө болон Тамгын газрын 2025 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний талаар танилцуулав.

Тамгын газар Монгол Улсын Их Хурлын үйл ажиллагаанд мэргэжил, арга зүй, техник, зохион байгуулалтын туслалцаа үзүүлэх үндсэн чиг үүргээ мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэж, Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратегийн төлөвлөгөөг үр дүнтэй хэрэгжүүлэн, төрийн албаны манлайллыг үзүүлж ажиллахын тулд технологийн хөгжилтэй мөр зэрэгцэн, шинэ ур чадварт тасралтгүй суралцах шаардлагатайг Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж онцлов.

Энэхүү семинар нь Швейцарын хөгжлийн агентлагтай хамтран хэрэгжүүлж буй “Парламентын институцийг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд үе шаттай хэрэгжүүлэх сургалт-хөгжлийн цуврал арга хэмжээний нэг юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН