Нүүр хуудасМэдээУИХ: Хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлж, УИХ-ын тогтоолын төслийг батлав

УИХ: Хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлж, УИХ-ын тогтоолын төслийг батлав

Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2024.03.29) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 54 минутад эхэлж, Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил нарын 2 гишүүний 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ. Улсын Их Хурлын 2024 оны 03 дугаар сарын 22-ны чуулганы нэгдсэн хуралдаанаар дээрх төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийн үеэр Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг завсарлага авсан нь өнөөдөр дууссан бөгөөд Улсын Их Хурлын гишүүн, тус бүлгийн дарга О.Цогтгэрэл завсарлагын хугацаа дууссантай холбогдуулан үг хэлсэн юм.

Тус өдрийн хуралдааны үеэр гишүүд Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлт, хууль санаачлагчийн илтгэл, хуулийн төслийн үзэл баримтлалтай холбогдуулан асуулт асууж, хариулт, тайлбар авсан юм. Өнөөдрийн хуралдаанаар хуулийн төслийн үзэл баримтлалтай холбогдуулан гишүүд үг хэлэв. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй уялдуулах, эрдэмтэн, судлаачдын санал, дүгнэлт, олон улсын байгууллагуудын зөвлөмж гэх зэрэгт үндэслэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн, батлах шаардлагын талаар Ц.Мөнхцэцэг гишүүн хэллээ. Улсын Их Хурал төслийн хэлэлцэхийг дэмжсэн тохиолдолд холбогдох ажлын хэсгийг байгуулж, эрдэмтэн, судлаачид, улс төрийн нам, эвслүүд, иргэний нийгмийн төлөөлөл, хэвлэл мэдээллийн төлөөлөл зэргийг оролцуулсан хэлэлцүүлгүүдийг зохион байгуулж, тодорхой асуудлуудыг сайжруулах боломжтой гэж үзэж байгаагаа мөн дурдсан. Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат, Н.Алтанхуяг нар хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн бол Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан, Б.Баттөмөр нар Үндсэн хуулийн цэц нь хүний үндсэн эрхийн маргааныг хянан хэлэлцдэг буюу иргэдийн үндсэн эрхийн баталгааг хангадаг гол механизм болж, чанаржиж, шүүхийн статустай ажиллах зохицуулалтыг төсөлд тусгасан гэдгийг онцлоод, төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн.

Ийнхүү гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 37 гишүүний 67.6 хувь нь дэмжсэн тул Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.

Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх хэлэлцүүлгээр өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжлэв. Улсын Их Хурлын 2024 оны 03 дугаар сарын 22-ны чуулганы нэгдсэн хуралдаанаар дээрх төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийн үеэр Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг завсарлага авсан нь өнөөдөр дууссан тул ийнхүү үргэлжлүүлэн хэлэлцлээ. Тухайн өдрийн чуулганы нэгдсэн хуралдааны үеэр гишүүд Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлт, хууль санаачлагчийн илтгэл, хуулийн төслийн үзэл баримтлалтай холбогдуулан асуулт асууж, хариулт, тайлбар авсан бөгөөд өнөөдрийн хуралдаанаар хуулийн төслийн үзэл баримтлалтай холбогдуулан гишүүд үг хэлэх шаардлагагүй хэмээн үзэв. Иймд санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүдийн олонх буюу 70.3 хувь нь Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харьяалах Байнгын хороонд шилжүүлэв.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн “Монгол Улсын нэгдэн орсон олон талт олон улсын гэрээний хэрэгжилтийн талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан танилцуулсан.

Монгол Улс олон талт олон улсын гэрээнд нэгдэн орсноор хүлээсэн үүргийн хэрэгжилтийн тайланг холбогдох олон улсын байгууллагад хүргүүлэх, тайлантай холбогдуулан олон улсын байгууллагаас ирүүлсэн зөвлөмжийн дагуу хэрэгжүүлж байгаа ажлын явц байдалтай танилцах, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн тайлан, санал, дүгнэлтийг Хууль зүйн байнгын хороо 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хэлэлцсэн юм. Хууль зүйн байнгын хороо Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-т заасныг баримтлан “Монгол Улсын нэгдэн орсон олон талт олон улсын гэрээний хэрэгжилтийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулжээ.

Тогтоолын төсөлд Монгол Улсын олон талт олон улсын гэрээтэй холбоотой эрх зүйн орчныг боловсронгуй болгох, холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг боловсруулж, өргөн мэдүүлэх, Монгол Улсын олон талт олон улсын гэрээ болон холбогдох тайлбаруудыг орчуулж, хэвлэн нийтлэх, олон улсын гэрээний хэрэгжилт хариуцсан төрийн албан хаагчдыг чадавхжуулах, олон улсын гэрээний талаарх иргэдийн боловсролыг дээшлүүлэх, олон улсын гэрээний зүйл, заалтын практик хэрэглээг бий болгох, хэрэгжилт хариуцах төрийн байгууллага хоорондын уялдаа холбоо, мэдээлэл дамжуулах, солилцох цахим мэдээллийн нэгдсэн санг бий болгохыг Монгол Улсын Засгийн газарт даалгахаар тусгасан хэмээн Б.Энх-Амгалан гишүүн танилцууллаа. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх “Монгол Улсын нэгдэн орсон олон талт олон улсын гэрээний хэрэгжилтийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, батлуулах нь зүйтэй гэж үзсэн байна.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат асуулт асууж, ажлын хэсгээс хариулт, тайлбар авав. Үргэлжлүүлэн Байнгын хорооны саналаар “Монгол Улсын нэгдэн орсон олон талт олон улсын гэрээний хэрэгжилтийн талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлах санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүдийн 63.2 хувь нь дэмжив. Үүгээр чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөлөө.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН