Улсын Их Хурлын 2024 оны 13 дугаар тогтоолоор байгуулагдсан “Нийслэлийн нийтийн тээврийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, парк шинэчлэх шаардлагын дагуу 2023 онд худалдан авсан автобусны худалдан авах ажиллагаанд хяналт шалгалт хийх, шалгалтын тайлан, санал, дүгнэлтийг Улсын Их Хуралд танилцуулах үүрэг бүхий” Хянан шалгах түр хорооны хуралдаан өнөөдөр / 2024.05.14 / болж гурван асуудал хэлэлцсэн талаар тус түр хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ гишүүдийн хамт мэдээлэл хийлээ. Хэвлэлийн бага хуралд Хянан шалгах түр хорооны гишүүн, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь, Т.Доржханд, С.Одонтуяа, Г.Тэмүүлэн, Н.Ганибал оролцов.
Хянан шалгах түр хорооны 2024 оны 5 дугаар 14-ний өдрийн хуралдаан 09.15 цагт эхлэн 72.7 хувийн ирцтэйгээр хуралдаж,Түр хорооны сонсгол товлон зарлах тухай, Нотлох баримт шинжлэн судлах дараалал тогтоох тухай, Сонсголд гэрч дуудах тухай гэсэн 3 тогтоолын төслийг хэлэлцэж баталсан байна. Энэ дагуу 5 дугаар сарын 21, 22-ны өдрүүдэд Хянан шалгах түр хорооны сонсголын товыг тогтоосон гэж тус түр хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ мэдээллийнхээ эхэндээ онцоллоо. Мөн тэрбээр, сонсголоор худалдан авах үйл ажиллагаа ямар хэмжээнд явагдав, хэн гэдэг албан тушаалтан ямар хэлбэрээр оролцов, хууль эрх зүйн хүрээнд хэрхэн дүгнэлт гаргав, орж ирсэн ногоон автобус стандартын шаардлагыг хангасан уу” гэсэн гурван бүлэг сэдвийн хүрээнд нотлох баримтыг шинжлэн судлах болно гэж тодотгов. “Нийслэлийн нийтийн тээврийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, парк шинэчлэх шаардлагын дагуу 2023 онд худалдан авсан автобусны худалдан авах ажиллагаанд хяналт шалгалт хийх, шалгалтын тайлан, санал, дүгнэлтийг Улсын Их Хуралд танилцуулах үүрэг бүхий” Хянан шалгах түр хорооноос 8 хянан шалгагч, шинжээч томилогдож, сар гаруйн хугацаанд нотлох баримтыг шинжлэн судалжээ. Сонсголд нийт 98 гэрчийг оролцуулахаар дуудсан байна.