УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Өргөн нэвтрүүлгийн тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Засгийн газраас 2016 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн. Хуулийн төсөлд Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ нь радио, телевизийн газрын дамжуулах үйлчилгээ, олон суваг дамжуулах үйлчилгээ, олон нийтийн радио, телевизийн үйлчилгээ, арилжааны радио, телевизийн үйлчилгээ гэсэн төрөлтэй байхаар тусгаж, түүний үйл ажиллагааны онцлог зохицуулалт болох хэт төвлөрөл үүсэхээс сэргийлэх, эзэмшлийн ил тод байдлыг хангах, үндэсний нэвтрүүлэг хөгжүүлэх сангийн зохицуулалт, өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчид, радио, телевизийн газрын дамжуулах үйлчилгээ эрхлэгчид, хөтөлбөрт тавигдах ерөнхий шаардлага болон зар сурталчилгаа, архив, олон сувгийн дамжуулах үйлчилгээ эрхлэгчид тавигдах шаардлага зэрэг зохицуулалтуудыг тусгаад байгаа юм.
Байнгын хорооны зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулж дууссаны дараа хуулийн төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, баталлаа. Ингэснээр өргөн нэвтрүүлгийн 18 суваг төдийгүй хэвлэл мэдээллийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа олон байгууллагад боломж нэмэгдэнэ гэж салбарынхан үзэж байна.
Үүний дараа чуулганы хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ. Ингээд УИХ-ын чуулганы хуралдаанаар НДШ-ийн нэмэгдлийг эргэж харах хоригийг хүлээж авсан бөгөөд бусад хоригийг хүлээж авах боломжгүй гэж үзлээ. Ерөнхийлөгчийн хоригийн гуравдугаар зүйлийг хүлээж авсан учраас УИХ яаралтай хуульд өөрчлөлт оруулахаар болж, УИХ-ын гишүүн Б.Жавхлангаар ахлуулсан ажлын хэсэг байгуулахаар боллоо.