УИХ-ын гишүүн Б.Баттөмөр “Монголын банкны системд гажуудал үүссэн байсан. Энэ гажуудлыг 2021 оны нэгдүгээр сард гарсан хуулиар зассан. Нийт банкны хувьцааныхаа 20-иос доошгүй хувийг 2023 оны 12 дугаар сарын дотор арилжаалах үүргийг хуулиар өгсөн байгаа. Өнөөдрийн байдлаар таван банк хувьцаагаа арилжаалсан. Төрийн банк, Худалдаа хөгжлийн банк, Голомт банк хувьцаагаа арилжсан. Ингээд үзвэл 6.5 хувь нь худалдагдсан гэсэн үг. Монголын мөнгөний эргэлтийн 70-80 хувийг барьдаг мөртлөө 3-4 эзэнтэй банкнууд байсан. Энэ байдал задарч 70 мянган хувьцаа эзэмшигчтэй болсон. Банкуудын өөрийн хөрөнгө 400 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдсэн. Энэ хуулийн шинэчлэл бол цаашид үргэлжилж, хувьцаат компанийн хэлбэрт шилжинэ. Ингэснээр нэгдүгээрт, банкны өөрийн хөрөнгө нэмэгдэж, зээлийн хүү буурна. Хоёрдугаарт, банкиар мөнгө угаах зэрэг хууль бус үйлдэл арилж, олон нийтийн хяналтад орох зэрэг сайн талууд байна. Монголын хөрөнгийн биржээр 830 тэрбум төгрөгийн арилжаа хийгдсэн” гэв.