Нүүр хуудасМэдээУИХ-ын гишүүн С.Цэнгүүн: “Нийслэл Улаанбаатар хотыг хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөө-2040” хүслийн жагсаалтаа хэрэгжүүлэхэд...

УИХ-ын гишүүн С.Цэнгүүн: “Нийслэл Улаанбаатар хотыг хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөө-2040” хүслийн жагсаалтаа хэрэгжүүлэхэд нөөц бололцоо хэр байгааг тооцсон бол уу?

Уг дүнгийн 4,1% нийгмийн дэд бүтэц, 31,6% орон сууцны хангамж, 29,5% нь үйлдвэр аж ахуйн газруудыг байгуулах, 10% нь автозамын түгжрэлийг арилгах дэд бүтцэд, 7% нь нийтийн тээврийг хөгжүүлэхэд, 15% нь хотын инженерийн сүлжээний эх үүсвэр бүрдүүлэхэд, 3% нь тохижилт, газар чөлөөлөлтөд зарцуулагдана гэжээ.

Өнөөдрийн ханшаар 70 тэрбум ам.долларыг 2040 он хүртэл зарцуулсны эцэст, УБ тойрсон дэд бүтэц, метро, дүүжин тээвэр, Богд уулын туннел гэх мэт төсөл хөтөлбөрүүд хэрэгжин дуусч, Улаанбаатарчууд сайхан амьдрах аж.

Сайхан мөрөөдөл. Мөрөөдөл биелдэг болоосой.

Гэтэл мөрөөдлөө биелүүлж, хүслийн жагсаалтаа хэрэгжүүлэхэд бидэнд байгаа нөөц бололцоо юу билээ гэж хэр тооцсон юм бол?

Дараах асуултуудын хариултуудыг авмаар байна.

1. Манай улсад ийм хэмжээний хөрөнгө оруулалт татах боломж бий юу? Жилд 4,7 тэрбум ам.долларын санхүүжилтийг хэнээс, яаж олох вэ? Бидэнд хэн итгэж хөрөнгө оруулах вэ? Авсан зээлээ юугаар, яаж , хэзээ төлж дуусгах вэ?

2. Элдэв татварын хөнгөлөлт, урамшуулал үзүүлнэ гэчихээд орлогоо яаж нэмэгдүүлэх вэ? /Ерөнхий төлөвлөгөөний 74-р хуудас/

3. Төслийг ач холбогдлоор нь яагаад эрэмбэлээгүй вэ?

4. Ашигт ажиллагаа, менежмэнт, төслийн хэрэгжилт, уялдаа холбоог хэрхэн төлөвлөсөн бэ?

Байгаа нөөц бололцоондоо тулгуурлан ач холбогдол, хэрэгжихүйц боломжоор нь эрэмбэлэхгүй бол хүслийн хоосон жагсаалт л болж хувирна.

Өмнөх УБ-ын ерөнхий төлөвлөгөө нь санхүүжилтгүй байсан учраас 29,7% биелэлттэй гэж албаныхан хариулсан. Тэгвэл УБ хотын 2040 хүртэлх төлөвлөгөөний санхүүжилт хэр бодитой вэ?

Нэг хачин, жигтэй, муу арга барилд бид дасаад байна уу даа?

Эхлэээд юу ч бичигдсэн байсан хамаагүй хүслийн жагсаалт баталдаг. Дараа нь мөнгө, төсвийн зарцуулалтын эрх мэдэлтэй болохоороо та нар баталсан биз дээ? Гэж тулгадаг.

Үр дүнд нь хийсэн ажил үгүй, биелсэн төсөл байхгүй, иргэдийн амьдрал сайжраагүй ядуу хэвээрээ, түгжрэлд, утаанд амьдрал үргэлжилдэг. Албан тушаалтнууд баяжаад, цадаад хариуцлагаас мултраад үлддэг жишиг тогтоод удаж байна.

Хүслийн жагсаалтаараа бол бид 2020 онд гэр хороололгүй, метротой, усан замтай, 5-р цахилгаан станцтай, дүүжин тээвэртэй болчихсон байх ёстой биз дээ?

Эрчим хүчний реформын хувьд мөн л ийм процесс руу уруудах вий гэсэн хандлага бий болоод байна. Салбарын яамныхан нь “Мэргэжлийн хүмүүс нь юмаа мэднэ, юу ч гэсэн үнэ тариф өөрчлөх хэрэгтэй, үүний дараа бүтэц, ашигт ажиллагааг хурдтай хийхэд асуудалгүй” гэж тайлбарлаж байсан. Гэтэл хагас жилийн хугацаа өнгөрлөө. Сураг байдаггүй. Мэдээж салбарын мэргэжлийн хүмүүсээ сонсож ажиллах ёстой ч , салбарын яаманд байгаа хүмүүсийн хандлага нь өөрчлөгдөх хүсэлгүй, элдэв шалтаг тооцсон унтаа байдалтай байхад ямар ч реформ, шинэчлэлт хийгдэх боломжгүйг бодитоор харж байна. Хурал, хэлэлцүүлэг дээр салбарын удирдлагуудаас үйл ажиллагааны үр дүн, хэрэгжилтийг асуухад “Яг наад асуудлыг чинь өдөр шөнөгүй судалж байгаа, удахгүй зөвлөгөөн зохион байгуулаад шийдэлд хүрнэ” гэж аргалдаг арга барилтай болж.

Миний бодлоор аливаа салбарын реформ, шинэчлэлт, өөрчлөлтийг гарын үсэг зурах эрх бүхий сайдууд нь илүү манлайлж, салбарынхан буюу инженер техникийн ажилчид нь дэмжлэг үзүүлэх ёстой.

Асуудлыг заавал нийгмийн сүлжээний хэрүүл болгож, хэвлэл мэдээлэл, олон нийтийн сошиалаар нэгийгээ шахаж, нөгөөгөөсөө шаардуулахгүйгээр урдах ажлуудаа дор бүрдээ цэгцтэй, нэгдсэн бодлогоор хэрэгжүүлээсэй гэсэндээ өнөөдрийг хүртэл ажиглав.

Аргентин улсад яг манайх шиг халамж хавтгайрч, хүслийн жагсаалт тулгаж, эцэст нь тээвэр, эрчим хүч гэх мэт гол салбаруудаа зах зээлийн зарчмаар хөгжүүлэхгүй улсын төсвийн татаасаар аргалсаар байгаад дэлхийд хөгжрөөлөө эхний 10-р байрт орж байсан нь түүх болж, иргэд нь 40% ядууралтай, 130%-ийн инфляцитай, цаас өвөртлөөд амьдарч байснаас одоо ямар ч аргагүйн эрхэнд чөлөөт зах зээлд суурилсан бодлогод шилжиж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН