Нүүр хуудасМэдээУИХ-ын гишүүн У.Отгонбаяр: Нөхцөл байдал, тэдгээрийн уялдаа холбоог нарийвчилсан тооцоо судалгаатайгаар авч...

УИХ-ын гишүүн У.Отгонбаяр: Нөхцөл байдал, тэдгээрийн уялдаа холбоог нарийвчилсан тооцоо судалгаатайгаар авч үзэх ёстой

Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх, эрүүл мэндийн даатгалын тогтолцоог оновчтой болгох чиглэлээр санал дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн У.Отгонбаяр ахлан ажиллаж байна. Тус ажлын хэсэг өнөөдөр (2024.10.16) аймаг, нийслэл, сум, дүүргийн эрүүл мэндийн байгууллагууд, улсын хэмжээний томоохон эмнэлгийн төлөөллийг оролцуулан, өргөтгөсөн бүрэлдэхүүнээр хуралдлаа. Энэ талаар Ажлын хэсгийн ахлагч У.Отгонбаяраас тодруулав.

-Ажлын хэсэг өнөөдөр өргөтгөсөн бүрэлдэхүүнээр хуралдлаа. Өмнөх хуралдаанаар холбогдох байгууллагуудаас мэдээлэл авсан. Энэ салбарт бэрхшээл, тулгамдсан асуудал хэр байна вэ?

-Улсын Их Хурлын даргын энэ оны 113 дугаар захирамжаар байгуулагдсан Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж,  эрүүл мэндийн даатгалын тогтолцоог оновчтой болгох чиглэлээр санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэгтэй манай ажлын хэсэг өнөөдөр хоёр дахь удаагийн хуралдаанаа эрүүл мэндийн бүх шатны байгууллагын төлөөллийг оролцуулж, өргөжүүлэн зохион байгууллаа. Тодруулбал, хуралдаанд Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар (ЭМДЕГ) зэрэг харъяа байгууллагуудын төлөөллүүдээс гадна 21 аймаг, 9 дүүргийн Эрүүл мэндийн төвүүд, нэгдсэн эмнэлгүүд, сумдын эрүүл мэндийн төвийн төлөөллүүд, мөн Бүсийн оношлогоо, эмчилгээний төвүүд, улсын 1, 2, 3 дугаар эмнэлгийн удирдах ажилтнууд, хувийн хэвшлийн төлөөллүүд оролцлоо. Хуралдаанд оролцогчдын дийлэнх нь Эрүүл мэндийн даатгал (ЭМД)-ын сангийн бүрдүүлэлт, эх үүсвэрийн дутагдлын талаар ярьж байна. Мөн гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн тогтолцооны төсөв, санхүүгийн зохицуулалтууд, ялангуяа орон нутагт хүн ам багатай, үйлчлүүлэгч багатай газарт төдийлөн үр дүнтэй хэрэгжихгүй, хугацаа хоцролттой байна гэсэн асуудлыг хөндөж байна. Мөн хуулийн хэрэгжилтийн хувьд анхаарах заалтууд, эмнэлгүүдийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн эрх зүйн зохицуулалт сул гээд олон асуудлууд байна. Бид өнөөдрийнхөө хурлаар гол нь анхан, дунд шатанд эрүүл мэндийн санхүүжилт хэрхэн явагдаж байна, гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцоонд ямар учир дутагдал байна вэ, хүндрэл бэрхшээл нь юу вэ гэдгийг яг тэр шатанд ажиллаж байгаа эмч, ажилтнуудаас сонслоо. Шинэ тутам хэрэгжүүлж байгаа ажил учир бэрхшээл, хүндрэл гарах нь мэдээж. Тэр бүхнийг хэрхэн шийдвэрлэх, сайжруулах талаар хуралдаанд оролцсон эмч, мэргэжилтнүүд олон санал хэлж байна.

Мөн бид өмнөх хуралдаанаараа ЭМДЕГ болон Нийгмийн даатгалын ерөнхий газар (НДЕГ)-ын мэдээлэл, Эрүүл мэндийн сайдын байр суурийг сонссон бөгөөд ажлын хэсгийн 2 удаагийн хуралдаанаар Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн хэрэгжилтэд тулгамдаж байгаа асуудлууд, Эрүүл мэндийн даатгалын сангийн болон ЭМДЕГ-ын үйл ажиллагаа, төсвийн гүйцэтгэл, тусламж үйлчилгээний хүртээмж, чанар, иргэдийн эрэлт хэрэгцээ гээд олон асуудлыг ярилцлаа.

Ажлын хэсгийн хуралдаануудад мэдээлэл хийсэн салбарын удирдлага, мэргэжилтнүүд, мөн салбарын сайд ч мөн адил Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчлэлт, нэмэлт, өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага байгаа гэж үзэж буйгаа илэрхийлж байна.

Өнөөдрийн хуралд оролцогчид эрүүл мэндийн зардлыг олон улсын шижигт ойртуулж нэмэгдүүлэх, ЭМД-ын сангийн хөрөнгө мөнгө, эх үүсвэрийг тэлэх талаар ярьж байна. Улсын Их Хурлаар 2025 оны улсын төсвийн төслийг хэлэлцэж байгаа. Үүнд өнөөдрийн хурлын оролцогчдын саналыг хэрхэн тусгана гэж бодож байна вэ?

-Эрүүл мэндийн салбар маш чухал. Энэ бол хэсэг бүлэг хүмүүст үйлчилдэг салбар биш. Монгол Улсын иргэн бүрд хүрч, тусламж, үйлчилгээ үзүүлдэг. Өнөөдөр Монгол Улсад амьдарч байгаа 3.5 сая хүний өдөр тутмын харилцааны маш том хэсэг нь эрүүл мэндийн асуудал болоод байна. Иймд улсын төсвийн эрүүл мэндийн салбарт ноогдох хөрөнгө, зардлыг тогтворжуулахад анхаарч ажиллана гэж бодож байна. Үүний дотор Эрүүл мэндийн даатгалын тогтолцоог чадавхжуулах, сайжруулах асуудал чухал.

Манай ажлын хэсэг цаашдаа энэ үйлчилгээг авч байгаа ард иргэдээс, тодруулбал, нийслэл дүүрэг, алслагдсан сум, сууринд амьдарч буй иргэдтэй уулзаж, санал бодлыг нь сонсож, хамтарч ажиллана.

Мөн нөгөө талаас Гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцоо эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний аль шатанд нийцэж буйг, анхан, дунд шатандаа хэрхэн үйлчилж буйг судалж мэдэхийн тулд бүх шатны эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдийн төлөөлөл, эмч, эмнэлгийн ажилтнуудтай уулзаж, тэдний мэдээллийг сонсохоор төлөвлөж байна.

-Ажлын хэсэг нэлээд өргөн хүрээнд судалгаа хийх шаардлага гарч байгаа юм байна. Судалсан, цуглуулсан мэдээллүүддээ тулгуурлаад цаашид хэрхэн ажиллахаар төлөвлөж байна вэ? ЭМД-ын шимтгэлийг нэмэх шаардлагатай гэж та харж байна уу?

-Эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгийн хүрэлцээгүй, дутагдалтай байдал өнөөдөр гэнэт бий болсон зүйл биш юм байна. Санд төвлөрүүлэх хөрөнгө, орлогын эх үүсвэр хумигдмал, шимтгэлийн хувь хэмжээ бага, дээр нь санхүүжилтийн тогтолцооны бүтэц, үйл ажиллагааны механизм гээд олон хүчин зүйл нөлөөлж байна.

Манай ажлын хэсгийн ажил өнөөдрийн байдлаар салбарын төсөв, санхүүжилтийн асуудлыг бүхэлд нь судалж, холбогдох мэдээллийг цуглуулж, нэгтгэн дүгнэснийхээ үндсэн дээр эрүүл мэндийн даатгалын тогтолцооны түгжрэл, бөглөрөл  аль газартаа бий болсныг олж тогтоох, оношлох шатандаа явж байна. Бид оношоо тодорхойлж, ямар эмчилгээ хийхийг шийднэ. Өнөөгийн нөхцөл байдал, уялдаа холбоог нарийвчилсан тооцоо судалгаатайгаар авч үзэх ёстой хэмээн ажлын хэсгийн гишүүд ч, хуралдаанд оролцогчид ч санал нэгтэй байгаа.

Даатгалын шимтгэлийг нэмснээр ард түмний нуруун дээрх ачааг нэмнэ гэсэн үг. Тийм учраас би хувьдаа Эрүүл мэндийн даатгалын санг Баялгийн сантай уях нь зүйтэй гэж үзэж байна. Тэгж байж энэ сангийн шинэчлэлт, өөрчлөлтийг хийх хөрөнгө зардал бүрдэж, ард иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг чанартай хүргэх боломж бий болно. Өөрөөр хэлбэл, Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого бүрдүүлэлтийг одоогийнхоос арай өөр хэлбэр рүү шилжүүлэх зайлшгүй шаардлага байна гэж дүгнэж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН