Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын Конвенцын Талуудын 17 дугаар бага хуралдааныг зохион байгуулах Үндэсний хорооны есдүгээр хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааны үеэр Талуудын бага хурлын бэлтгэл ажлыг эрчимжүүлэх хүрээнд шаардлагатай чухал шийдвэрүүд гаргасан байна.
Тухайлбал, Монгол Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаясгалан болон Э.Болормаа нарыг тус хурлын бэлтгэл ажилд дэмжлэг үзүүлэх Тусгай элчээр томилох тухай асуудал Үндэсний хороонд танилцуулагдан томиллоо.

Тусгай элчийн хувиар томилогдсон УИХ-ын гишүүд Талуудын бага хурлыг зохион байгуулахад үндэсний болон олон улсын хэмжээнд цөлжилттэй тэмцэх чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого гаргахад дэмжлэг үзүүлэх, олон улсын хамтын нийгэмлэгт мэдээлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх, төсөл хөтөлбөрт санхүүжилт татах чиглэлээр ажиллах юм.
Дашрамд дурдахад, Талуудын бага хурал нь 2026 оны 8 дугаар сарын 17-28-ны Улаанбаатар хотноо зохион байгуулагдах бөгөөд энэ нь манай орны хувьд цөлжилт, газрын доройтлыг бууруулах дэлхий нийтийн хүчин чармайлтад манлайлан оролцох, бүс нутгийн болон олон улсын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх чухал алхам болох юм.