УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Хууль зүйн байнгын хорооны гишүүд Шүүхийн сахилгын хороонд ажиллаж байна. УИХ-аас хууль, эрх зүйн шинэчлэлийн хүрээнд шүүх засаглалд иргэдийн итгэх итгэлийг нэмэгдүүлэх, шударга шүүхээр шүүлгэх эрхийн төлөө ажиллах болно гэдгийг УИХ-ын дарга уулзалтын эхэнд онцоллоо. Энэ хүрээнд шүүх засаглалын байгууллагууд, шат шатны шүүхийн байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж эхлэх юм байна.
Түүнчлэн судалгаагаар шүүхэд итгэх иргэдийн итгэл 50 хувь, шүүгчийн хариуцлага, ёс зүйд итгэх итгэл 40 гаруй хувьтай байгаа нь цаашид Шүүхийн сахилгын хороо илүү сайн ажиллах шаардлагатай гэлээ. Өөрөөр хэлбэл, иргэдийн шүүх засаглалд итгэх итгэл нь яагаад буурч байна вэ, хэрхэн нэмэгдүүлэх вэ гэдгийг тодорхойлж, зөв аргачлалаар ажиллахад анхаарлаа хандуулахыг УИХ-ын дарга онцоллоо. Уулзалт үргэлжилж байна.