Нийт иргэддээ Хэрэглэгчийн эрхийг хамгаалах олон улсын өдрийн мэндийг дэвшүүлье.
НҮБ-ын Ерөнхий ассамблей 1985 онд “Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалахад баримтлах үндсэн зарчим”-ыг баталж, жил бүрийн 3 дугаар сарын 15-ны өдрийг “Хэрэглэгчдийн эрхийг хамгаалах өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг болсноор өдгөө 40 дэх жилдээ золгож байна.
Энэ өдөр иргэн та хэрэглэгчийн эрх ашиг хэрхэн хангагдаж, хамгаалагдаж байгаагаа нухацтай эргэцүүлж, дуу хоолойгоо илэрхийлэх өдөр билээ.
Энэ онд “Тогтвортой амьдралын хэв маягт шилжицгээе” уриан дор хэрэглэгчийн зүй ёсны хэрэгцээг хангах; тогтвортой, эрүүл сонголтыг хүн бүрт хүртээмжтэй байлгах; хэрэглэгчийн дуу хоолойг бүх түвшинд хүргэх; бүс нутгийн болон бусад онцлогийг харгалзан тохиромжтой арга замаар тогтвортой амьдралын хэв маягт шилжих гэсэн 4 үндсэн зорилтыг дэвшүүлэн ажиллахыг Олон улсын хэрэглэгчийн байгууллагаас уриалжээ.
Монгол Улсын Их Хурлын зүгээс 2024-2028 онд баримтлах стратеги төлөвлөгөөг баталсан бөгөөд энэхүү бодлого нь бүхэлдээ хүн төвтэй хууль, цаг үеийн шаардлагад нийцсэн хууль, иж бүрэн зохицуулалттай, ойлгомжтой хууль буюу “Гурван төгөлдөршил”-ийн бодлогод суурилсан. Энэ хүрээнд хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, эрх зүйн байдлыг сайжруулах зорилгоор 2003 онд батлагдсан Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийг шинэчлэн найруулах чиг үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын даргын 2024 оны 86 дугаар захирамжаар байгуулан ажиллаж байна.
Хэрэглэгчид ээлтэй хууль, эрх зүйн орчныг бий болгосноор хэрэглэгч өөрийн эрхээ бодитоор мэдэрч, мэдэж, хэрэв эрх ашиг нь зөрчигдвөл түүнийг арилгуулахаар шаардаж чаддаг нөхцөл бүрэлдэх юм. Ингэснээр хууль, эрх зүй нь иргэнийхээ эрх, хууль ёсны эрх ашгийг хамгаалдаг, бодитоор үйлчилдэг, амьд
тогтолцоо болох учиртай.
Хүн бүр хэрэглэгч мөн. Тиймээс хэрэглэгчийн эрх ашиг ямагт тэргүүн зэрэгт байх ёстой. Хэрэглэгч бүр эрүүл, аюулгүй, хүртээмжтэй байдлаар бараа, бүтээгдэхүүнээ худалдан авах, үйлчилгээ авах, хариуцлагатай хэрэглээг төлөвшүүлэх эрх зүйн орчныг бий болгоход хамтдаа хичээж ажиллахыг Та бүхэндээ хандан уриалж байна.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА ДАШЗЭГВИЙН АМАРБАЯСГАЛАН