Нүүр хуудасМэдээУИХ-ын дарга олборлох салбарын ил тод байдлыг хангах хуулийн төслүүдийг ирэх долоо...

УИХ-ын дарга олборлох салбарын ил тод байдлыг хангах хуулийн төслүүдийг ирэх долоо хоногт хэлэлцүүлэх чиглэлийг өглөө

Монгол Улсын 2023 оны нэгдсэн төсвийн тухай хууль болон “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” тогтоолыг Улсын Их Хурал 2022 оны арван нэгдүгээр сарын 11-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэн баталсан.

Үүнтэй уялдуулан Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2022.11.22) Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг, Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар нартай уулзаж, уул уурхайн олборлох салбарын ил тод байдлыг хангах хуулийн төслүүдийг ойрын хугацаанд хэлэлцүүлэх асуудлаар чиглэл өглөө. 

Эдийн засгийн зонхилох хувийг бүрдүүлдэг ашигт малтмалын салбарын үр ашгийг нэмэгдүүлэхийн тулд Эрдэс баялгийн салбарын ил тод байдлын тухай хуулийн төслийг D-Parliament цахим системд байршуулж, ирэх долоо хоногийн Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны хэлэлцэх асуудлын дараалалд оруулах талаар анхаарч ажиллахыг Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцагт чиглэл болгов.

Түүнчлэн Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төслийг ойрын хугацаанд Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх асуудлыг хөндөж ярилцсан юм.

Мөн Монгол Улсын ИХ Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн хүрээнд олборлох салбарын далд байгаа асуудлыг ил болгоход Улсын Их Хурлын Хянан шалгах түр хороо (Хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэлийг шалган тогтоох)-той хамтран ажиллах хэрэгтэйг УИХ-ын дарга Г.Занданшатар тэмдэглэлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН