Нүүр хуудасМэдээУИХ: Эрх, эрх чөлөөний “их хөлгөн судар”

УИХ: Эрх, эрх чөлөөний “их хөлгөн судар”

Ач хүү, өвөө хоёр ярилцаж байна.

-Өвөө, хүүхэд байхдаа та ямар тоглоомоор тоглодог байсан юм?

-Ац модонд резин хөвчилж хийсэн чавх, арьсны өөдсийг хумсын чинээ тугалгатай багласан тэвэг, дэгээ төмөр залуураар түрдэг дугуй…

-Үгүй ээ, падан (iPad) дээрээ юугаар тоглодог байсан юм?

-Өвөөг нь хүүхэд байхад пад байгаагүй юм.

-Айн? Тэгвэл гар утсан дээрээ?

-Гар утас ч байгаагүй.

-Ааййн…

Ач хүүгийн нүд нь дүрлийж, үнэн голоосоо гайхсан, итгэж ядсан харцаар ширтлээ…

Тоглож наадах эрхийг хүүхэд бүр эхээс төрөхдөө л авч төрдөг. Энхрийлэн хайрлуулах, ээж, аавдаа эрхлэх, эрүүл саруул торних, хөлд орж, хэлд орж, өдөр өдрөөр өсөж бойжихоос хүний эрх эхэлдэг. Улмаар амьд явах, аж төрөх, хайрлан дурлах, үр удмаа үлдээх зэрэг жам ёсны болон сурч боловсрох, ажиллаж хөдөлмөрлөх, бүтээн туурвих, эвлэлдэн нэгдэх, сонгох, сонгогдох, төрийн үйлчилгээ, халамж тусламж авах гэх мэт зүй ёсны эрхүүдээр хүний эрх өргөжнө. 

Нийгэм хөгжихийн хэрээр хүний эрх ч мөн тасралтгүй хөгжиж, хувьсан өөрчлөгдөж байдаг. Цаг хугацааны эрхээр хүний зарим эрх шинээр бий болдог бол зарим нь шаардлагагүй болж, алгуур замхран арилж байхыг ч үгүйсгэхгүй. Орчин цагт хүний эрхийг нэгдүгээр, хоёрдугаар, гуравдугаар, дөрөвдүгээр үеийн гэж он цаг, хөгжлийн төлөвөөр ангилах нь бий. Дэлхийн хоёрдугаар дайны дараагийн 20 орчим жилд хамаатуулдаг нэгдүгээр үеийн эрхүүдэд хүний жам ёсны шинжтэй, хязгаарлаж үл болох эрхүүдийн зэрэгцээ иргэний болон улс төрийн эрхүүдийг хамааруулдаг бол 1960-1970-аад оны сэргээн босголтын жилүүдэд төрөөс тодорхой нөхцөл бүрдүүлснээр хэрэгжих бололцоотой болдог хөдөлмөрлөх, хоол хүнс, орон байр, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах, нийгмийн хамгаалал, ажилгүйдлийн тэтгэмжид хамрагдах зэрэг эрхүүдийг шинээр тодорхойлжээ. Харин 1970-1990-ээд оныг хамруулдаг гуравдугаар үеийн эрхүүдэд хувь хүний хүрээнээс хальсан хамт олны, нийтийн эрх ашиг хамаарах болсон юм. Энэ нь уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны доройтол зэрэг өргөн хүрээтэй хүчин зүйлээс улбаатай нийт хүн төрөлхтний ирээдүй, хойч үеийнхний амьдралыг сайн сайхан болгох тэмүүллээс үүдэлтэй. Хүний эрхийн дөрөв дэх үе 2000-аад оноос эхэлсэн гэж судлаачид үздэг бөгөөд мэдээллийн технологи, цахим орон зай, блокчэйн технологи, нано инженерчлэлийн орчинд хүн өөрийгөө тодорхойлох, адил тэгш, аюулгүй байх зэрэг эрхийн шаардлагууд зүй ёсоор тавигдаж байна.

Энэхүү хөгжлийн зүй тогтлоор таван настай ач хүүд олгогдсон гар утсаар тоглох эрх чөлөө хоёр, гуравдугаар үеийн өвөө, эмээ нарт нь үнэхээр байгаагүй. Эрх, эрх чөлөөний хамаагүй өргөн боломжийн дотор мэндэлсэн ач хүү өвөөгийнхөө хүүхэд үеийг гайхаад барахгүй, итгэж үнэмшихгүй байх нь зүйн хэрэг. Учир нь одоогийн хүүхдүүд Үндсэн хуульд тулгуурлан бусад хууль тогтоомж, олон улсын баримт бичгүүдээр улам нарийвчлан тодорхойлсон олон олон эрхийг эдэлж буй. Эцэг, эхийнхээ хайр халамжийг хүртэхээс эхлээд хүчирхийлэл, дарамт шахалтаас хамгаалуулах, өөртэй нь холбоотой асуудлыг шийдвэрлэхэд оролцох, эвлэлдэн нэгдэж эрхээ хамгаалах байгууллага байгуулах зэрэг эрхүүдийн зэрэгцээ Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлд тусгагдсан үндсэн эрхүүд бүгд тэдэнд эрх тэгш хамаарна.

Хүний эрхийн тухай үзэл санаа, суурь ойлголтууд нэн эртнээс улбаатай боловч албан ёсоор тодорхойлж, хуульчлан баталгаажуулсан нь саяхны буюу 20 дугаар зууны хэрэг явдал гэж судлаачид үздэг. НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас хүний болон иргэний эрхийн үндсэн эх бичвэр болох “Хүний эрхийн түгээмэл тунхаглал”-ыг 1948 онд батлах хүртэл Үндсэн хуулиудад ч дорвитой тусаагүй байлаа. 

Дэлхий дахин Үндсэн хуулийн 200 гаруй жилийн түүхтэй. Түрүү үеийн буюу АНУ-ын зэрэг анхдагч Үндсэн хуулиуд гагцхүү засаглал, эрх мэдлийг хуваарилахад чиглэж байсан бол XX зууны эхэн үеийн буюу хоёр дахь үеийн Үндсэн хуулиуд нийгэм, эдийн засгийн харилцааны суурь асуудлуудаар баяжсан гэж үздэг. Дэлхийн хоёрдугаар дайны дараа “Хүний эрхийн түгээмэл тунхаглал”-ыг баталснаас хойших шинэ үеийн, ялангуяа 1980-1990-ээд оны Үндсэн хуулиуд төр, нийгмийн оршин байх үндсэн харилцаа буюу хүний эрхийн суурь зарчмуудад тулгуурлах болсон байна.

Эрт үеэс Сириусийн бортого, Вавилоны “Хаммураби”, Бурхан багшийн сургаал, Библи, Коран судар, түүхийн бичээс, засаг зарлигуудад цухас цухсаар дурдагдаж эхэлсэн хүний эрхийн үзэл санаа эртний Грек, Ром, Энэтхэгийн соёлоор дамжин дэлгэрч, улмаар Английн “Магна Харта”, Их Монгол Улсын өмчийн эрхийн хамгаалалт, АНУ-ын Үндсэн хууль, Францын Хүний болон иргэний эрхийн тунхаглал, АНУ-ын “Эрхийн билл” зэргээр хэлбэржин хэрэгжиж, “Хүний эрхийн түгээмэл тунхаглал”-д зангилагдаад, улмаар ардчилсан, тусгаар тогтносон улс орнуудын Үндсэн хуулиар баталгаажиж байна. Тийм ч учраас Үндсэн хууль бол иргэний баримт бичиг. Төрд ч юм уу, түүний эрх мэдэлд гэхээсээ илүү иргэн хүнд, надад, танд түлхүү хамаарна гэсэн үг.

Монгол Улсын 1992 онд баталсан өнөөгийн Үндсэн хууль хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн иргэн төвтэй үндэсний зөвшилцлийн тунхаг бичиг болсноороо онцлогтой. Өнгөрсөн зуунд бидний дээдэс дөрвөн Үндсэн хууль баталсны эхний гурвыг гаднын нөлөөтэй буюу шууд оролцоотойгоор хийсэн гэж түүхчид нотолдог. Харин дөрөв дэх буюу эдүгээ хүчин төгөлдөр мөрдөж буй “ардчилсан” Үндсэн хуулийг Монголын ард түмэн зөвхөн өөрсдийн хүсэл зориг, үзэл санаа, итгэл үнэмшлээр бие даан боловсруулсан юм. Өмнөх гурван Үндсэн хууль социалист чиг баримжаатай, засаглалын тоталитар дэглэмийг хуульчилсан, хүн амыг анги, давхаргаар ялгаварласан шинжтэй байсан бол 1992 оны Үндсэн хууль үзэл баримтлал, суурь зарчмаараа ардчиллыг бүрнээ тунхаглаж, хүний ба иргэний эрх, эрх чөлөөг ардчилсан нийгэм, эрх зүйт төрийн гортигийн төвд байрлуулан тодорхойлж, баталгаажуулснаараа үнэлшгүй юм.

Үндсэн хуулийн Хоёрдугаар бүлэгт монгол хүн амьд явах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах, шударгаар хөрөнгө олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах, хөдөлмөрлөх, хууль ёсны халамж, тусламж хүртэх, эрүүл мэндээ хамгаалуулах, сурч боловсрох, бүтээн туурвих, сонгох, сонгогдох, эвлэлдэн нэгдэх зэрэг үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдлэхээр заасан. Мөн халдашгүй, чөлөөтэй байх, гэр бүл болох, төрийн байгууллагад өргөдөл гомдол гаргаж шийдвэрлүүлэх, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх, шашин шүтэх, эс шүтэх, итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх, мэдэх, мэдээлэл авах, эх орондоо болон гадаадад зорчих, амьдран суух газраа сонгох эрхүүдийг нэгбүрчлэн тогтоож өгсөн. Түүнчлэн Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх бөгөөд угсаа гарал, нас, хүйс, хөрөнгө чинээ, албан тушаал, үзэл бодол, ер юугаар ч ялгаварлан гадуурхагдахгүй байх нийтлэг зарчмыг тодорхойлсон. Өөрөөр хэлбэл, өлгийтэй нярайгаас өтгөс буурайг хүртэлх эрэгтэй, эмэгтэй хүн бүр Үндсэн хуулиар олгосон эдгээр үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ гэсэн үг. Нас, хүйс, нийгмийн байдлаар үл ялгах энэ хатуу чанд зарчмыг хуульчилсан учир хүүхдийн, эмэгтэйчүүдийн гэх мэтээр хүн амын хэсэг, бүлгийн эрхийг тусгайлан дурдаагүй, тэгэх шаардлага ч байхгүй юм. Бүгдэд нь Үндсэн хуулиар олгосон эрх, эрх чөлөө нэгд нэгэнгүй хамаарна.

Хувь хүний эрх ашгийг бусад эрх ашгаас дээгүүр тавих зарчим Францын хувьсгалаас үүдэлтэй гэж судлаачид үздэг. Улс орны, нийгмийн, ард түмний гэх мэт хамтын эрх ашгууд нь эдгээрийг тодорхойлж, илэрхийлж байгаа этгээдийн субьектив үнэлэмжээс хамаардаг. Хэн нэгний тодорхойлсон нийтийн, нийгмийн эрх ашиг гээч зүйл хүн бүхэнд адил тэнцүү хүлээн зөвшөөрөгддөггүй учир харьцангуй шударга бус дүгнэлт болдгоос зөрчил тэмцэл үүсэн, олныг хамарсан эмх замбараагүй байдал, гажуудалд хүргэсэн түүхийн гашуун сургамжид үндэслэн тогтоосон зарчим юм. Энэ зарчмыг хэлбэрэлтгүйгээр, хоёрдмол утгагүйгээр, мөнхүү хүн бүрд ялгаваргүй тэгш үйлчлэхээр тогтоосноороо Монгол Улсын 1992 оны Үндсэн хууль онцгой ач холбогдолтой. Өөрөөр хэлбэл, хувь хүн бүрийг анх удаа хүний ёсоор хүлээн зөвшөөрч, үндсэн эрх, эрх чөлөөг нь баталгаажуулсан. Үүгээрээ манай Үндсэн хууль дэлхийн олон Үндсэн хуулиудаас дээгүүрт эрэмбэлэгддэг юм.

Монгол Улсын Үндсэн хуулийг бүхэлд нь нэгтгэн дүгнэвэл уртаашаа хоёр зүйлийг л зохицуулсан. Гол зүйл нь энд өгүүлж буй үндсэн эрх. Харин хоёр дахь нь төрийн байгуулал буюу засаглалын тогтолцоо.

Хүний эрхийг тунхаглаад орхихгүй тэдгээрийг иргэн хүн бодитойгоор эдлэх нөхцөлийг тогтоох нь Үндсэн хуулийн зорилго юм. Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн бол сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө Төр хариуцахаар заасан. Энэ үүрэг хариуцлагаа төр хууль тогтоох, тогтоосон хуулиа хэрэгжүүлэх, хяналт тавих аргуудаар биелүүлнэ. Эдгээрийг гардан гүйцэтгэдэг хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэл нь тус тусын чиг үүргээрээ иргэн бүрд, тэдний үндсэн эрх, эрх чөлөөг хангахын тулд хүчин зүтгэнэ гэсэн үг юм. Хууль тогтоох байгууллагын гишүүд ард түмнээс мандат авч, тэднийг төлөөлөн ажиллах бөгөөд төрийн дарамтаас ард иргэдийн нийтлэг ашиг сонирхлыг хууль тогтоомжид тусган хангаж, хамгаалж, хянаж байх үүрэгтэй. Тэгвэл гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг Засгийн газар хуулийг биелүүлж, төрийн үйлчилгээ, халамж, хамгааллыг иргэдэд үзүүлж, хүн амд хүртээмжтэй үйлчилдэг бол шүүх эрх мэдлийн байгууллагууд хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг нь хамгаалж, нийгэмд шударга ёс, эрх зүйт ёсыг сахиулах үүргийг хүлээдэг.

Засаглалын энэ гурван салаа мөчирт эрх мэдлийг ийнхүү хуваарилснаар харилцан бие биеэ хянах, элдэв хэтийдлийг тогтоон барих байдлаар тогтолцооны тэнцвэрийг хангаж байдаг. Ард түмний нэрийн өмнөөс төрийн эрх мэдлийг хэрэгжүүлж байгаа хүмүүс өөрийн явцуу эрх ашгийн төлөө энэхүү хяналт-тэнцвэрийг алдагдуулах, даван гарахаар оролдох явдал бүх цаг үед байсаар ирсэн юм. Эрх мэдлээ өргөжүүлж, дур зоргоо тэлэн, түүгээр амин хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэхийн тулд тийм хүмүүс Үндсэн хууль руу дайрч, өөрчлөх, дордуулах, бүр үгүй болгохоор санаархан давшлахыг ч үгүйсгэх аргагүй юм. Тэр бүхэнд хязгаарлалт болж, элдэв бусармаг санаархлыг таслан зогсоож, төрийн эрх мэдлийг тэнцвэржүүлж чадаж байна гэмээнэ Үндсэн хууль үүргээ хангалттай биелүүлж, үйлчлэлээ үзүүлж байна гэсэн үг. Эцсийн бүлэгт энэхүү төрийн байгуулал, эрх мэдлийн хуваарилалт, хянал-тэнцвэрийн зарчим бүгд монгол хүний, Монгол Улсын иргэн бүрийн эрх, эрх чөлөөг хамгаалахад л чиглэнэ. Тэгэхээр Үндсэн хууль бүхий л агуулгаараа хүний эрх, эрх чөлөөний тунхаг бичиг, баталгаажуулсан их хөлгөн судар юм.

Ач хүү, өвөө хоёр ярилцаж байна.

-Аав, ээж хоёрт ч бас эрх байгаа, тийм ээ, өвөө?

-Байлгүй яахав?

-Дүү, бид хоёрт байгаа юу?

-Байгаа

-Хүүхэд ч гэсэн үү?

-Хүүхэд ч гэсэн хүн шүү дээ. Хүн бүр эрх, эрх чөлөөтэй.

Ач хүүгийн нүдэнд оч гялалзан, нүүрэнд нь инээмсэглэл тодорлоо…

Нийтлэлч Д.Энхболдбаатар

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН