Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр өнөөдөр (2024.05.01) Эрүүгийн хэрэгт эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх тухай Европын конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.
Энэхүү хуулийн төсөл нь нэг зүйлтэй бөгөөд хуулийн төсөлд Европын зөвлөлөөс Страсбург хотноо 1959 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр баталсан Эрүүгийн хэрэгт эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх тухай Европын конвенцыг Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлснээр соёрхон батлахаар тусгагдсан.
Эрүүгийн хэрэгт эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх тухай Европын конвенц нь Олон улсын гэрээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.4-т заасан “эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэхтэй холбогдсон олон улсын гэрээ”-нд хамаарах тул Монгол Улсын Их Хурал соёрхон батлах зохицуулалттай юм.
Тус конвенц нь 30 зүйлтэй бөгөөд гишүүн улсууд хооронд эрүүгийн хэрэгт эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх тухай хүсэлт гаргах нийтлэг үндэслэл, хүсэлтийг биелүүлэхээс татгалзах үндэслэл, конвенцын талуудын харилцах журам, конвөнцын үйлчлэх хүрээ, шүүхийн баримт бичиг гардуулан өгөх, гэрч, шинжээч, яллагдагчийг дуудан ирүүлэх, хоригдож буй этгээдээс нотлох баримт гаргуулах буюу мөрдөн байцаалтад байлцуулахаар ирүүлэх, шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан мэдээлэл солилцох, шийтгэх тогтоол болон түүний дагуу авсан арга хэмжээний талаар мэдээлэл солилцох зэрэг зохицуулалтыг багтаасан байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 42.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгг “Гадаад улсын нутаг дэвсгэрт мэдүүлэг авах, үзлэг, нэгжлэг, туршилт хийх, эд хөрөнгө хураан авах болон энэ хуульд заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах шаардлагатай бол уг асуудлыг эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай болон олон улсын бусад гэрээ, хэлэлцээрийн дагуу гүйцэтгэнэ.” гэж, 42.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч нь гадаад улсын холбогдох байгууллага, албан тушаалтны мөрдөн шалгах ажиллагаа явуулах тухай хүсэлтийг энэ хуульд заасан нийтлэг журмын дагуу биөлүүлнэ.” гэж тус тус заажээ