Монгол Улсын Их Хурлаас зохион байгуулж буй “Эрүүл мэндийн салбарын 2025 оны төсөв” олон нийтийн хэлэлцүүлэг өнөөдөр /2024.09.26/ Төрийн ордны “Жанжин Сүхбаатар” танхимд боллоо.
Хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн даргалан явуулав. Олон нийтийн эл хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүд, Эрүүл мэндийн яам, Сангийн яам, Үндэсний аудитын газар, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар болон улсын, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын удирдах албан тушаалтнууд, салбарын эрдэмтэн, судлаачид, иргэд олон нийтийн төлөөлөл зэрэг 100 гаруй хүн танхимаар болон цахимаар оролцов.
Хэлэлцүүлгийн эхэнд Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат Эрүүл мэндийн салбарын 2025 оны төсвийн төсөлд тусгасан салбарын бодлого, сайдын багц, Эрүүл мэндийн даатгалын сан, салбарын хөрөнгө оруулалтын талаар танилцуулав.
Тэрбээр танилцуулгадаа, Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахын тулд орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын чадавхыг бэхжүүлж, гүйцэтгэлийн санхүүжилт, цахим мэдээллийн тогтолцоог бүрэн нэвтрүүлэн, эрүүл мэндийн үйлчилгээг чанартай, хүртээмжтэй, үр дүнтэй болгох шинэчлэлийг хийнэ хэмээн онцолсон.
Тус салбарын 2024 оны төсөв 2,496.7 тэрбум төгрөгөөр батлагдаж, хүлээгдэж буй гүйцэтгэл 2,722.3 тэрбум төгрөгт хүрэхээр байгааг дурдаад, үүнд Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022, 2023 оны 218.3 тэрбум төгрөгийн хуримтлагдсан өр багтсан гэлээ. 2025 оны төсвийн төслийг 4,391.2 тэрбум төгрөг буюу өмнөх оноос 1,894.5 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэн төлөвлөсөн гэж танилцуулсан.
Тэрбээр, 2025 оны төсөвт “Цахим бодлого”,“Эрүүл монгол хүн”, “Элэг бүтэн монгол” зэрэг бодлогын арга хэмжээг тусган хэрэгжүүлэх шаардлагатайг онцолсон.
Түүнчлэн Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны орлогын гүйцэтгэл 1,588.7 тэрбум төгрөг, зарлагын гүйцэтгэл 1,841.1 тэрбум төгрөг болж, сангийн тэнцэл алдагдаж буй тул орлогоо нэмэгдүүлэх, тэр дундаа төрөөс олгох санхүүжилтийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага үүсээд байгааг онцлон тэмдэглэсэн.
Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлд нийт 2,029.4 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй, 993.4 тэрбум төгрөгийн санхүүжих дүнтэй 220 төсөл, арга хэмжээг тусгуулахаар Эрүүл мэндийн яамны зүгээс саналаа хүргүүлсэн гэж Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат мэдээлсэн.
Дараа нь Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга М.Санжаадорж “Монгол Улсын 2025 оны төсөв”-ийн талаар танилцууллаа.
Тэрбээр, Монгол Улсын 2025 оны төсвийн төсөлд туссан макро эдийн засгийн үзүүлэлт, төсвийн тэнцэл, тэнцвэржүүлсэн орлого, зарлага болон нэгдсэн төсвийн үндсэн үзүүлэлтүүд, төсвийн тусгай шаардлагыг хангасан эсэх талаар дэлгэрэнгүй мэдээлэв.
Танилцуулга, мэдээлэлтэй холбогдуулан салбарын төлөөлөл, иргэний нийгмийн байгууллагын оролцогчдын тавьсан асуултад хариулт өгч, цаашид эрүүл мэндийн төсвийн төслийг боловсруулахад баримтлах бодлого, тулгамдсан асуудлын талаар санал солилцлоо.
Хэлэлцүүлэгт оролцогчид иргэдийн дунд хоол боловсруулах замын өвчлөл өндөр байгаа тул Зөв хоололтын үндэсний хөтөлбөрийг боловсруулах, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, дотоод нөөц бололцоондоо тулгуурлан уламжлалт анагаах ухааны ургамлын гаралтай эмүүдээр импортын өндөр үнэтэй эмийн эмчилгээг орлуулах зэргээр төсвийн зарлагыг бууруулах тодорхой саналуудыг танилцуулав.
Мөн салбарын хөрөнгө оруулалтын төсөлд тусгасан Хавдар судлалын үндэсний төвийн шинэ барилгын бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлж, яаралтай ашиглалтад оруулах, эрүүл мэндийн салбарын засаглалын чадавхыг сайжруулах, хүн амын нөхөн үржихүйн асуудлыг төсөвт тусгах, Эрүүл мэндийн даатгалын хүрээнд олгодог эмнэлгүүдийн гүйцэтгэлийн санхүүжилтийн хүндрэл бэрхшээлийн талаар илүүтэй хөндөж байлаа