Нүүр хуудасМэдээУИХ: Ёс зүйн хороо, Ёс зүйн дэд хороодын эрх зүйн орчныг сайжруулах...

УИХ: Ёс зүйн хороо, Ёс зүйн дэд хороодын эрх зүйн орчныг сайжруулах санал боловсруулах ажлын хэсэг хуралдлаа

УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн хэрэгжилт болон Монгол Улсын Ёс зүйн хороо, Ёс зүйн дэд хороодын бие даасан, хараат бус ажиллах нөхцөлийг хангах эрх зүйн орчныг сайжруулах санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг өнөөдөр /2024.11.12/ хуралдлаа. Хуралдааныг УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Х.Баасанжаргал удирдан явуулав.

Тус хуралдаанаар “Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль тогтоомж, хэрэгжилт” сэдвээр Ёс зүйн хорооны дарга Ц.Амартөгс илтгэв. Тэрбээр, төрийн албанд ёс зүй, сахилга харицлагын оновчтой тогтолцоог бүрэлдүүлж, ёс зүйтэй төрийн алба төлөвшүүлэх талаарх хөгжлийн бодлого, зорилт, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх хүрээнд гаргасан шийдвэрүүд, хуулийн хамрах хүрээ, тогтолцоо, ёс зүйн хэм хэмжээ, шаардлага, төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх Үндэсний хөтөлбөр, тулгамдаж буй асуудал зэрэг сэдвүүдээр мэдээлэл өгсөн.

Түүний дараа Удирдлагын академийн ахлах багш, доктор /Ph.D/ А.Алтанзул Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн талаар товч танилцуулсан юм. 

Ёс зүйн хорооны олон улсын туршлага ба төрийн албан хаагчийн ёс зүйн асуудал сэдвээр Ёс зүйн хорооны гишүүн, Монголын сэтгэл зүйчдийн нийгэмлэгийн тэргүүн, доктор /Sc.D/ профессор, Гавьяат багш Ш.Батсүх мэдээлэл өглөө. Тэрбээр, Үндэсний ёс зүйн байгууллага, төрийн албан хаагчийн ёс зүйн асуудал эрхэлсэн байгууллагын ялгаа болон дэлхийн зарим улс орнуудын Ёс зүйн хороо буюу зөвлөлийн байгуулагдсан түүх, ажиллах зарчим, бүрэлдэхүүнийг тухай танилцуулсан. Эдгээр илтгэлүүдийн дараа ажлын хэсгийн гишүүд асуулт асууж, хариулт авч, мөн ажиллах чиглэлээ тодорхойллоо

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН