Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй “Үндсэн хуульт ёс: Өнгөрсөн, одоо, ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал өнөөдөр (2024.11.25) Төрийн ордонд боллоо.
Монгол Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа уг эрдэм шинжилгээний хурлыг нээж үг хэлэв. Тэрбээр хэлсэн үгэндээ, Нэгэн цагт дэлхийн талыг эзэлж алдар суугаа мандуулж их эзэнт гүрнийг байгуулж явсан 2000 гаруй жилийн түүхтэй, төрт ёсны уламжлалт Монгол Улсын тусгаар байдал нь түүхийн нугачаанд сөхөрч бүдгэрсэн цаг үе бий. Энэ хэцүү цагт эрдэм ухаант, эрэлхэг зоригт тэмцэгчдийн манлайлал, гавьяагаар тусгаар тогтнолын төлөө нийгмийн бүх давхарга нэгдэж тэмцэн 1911 оны Үндэсний хувьсгалаар Манжийн засгийг халж Богд хаанаа өргөмжилж, эрдэмтэд барууны орны үндсэн хуулийг судалж эхэлсэн байдаг. Улмаар тэмцлийн үр дүнгээ 1921 оны Ардын хувьсгалын ялалтаар бэхжүүлэн тусгаар байдлаар 1924 онд анх удаа хуульчлан баталгаажуулсан түүхтэйг онцлов.
Мөн одоогоос 100 жилийн өмнө буюу 1924 оны 10 дугаар сарын 26-ны өдөр монголын аймаг хошууд ардын цэргийн ангиудаас тогтсон 77 төлөөлөгч анхдугаар Үндсэн хуулиа баталсан нь Монгол Улсын бүрэн эрхт байдлыг зарлан тунхаглаж, дотооддоо төрийн эрх мэдлийг дээдэлж, гадаад харилцаанд хараат бус бие даасан байх бодлогыг баримтлахыг илэрхийлсэн гэлээ.
Монгол Улс энэ 100 жилийн хугацаанд Үндсэн хуулиа бүтэц, бичвэр, агуулга, мөн чанарын хувьд тасралтгүй хөгжүүлж, өнөө цагийн ардчилсан Үндсэн хуулиа бүтээсэн. Үндсэн хууль нь зөвхөн түүхэн бэлгэ тэмдэг төдий бус амьд оршин тогтнож, байнга баяжиж, сайжирч байдгийг илтгэж байдаг. Тухайлбал, бид 1924 оны анхдугаар Үндсэн хуулиараа хаант засгийг халж, төр иргэний харилцаа, засаглалын хэлбэр, төрийн байгууллагын тогтолцоогоо анхлан хуульчилж туурга тусгаар Монгол Улсаа дэлхий дахинаа албан ёсоор зарлан тунхаглажээ. Энэ нь Монгол Улсыг Азид Үндсэн хуулиа тунхаглан зарласан анхны гурван улсын нэг болгосон юм. Харин 1940,1960 оны Үндсэн хуулиуд нь тухайн үеийн Монголын нийгэм, эдийн засаг, хөгжлийн үе шатуудтай холбоотой зорилтуудад нийцсэн нийгмийн байгууллагыг тодорхойлж, эх орноо цэцэглэн хөгжүүлэх үндсийг тавьсан байдаг. Улмаар 1940 оны Үндсэн хууль хэрэгжих явцад Монгол Улс хөрш зэргэлдээ орнуудаараа тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлж, НҮБ-д элсэн орсон чухал үйл явц өрнөсөн. Тэгвэл 1992 оны Монгол Улсын Үндсэн хуулиараа ардчилсан Монгол Улсын нийгмийг бүтээсэн нь 1990-ээд оны үед Зүүн Европ, Төв Ази болон бусад олон улсад засаглалын системээ өөрчлөн ардчилал, хүний эрхийг эрхэмлэсэн шинэ Үндсэн хуулиуд баталсан үетэй давхцаж, олон улстай мөр зэрэгцэх болсон хэмээн Улсын Их Хурлын дэд дарга хэлэв.
Үргэлжлүүлэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Г.Баясгалан үг хэллээ. Тэрбээр монголчуудын хууль цаазын түүх мянганаар хэмжигддэг бол Үндсэн хуульт ёсны хөгжил зуунаар тоологддог гээд ХХ зуун Монгол Улсын төдийгүй дэлхийн улс орнуудын хувьд төрт ёс, хууль цаазын хөгжлийн нэн шинэ үеийг тодорхойлоход шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн гүн гүнзгий өөрчлөлт, хувьсал бүхий эрин үе байсан гэв.
1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Улсын Анхдугаар Их Хурал БНМАУ-ын анхдугаар Үндсэн хуулийг баталж, “Бүх Монгол Улсыг үүнээс хойш Бүгд Найрамдах Бүрэн эрхтэй Ард Улс хэмээж улсын дээд эрхийг жинхэнэ ард нийтлүүлэн улсын аливаа хэргийг Улсын Их Хурал ба мөн хурлаар сонгогдсон Засгийн газраас гүйцэтгүүлэн шийтгүүлэх явдлыг нийтээр сүслэн дагавал зохино” гэж заажээ. Ийнхүү Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж түүний үндэс тулгуурыг бэхжүүлж Монгол Улс Үндсэн хуульт байгуулалт шилжсэн нь Монголын төр, эрх зүйн түүхэнд чухал байр суурийг эзэлдэг гэлээ.
Анхдугаар Үндсэн хуульд улсын дээд эрхийг жинхэнэ ард эдлүүлж, улс төрийн бүх хэргийг ард түмнээс удирдан гүйцэтгэх явдлыг хүндэтгэнэ хэмээн тунхагласан нь одоо ч утга агуулгаа хадгалан, ардчилсан шинэ Үндсэн хуульд оршсоор байгаа билээ. Улсын хувь заяатай холбоотой асуудлыг нэг хүний үзэмжээр бус нийт ард түмний хүсэл зоригт нийцүүлэн шийдэх боломж бүхий засаглалыг бүрдүүлсэн нь анхдугаар Үндсэн хуулийн түүхэнд гүйцэтгэсэн чухал үүрэг гэдгийг Үндсэн хуулийн цэцийн дарга онцлон тэмдэглэсэн.
Мөн энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг Боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлогын зөвлөх Ч.Лодойравсал уншиж, танилцуулсан.
Мэндчилгээнд, Манай улс үндэсний тусгаар тогтнолоо дахин сэргээхийн төлөөх 1911 оны хувьсгалын үр дүнг 1921 оны ардын хувьсгалаар бэхжүүлж, 1924 оны Үндсэн хуульд хуульчлан баталгаажуулсан нь тусгаар тогтнол бүрэн эрхт байдлаа дэлхий дахинд хүлээн зөвшөөрүүлэх чухал алхам болсон гэдгийг онцолж байсан.
Мөн анхдугаар Үндсэн хуулийг Ерөнхий сайд Т.Намнансүрэнгийн төсөлд тулгуурлан Ерөнхий сайд Д.Бодоо, Ж.Цэвээн нарын санал, төслийг харгалзан үзэж тухайн үеийн хувьсгалын удирдагчдын манлайлал доор боловсруулсан болох нь тод харагдаж байдаг. Эдгээр Үндсэн хуулийн төслийг боловсруулах, батлах үйл явцад тухайн үеийн Зөвлөлт Орос улсын нөлөө орсон нь үнэн хэдий ч анхдугаар Үндсэн хууль бүхэлдээ манай ард түмэн, засаг төрийн бодлогын тусгал болон батлагдсан хэмээн эрдэмтэн судлаачид үздэг. Энэ бол төрт ёсны өнө, эртний түүхтэй монголчууд бидний хувьд анх удаа бичмэл Үндсэн хуультай болсон гайхамшигт үйл явдал байлаа хэмээн дурдав.
Анхдугаар Үндсэн хууль нь манай ард түмний сонгох сонгогдох, бүх нийтээрээ бичиг үсэгтэй болох, хүйсийн тэгш эрх, тэгш байдал, шашин шүтэх, эс шүтэх болон хэвлэн нийтлэх эрх чөлөөний эхлэлийг тавьж, нийгэм, улс төрийн амьдралд эрс шинэчлэлт авчирч, тусгаар тогтнол, гадаад харилцаа, эдийн засаг, аюулгүй байдал, батлан хамгаалах хүчин чадлыг бататган бэхжүүлсэн Монгол төрийн бодлогын түүхэн гол баримт бичиг болсон. Монголын ард түмэн хамтын засаглалын хэлбэр болсон Бүгд Найрамдах засаглал Үндсэн хуульт ёсоо бататган бэхжүүлж,1940, 1960,1992 онуудад Үндсэн хуулиа шинээр баталсан түүхтэй гэж байлаа.
Монгол Улсын Үндсэн хуульт ёсны 100 жилийн түүхэн хөгжил нь аливаа эрх мэдэл ард түмнээс эх сурвалжтай байх зарчимд суурилан төр засгийн эрх мэдлийг Үндсэн хуулиар тогтоож, хүний эрх, эрх чөлөөг хамгаалан баталгаажуулж, эрх зүйт төрийг байгуулахын төлөөх нэгэн зууны нөр их хичээл зүтгэл, эрэл хайгуул, сургамж, туршлага бидний өв соёл, үнэт зүйл гэдгийг уг мэндчилгээнд дурдсан байв.
Ийнхүү эрдэм шинжилгээний хурлын үндсэн хуралдаан эхэлж, Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, МУИС-ийн Эмерит профессор, хууль зүйн шинжлэх ухааны доктор (Sc.D), академич С.Нарангэрэл “Монгол Улсын анхдугаар (1924 оны) Үндсэн хуулийн онцлог, сургамж, түүхэн ач холбогдол” сэдвээр илтгэл тавилаа. Тэрбээр илтгэлдээ, анхдугаар Үндсэн хуулиар алдагдсан тусгаар тогтнолоо сэргээн мандуулах, Үндсэн хуулийн эрх зүйн үндэс тавигдаж улмаар Бүх Монгол Улсыг үүнээс хойш Бүгд Найрамдах Бүрэн эрхтэй Ард Улс хэмээн зарлан тунхагласан явдал нь түүхэн онцлог, гол ач холбогдол нь оршиж байгаа юм гэж байлаа. (бүрэн эхээр нь эндээс)
Мөн анхдугаар Үндсэн хууль нь монголын шинэ эрх зүйн суурь, тулгуур хууль болсон төдийгүй, тусгаар тогтнолоо дараа дараагийн Үндсэн хуулиар баталгаажуулж, дэлхийн хамтын нийгэмлэгээр хүлээн зөвшөөрүүлж чадсан. Чингис хааныхаа гал голомтыг сахин хамгаалж, дэлхийд ганцхан үлдсэн нүүдлийн соёл иргэншлийг нандигнан өвлөж, хөгжил дэвшлийн асар их нөөц боломж, эрх ба эрх чөлөөг өнөөгийн Монгол Улсын иргэдэд олгох урьдач нөхцөлийг бүрдүүлсэнд Монгол Улсын анхдугаар Үндсэн хуулийн хэн ч үгүйсгэхийн аргагүй түүхэн ач холбогдол оршино хэмээн дүгнэв.
Үргэлжлүүлэн Монгол Улсын гавьяат хуульч, хууль зүйн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, академич Ж.Амарсанаа, “Үндсэн хууль дээдлэх ёсон” сэдвээр илтгэлээ хэлэлцүүлсэн.
Тэрбээр Үндсэн хууль хэрэгжихдээ “хууль дээдлэх ёс” гэдгийг 1992 оноос хойш хамааруулж ойлгох нь зүйтэй гээд, үүнээс өмнөх Үндсэн хууль нь төр, хууль, иргэн гэсэн дэс дараалалтай байсныг тодотгов. Харин шинэ Үндсэн хуульд төр, иргэн нь хууль дээдэлнэ гэж бичсэн тул иргэн, төрийг ижил түвшинд, гагцхүү хуулийг нэн тэргүүнд тавьснаараа онцлог гэдгийг хөндөн ярьж байлаа. (бүрэн эхээр нь эндээс)
Дараа нь Монгол Улсын анхдугаар Үндсэн хууль (1924): ач холбогдол, сургамж, залгамж чанар” сэдвийн хүрээнд Шинжлэх ухааны Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн Ойрх үеийн түүхийн салбарын эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, түүхийн шинжлэх ухааны доктор (Sc.D), академич Ц.Батбаяр, Монгол Улсын гавьяат хуульч, Шихихутуг их сургуулийн Эрдмийн зөвлөлийн дарга, хууль зүйн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор Д.Лүндээжанцан нар илтгэл тавьсан. (бүрэн эхээр нь эндээс)
Уг илтгэлийн дүгнэлтэд, Монгол Улс ХХ зууны эхний 24 жилд хоёр удаагийн хувьсгалаар тусгаар тогтнолоо сэргээн, бэхжүүлэх хамгаалахад чиглэсэн нөр их ажил хийж, хичээн зүтгэсэн ч геополитикийн хайчинд орж нэн төвөгтэй нөхцөл байдлын дунд хүн ам цөөн, буурай хөгжилтэйн эрхээр хүчин мөхөсдөхийн зовлон зүдгүүрийг туулсныг тодотгоод, энэ амаргүй үед Монголын тухайн үеийн эрх баригчид дотроо санал зөрөлдөөнтэй байсан хэдий ч Зөвлөлт Оросын нөлөөгөөр хөгжлийн чиг баримжааг сонгож Үндсэн хуулийн төслийг маш богино хугацаанд боловсруулж шатлан сонгогдож ирсэн ард түмний төлөөллийн дээд байгууллага Улсын Их Хурлаас батлуулсан нь түүхэн зайлшгүй зүйл байсан гэж үзэж байна хэмээн дурдсан байлаа.
Мөн Монголын төрт ёсны түүхэнд Монгол Улс анх удаа орчин үеийн бичмэл Үндсэн хуулийн хэлбэр, бүтэц, агуулгыг хангасан Үндсэн хуультай болсон нь эрх зүйн хөгжилд том дэвшил авчирсан хэмээн тэмдэглэсэн байв.
Дараа нь МУИС-ийн Улс төр судлал, олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн захирал, доктор (Ph.D), профессор С.Мөнхбат, Удирдлагын академийн судалгаа, эрдэм шинжилгээний албаны дарга, доктор (Ph.D), дэд профессор Ж.Жаргал нар “Үндсэн хууль улс төр, эрхийн дээд баримт бичиг болох нь сэдвээр илтгэл тавьсан.
Илтгэлд Үндсэн хуулийн уг сурвалжийг улс төрийн сэтгэлгээний түүхийн үүднээс харах, улмаар Монгол Улсын Үндсэн хууль улс төр, эрхийн баримт бичгийн агуулгыг хөндсөн юм. Илтгэлд Үндсэн хууль нь зөвхөн хууль, эрх зүйн баримт бичиг төдийгүй улс төр, нийгэм, эрх зүйн харилцааны гүүр, үндэсний зөвшилцөл, эв нэгдэл, итгэлцлийг багтаасан нийгмийн гэрээ болохуйц улс төрийн суурь баримт бичиг гэдгийг онцолж байлаа. (бүрэн эхээр нь эндээс)
Мөн Монгол Улс 100 жилийн хугацаанд дөрвөн удаа Үндсэн хуулийг баталж, хууль бүр тухайн цаг үеийн нийгэм, улс төрийн амьдралын тусгал болж, өөр өөрийн түүхэн үүргийг гүйцэтгэсэн. 1992 оны шинэ ардчилсан Үндсэн хууль нь ардчилал, эрх зүйт төрийн үндэс суурь, баганыг бэхжүүлэхэд хамгийн чухал нөлөөтэй бөгөөд, цаашид ч төрийн эрх мэдлийн хуваарилалт, хяналт–тэнцэл, ардчилал, хүний эрхийг хамгаалах бамбай болж үүргээ гүйцэтгэсээр байх болно хэмээн дүгнэж байлаа.
Олон улсын эрдэм шинжилгээний хурал Цогц хөгжлийн үндэсний төвийн гүйцэтгэх захирал М.Энхбадралын “1914 оны “Улсын эрх” бүтээлийн үзэл санаа ба монголчууд хүний эрхийг тунхагласан нь” сэдэвт илтгэлээр үргэлжилсэн. (бүрэн эхээр нь эндээс)
Тэрбээр илтгэлдээ, “Улсын эрх” бүтээл нь 1914 онд Монгол Улсын Ерөнхий сайд Т.Намнансүрэнгийн даалгавраар Ц.Жамсран бичсэнийг тодотгоод “Анхан төр улсыг байгуулсны хэрэг нь харьяат олон ардыг боолчилж, нэгэн хэдэн цөөн ихсийг тийн бүтээсүгэй хэмээсэн нь огтоос бус, нийт олон түмний тусыг алагчлалгүй хичээн бүтээж ард түмнийг аливаа зүдүүр зовлонгоос ангижруулж энх түвшнээр хүмүүжүүлэн жаргуулахын тулд улс төрийг байгуулсан нь болой.” хэмээн бүтээлийн гол зорилгыг тодорхойлсныг дурдлаа. Түүнчлэн аливаа бүтээлийн үзэл санааг тухайн цаг үе, нөхцөл байдал, зохиогчийн байр суурь, хүсэл тэмүүлэлтэй холбон үзэхгүй байхын аргагүй гэв.
Түүнчлэн анхдугаар Үндсэн хуулийг батлаад 100 жил болж байгаа ч энэ нь батлагдсан он болохоос монголчуудын Үндсэн хууль батлах тухай эрэл хайгуул, үзэл санааны эхлэл биш гэдгийг илтгэгч онцолж байлаа. Үүний илрэл нь “Улсын эрх” бүтээл нь 110 жилийн өмнө буюу анхдугаар Үндсэн хууль батлахаас 10 жилийн өмнө Үндсэн хуулийн эх байдлаар бичигдсэн энэхүү бүтээлийг нэрлэж болно гэсэн юм.
Үндсэн хурлын чиглүүлэгчээр Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн захирал, МУИС-ийн профессор, доктор (Ph.D) Д.Бумдарь ажиллаж, илтгэлийн хүрээнд оролцогчид асуулт асууж, санал солилцлоо. Эрдэм шинжилгээний бага хурал үдээс хойш салбар хуралдаануудаар үргэлжилж, “Үндсэн хуульт ёс, парламетат ёсны түүхэн хөгжил, чиг хандлага”, “Үндсэн хуулийн эдийн засаг ба гүйцэтгэх эрх мэдэл”, “Үндсэн хуулийн хамгаалалт, хүний эрх ба шүүх эрх мэдэл”, “Үндсэн хуулийн хөгжил ба салбар дундын асуудал” сэдвийн хүрээнд олон улсын болон салбарын эрдэмтэн судлаачид илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлнэ