УИХ-ын даргын 2024 оны 104 дүгээр захирамжаар байгуулагдсан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг боловсронгуй болгох асуудлыг судлан санал, дүгнэлт гаргах холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг Өмнөговь аймгийн Даланзадгад хотод ажиллаж /2025.03.25/ тус хуулийн хэрэгжилтийн талаар хэлэлцүүлэг зохион байгуулав.
Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга, ажлын хэсгийн ахлагч Б.Баярбаатар, УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, “20 минутын хот” Үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн болон ажлын хэсгийн гишүүд болох УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат, Л.Мөнхбаясгалан, Г.Ганбаатар нар оролцлоо.
Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга О.Эрдэнэ-Өрнөх хэлэлцүүлгийг нээж үг хэлсэн. Тэрбээр, Өмнөговь аймаг өөрөө өөрийгөө санхүүжүүлдэг төдийгүй төсвийн хөрөнгө оруулалтын тодорхой хэсгийг бүрдүүлдэг. Тиймээс төрийн болон орон нутгийн өмчөөр ажил, бараа үйлчилгээ худалдан авах үйл ажиллагаа тогтмол зохион байгуулагддаг аймаг юм. Тиймээс хуулийн төслийг боловсруулахад олон талын оролцоог хангаж, хуулийг хэрэгжүүлэх аж ахуйн нэгж, иргэдийн төлөөлөлтэй ийнхүү уулзаж, хэлэлцүүлэг зохион байгуулж байгаад талархаж байна гэв.
Түүний дараа УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Б.Баярбаатар хэлэлцүүлэгт оролцогчдод хандаж үг хэллээ. Тэрбээр, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг шинэчлэн боловсруулахад өргөн хэлбэрийн хэлэлцүүлгийг өнгөрсөн хугацаанд хийсэн. Энэхүү хуулийн төслийг энэ хаврын чуулганы эхээр өргөн барьж, цаг алдалгүй хэлэлцэн батлах шаардлагатай. Анхдагч хуулийг 2000 онд баталснаас хойш хэд хэдэн удаагийн нэмэлт, өөрчлөлт орсон боловч төдийлэн эрх зүйн чадамжтай сайн хууль болж байсангүй. Эдүгээ хамтарсан Засгийн газар хөгжлийн томоохон хөрөнгө оруулалтыг хийж, бүтээн байгуулалтын томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд энэхүү хуулийн шинэчлэл чухал үүрэг гүйцэтгэх юм. Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж, иргэд Та бүхэн хууль тогтоох үйл ажиллагаанд оролцож, саналаа илэрхийлэхийг хүсч байна. УИХ аливаа хуулийн төслийг боловсруулахдаа олон удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулж, иргэдийн болон тухайн салбарын мэргэжилтнүүдийн санал бодлыг сонсож, тусгахыг зорьж байгаа. Тиймээс 2025 оны төсөвт 1 их наяд 700 гаруй тэрбум төгрөг төвлөрүүлэх үүрэгтэй Өмнөговь аймагт энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа нь онцлог юм. Өөрөөр хэлбэл, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчлэлд тус аймгийн иргэд, аж ахуйн нэгжийн төлөөлөл идэвхтэй оролцоно гэдэгт итгэж байна. Бид та бүхний санал бүрийг судалж, хуулийн төсөлдөө хэрхэн тусгасан талаараа эргэн та бүхэндээ мэдээлэл хүргэх болно гэв.
Түүний дараа Монгол Улсын сайд, “20 минутын хот” Үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн үг хэллээ. Тэрбээр, тус хуулийн төслийг боловсруулах Засгийн газраас байгуулагдсан ажлын хэсгийн дэд ахлагчаар миний бие ажиллаж байна. УИХ болон Засгийн газраас байгуулагдсан ажлын хэсэг хамтдаа энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулж буй нь хуулийн төслөө боловсруулах, хэлэлцүүлэх, батлахад нэгдмэл ойлголттой байж, 2025 оны бүтээн байгуулалтыг цаг алдалгүй хэрэгжүүлэхэд чиглэж байна. Хуулийн төсөлд тусах зарчим бол тодорхой байгаа. Нэгд, орлого сайжрахын хэрээр дэд бүтэц, зөвлөх үйлчилгээ, худалдан авалтын тендерүүд олон явагдана. Төрийн өмчийн худалдан авч буй бараа, үйлчилгээний чанарыг сайжруулахын тулд олон хэлбэрийн арга хэрэгслийг ашиглаж, тендер шалгаруулалтыг зохион байгуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх ёстой. Хоёрт, аж ахуйн нэгжүүдээ дэмжихийн тулд тендерт оролцох зардлыг багасгахад чиглэж байна. Өөрөөр хэлбэл, тэдэнд учруулдаг санхүүгийн дарамтыг арилгахад хуулийн шинэчлэлийг чиглүүлэх ёстой. Гуравт, тендер шалгаруулалтад оролцдог төрийн албан хаагчдаа хамгаалах чиглэлд анхаарах хэрэгтэй байна. Мөн томоохон бүтээн байгуулалт болох метро, нүхэн авто зам барих зэрэгт тендер шалгаруулалтад зөвлөх үйлчилгээ авах зайлшгүй шаардлагатай юм. Эдгээр бүтээн байгуулалт болон мега төслүүдийг хэрэгжүүлэхэд өнөөдрийн үйлчилж буй хууль, эрх зүйн орчин хангалтгүй учраас хуулийг даруй шинэчлэх шаардлага тулгарч байна гэв.
Мөн УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат, Л.Мөнхбаясгалан, Г.Ганбаатар болон Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат нар хуулийн төслийн шинэчлэлийн талаар иргэдэд хандаж үг хэлсэн.
Төрийн худалдан авах ажиллагааны газрын дарга Ц.Батзул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг танилцуулав. Тэрбээр, төрийн ажил, үйлчилгээний чанартай худалдан авалт зохион байгуулах, мега төслүүдлийг хэрэгжүүлэх тендер шалгаруулалтыг зохион байгуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх, гэрээний хэрэгжилтийг олон улсад жишигт нийцүүлэх, худалдан авах ажиллагаанд хиймэл оюун ухаан ашиглах зэрэг эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгож, шийдвэр гаргах үйл явцыг хурдасгаж, үр ашгийг нэмэгдүүлэхэд хуулийн шинэчлэлийн зорилго чиглэж байна. Төрийн байгууллагууд ажил, үйлчилгээ худалдан авахдаа тендерийг олон удаа зохион байгуулахад хүндрэлтэй учраас мэргэжлийн байгууллагууд худалдан авах үйл ажиллагааг хийдэг байх боломжийг бүрдүүлэх нь зөв хэмээн үзсэн.
Тиймээс төрийн байгууллагуудын худалдан авдаг бүх барааг цахим дэлгүүрт байршуулж, тэндээс хэрэгцээт бараагаа сонгох байдлаар тогтолцооны өөрчлөлт хийх талаар судалж байна.
Түүнээс гадна тендерт оролцсон аж ахуйн нэгж нийгмийн даатгал, татварын өртэй учраас хасагддаг тохиолдол бий. Харин тендерт шалгарсан тохиолдолд л өргүй байх шаардлага тавихаар төсөлд тусаж байна. Өөрөөр хэлбэл, тендер шалгаруулалтын зорилго өр барагдуулах үйл ажиллагаа биш юм. Мөн гэрээнд хамааралгүй шалгуурыг компаниудад тавихгүй байх, тендерийн баталгааг хялбаршуулах, маргааныг тендер шалгаруулалтын шатлалаар хянах, сургалтыг цахимаар зохион байгуулах зэрэг өөрчлөлтүүдийг хуулийн төсөлд тусгалаа. Мега төслүүдийн тендер шалгаруулалтыг зохион байгуулах үйл ажиллагааг нарийвчлан хуулийн төсөлд тусгасан. Тухайлбал, зөвхөн УИХ-аас баталсан мега төслүүдэд олон улсад хэрэглэгдэж буй шалгаруулалтаар явуулахаар заасан хэмээн танилцуулсан. Өмнөговь аймгийн Худалдан авах үйл ажиллагааны газрын дарга Э.Ганхуяг орон нутагт явуулж буй тендерийн үйл ажиллагааны алдаа, дутагдлыг танилцуулж, хуулийн шинэчлэлд оруулах саналаа илэрхийлсэн юм.
Хэлэлцүүлэг иргэдийн санал бодлыг сонсож, холбогдох албан тушаалтнууд иргэдийн асуултад хариулснаар үргэлжиллээ. Иргэд хуулийн шинэчлэлээр шинэ тутам байгуулагдсан аж ахуйн нэгжийг дэмжихэд анхаарах талаар хэд хэдэн санал хэллээ. Тухайлбал, булгийн эх хаших, хайс барих зэрэг тендерт тухайн аж ахуйн нэгжээс тусгай зөвшөөрөл шаардаж байна. Мөн сүүлийн 3 жилийн санхүүгийн тайлан, хөрөнгийн баталгаа зэргийг шаардаж буй шалгуурт уян хатан хандахыг хүслээ.
Түүнчлэн тендер зарлах, гэрээ байгуулах, хэрэгжүүлэх хугацаа хэт урт байгаагаас зарим төрийн үйлчилгээ доголдох, яаралтай тоног төхөөрөмж нийлүүлэх нөхцөл удааширснаас осол аваар гарч болзошгүй байгаа тулд хуулийн шинэчлэлд анхаарах талаар төрийн байгууллагын албан хаагчид саналаа хэлж байв. Мөн тендерийг зохион байгуулах эрх бүхий А3 гэрчилгээтэй төрийн албан хаагчид сум, орон нутагт цөөхөн байна. Тиймээс сургуулийн хүүхдийн “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлэх тендерийг байгаль орчны байцаагч шалгаруулж байх жишээтэй. Ингэснээр тухайн бараа, ажил үйлчилгээг худалдан авах чанарт нөлөөлж байна. Мөн эмийн чанарын үнэлгээг анхан шатны нэгжид хийхэд хүндрэлтэй байгаа талаар, эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авах тендерт зөвхөн дотоодын эмийг худалдан авах шаардлагыг эргэн харах, бүтээн байгуулалтын тендерт тухайн орон нутгийн компанийг шалгарах боломжийг бүрдүүлэх зэрэг саналуудыг хэлж байв. Ялангуяа эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авах тендерийн үйл ажиллагааг сайжруулах талаар тухайн салбарын мэргэжлийн албан хаагчид илэрхийлсэн юм.
УИХ-ын гишүүн, Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга, ажлын хэсгийн ахлагч Б.Баярбаатар хэлэлцүүлэгийг хааж хэлсэн үгэндээ, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчлэлээр төрийн зүгээс аж ахуйн нэгж, хувийн хэвшлээ дэмжихэд чиглэсэн бодлого, үйл ажиллагаанд бодит үр дүн гарах учиртай. Хэлэлцүүлэгт оролцож санал бодлоо илэрхийлсэн иргэд болон энэхүү хуулийг гардан хэрэгжүүлж, алдаа, оноог нь хамгийн сайн мэдэж буй төрийн албан хаагчдын санал бүрийг судлан, хуулийн төсөлдөө тусгаж ажиллахыг зорино гээд тус хууль шинэчлэн батлагдсаны дараа хуулийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллахыг хүслээ