Улаанбаатарын өвлийн наадам нь гадаад дотоодын жуулчдад Монголынхоо ёс заншил, өв уламжлал, үндэсний тоглоом наадгай, соёлыг сурталчлан таниулах, шинэ тутам хөгжиж буй нийтийн биеийн тамир, спорт, аяллын төрлүүдийг ард иргэдэд сурталчлах ач холбогдолтой юм.
Тус наадмын үеэр Монгол улсын өнцөг булан бүрийн сур болон шагай харваачид идэр есийн хүйтнийг үл ажран цэц мэргэнээ сорьж улсын аваргаа шалгаруулна. Энэ жилийн хувьд олон улсын хэмжээний наадам болтлоо өргөжин хөрш хоёр орон болох БНХАУ болон ОХУ-ын сур харвааны тамирчид цэц мэргэнээ сорихоор хүрэлцэн ирнэ. Монголчууд нэн эртнээс уухайлах ёсыг хийморь сэргээн жавар үргээдэг хэмээн бэлэгшээдэг байна. Иймд иргэд та бүхнийг мөсөн сур харваж шагайгаар наадан Монголынхоо ёс заншил, өв уламжлал, үндэсний тоглоом наадгайтай танилцан айлчлан ирж буй Шар Нохой жилийн аз хийморийг шинжихийг урьж байна.
Мөн залуучуудын дунд эрчимтэй хөгжиж буй орчин үеийн спорт болох снөүбоард, рагби, тэшүүр, мөсөн хананд авиралтын үзүүлбэр тэмцээнүүдийг сонирхож өвлийн дугуй, нохой чаргаар гулган амьтадтай зураг даруулж амралтын өдрөө хөгжилдөн өнгөрүүлээрэй.
Гэр бүл найз нөхдийн хамт хүрэлцэн ирснээр гэр бүлийн буухиа тэмцээн болон олс таталтын тэмцээнүүдэд оролцон мөн хамгийн сайхан үндэсний хувцастай оролцогчоор шалгаран шагналын эзэд болох боломжтой. Үүнээс гадна 3,5 метрийн диаметртэй том тогоонд мастер тогооч нар цуйван сэгсэрч хоолны шоу үзүүлбэр үзүүлэн хүрэлцэн ирсэн иргэдийг дайлна.
Тэмцээн болон ивээн тэтгэгчдийн нийт шагналын сан 10 сая төгрөг бөгөөд наадамд ирсэн иргэд, жуулчид тэмцээн уралдаануудыг үзэж сонирхохоос гадна өөрсдийн биеэр оролцох боломжтойгоороо онцлогтой. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 02-р сарын 03-04-ний өдрүүдэд зохион байгуулагдах тус наадамд Монгол бахархал болсон дээл хувцсаараа гоён өргөнөөр оролцохыг иргэд нийслэлчүүддээ уриалж байна гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.