Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв болон Япон улсын Жайка олон улсын байгууллага хамтран хэрэгжүүлж буй “Эмч ба сувилагчийн төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах төсөл”-ийн хүрээнд Эх барихуйн төгсөлтийн дараах сургалтын тогтолцоог боловсронгуй болгоход чиглэсэн үйл ажиллагааг явуулж байна.
Тодруулбал, улсын хэмжээнд 1,050 орчим эх баригч ажилладаг бөгөөд тэдгээр эмнэлгийн мэргэжилтний цогц чадамжийг тодорхойлох, ажлын байран дээр нь сургах тогтоолцоог бий болгож буй юм.
Энэ ажлын хүрээнд Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс наймдугаар сарын 29-31-ний өдрүүдэд Эх барихуйн сургагч багш бэлтгэх анхны сургалтыг зохион байгуулж байна.
Сургалтад Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Эх нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв, Хүрээ, Амгалан, Өргөө амаржих газрын нийт 24 эх баригч хамрагдлаа.
Цаашид сургалтыг шат дараатай зохион байгуулж, орон нутгийн эх баригч нарыг хамруулахаар төлөвлөж байна гэж Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс мэдээллээ.