Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр (2024.09.03) Үндэсний статистикийн хорооны үйл ажиллагаатай танилцлаа. 1924 онд Монгол Улсад орчин үеийн статистикийн алба үүсэн байгуулагдсанаас хойш 100 жил өнгөрч байна. Түүхэн ойг тохиолдуулан олон нийтэд зориулан цахим цэсийн өгөгдлүүдийг нээлттэй болгосныг ҮСХ-ны удирдлагууд УИХ-ын дарга, гишүүдэд танилцууллаа.Үндэсний Статистикийн Хороо нь уламжлалт статистик мэдээллээс гадна статистикийн байгууллагыг өгөгдлийн шинжлэх ухааны чиг баримжаатай хөгжүүлэх, шийдвэр гаргалтад дэмжлэг үзүүлэх зорилгоор их өгөгдөл буюу “Төрийн нэгдсэн мэдээллийн сангийн хөгжүүлэлт, удирдлага” төслийг 2022 оноос хэрэгжүүлжээ. Төслийн хүрээнд хөгжүүлсэн “Төрийн нэгдсэн өгөгдлийн сан”, “Төрийн мета өгөгдлийн нэгдсэн сан” системүүд нь нотолгоонд суурилсан шийдвэр гаргалтын тогтолцоог бүрдүүлж, их хэмжээний өгөгдөл хадгалах, боловсруулах, дүгнэн шинжлэх, хэрэглээнд нэвтрүүлэх олон талын ач холбогдолтой юм.
Улсын хөгжлийг урт хугацаанд тогтвортой төлөвлөж, бодлого боловсруулахад статистик тоон мэдээлэл ихээхэнач холбогдолтойг Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан онцлоод, статистикийн байгууллага мэргэжлийн шинж, чанараа хадгалж, улам бэхжихэд анхаарал хандуулахаа илэрхийллээ. Тэрбээр шинжлэх ухааны үндэслэлтэй статистик мэдээллийг хөгжүүлэх, бодит судалгаа, тоон мэдээллийг шийдвэр гаргалтад өргөн хүрээнд ашиглах бодлогыг түлхүү дэмжиж ажиллана.Мөн салбар хоорондын мэдээллийн уялдаа холбоог сайжруулж, үндэсний статистикийн байгууллагаас хүний нөөцийг бэхжүүлэх, судалгааны чанарыг сайжруулах, орон нутгийн дэд бүтцийг баталгаатай бий болгох, цалин хангамж, тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэх талаар Улсын Их Хуралд гаргасан хүсэлтийг УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо анхаарал хандуулж, Монгол Улсын Засгийн газраас баримталж буй цалин, хөлсний бодлого, ялангуяа төрийн байгууллагууд чиг үүргийнхээ дагуу ижил түвшинд үнэлэгдэх, цалин, нөхцөл байдал нь ижил түвшинд, ижил зэрэглэл үнэлэх үзэл баримтлалыг дэмжиж ажиллах нь зүйтэй гэв.