Нүүр хуудасМэдээУлс төрийн намын оролцоо, манлайлал үндэсний форум боллоо

Улс төрийн намын оролцоо, манлайлал үндэсний форум боллоо

Улс төрийн намууд жендэрийн тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийн шийдвэр гаргах түвшин дэх оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж буй туршлагаасаа хуваалцах, цаашид бодлогын түвшинд анхаарах асуудлыг хэлэлцэх, шийдвэрлэх арга замыг тодорхойлох зорилготой “Улс төрийн намын Оролцоо, манлайлал” Үндэсний форум боллоо.

Энэ үеэр Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль 2011 онд батлагдсанаас хойш улс төрийн намын жендэрийн талаарх үндэсний форумыг анх удаа зохион байгуулж байна гэдгийг Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга Т.Энхбаяр онцолсон.

Мөн тэрбээр “Монгол Улсын парламент дахь эмэгтэйчүүдийн оролцоо 17.1 хувь. Өөрөөр хэлбэл, манай улсын эмэгтэйчүүд шийдвэр гаргах түвшинд оролцоо нь муу байгаа. Тиймээс энэ үзүүлэлтийг нэмэгдүүлэх хэрэгтэй. Түүнчлэн жендэрт суурилсан хүчирхийллийн хохирогчдын 89.1 хувь нь охид, эмэгтэйчүүд. Үйлчилгээний салбарт эмэгтэйчүүд илүү их ажиллаж байгаа бөгөөд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж цалингийн зөрүү нэмэгдсээр байна. Нөгөө талаар эрэгтэй болон эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүү эрс ялгаатай байгаа. Монгол эрчүүд дэлхийн дунджаас бага насалж байгаа тул эрчүүддээ илүү анхаарах хэрэгтэй” хэмээн хэллээ.

НҮБХХ-ийн Суурин төлөөлөгч Илейн Конкиевичийн Улс төрийн намуудын чуулга уулзалтыг нээж “Монгол Улсад шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдлыг хангах зам урт бөгөөд хүнд бэрх хэвээр байна. Эмэгтэйчүүд Монголын нийт хүн амын 50 гаруй хувийн эзэлдэг хэдий ч шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн төлөөлөл үнэхээр цөөн байна. Улсын Их Хурлын гишүүдийн дөнгөж 17 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Нийт хүн амын 50 хувиас хууль тогтоох дээд байгууллага дахь төлөөлөл 17 хувь байгаа нь туйлын чамлалттай үзүүлэлт юм.

Эмэгтэйчүүдэд тулгардаг сорилт бэрхшээлүүд нь ээдрээтэй, эмзэг бөгөөд нарийн төвөгтэй олон асуудал байдаг. Санхүүгийн эх үүсвэр хангалтгүйгээс эхлээд, цалин хөлсгүй, тэгш бус асаргаа, халамжийн ажил, тэгш байдлыг няцаасан хууль эрх зүйн орчин, мэргэжлийн ёс зүйн давхар стандарт, жендэрт суурилсан хэвшмэл ойлголт, нийгмийн шударга бус сонжоо зэрэг нь бүх эмэгтэйчүүдийг улс төрд тэгш оролцох боломж, нөхцлөөр хангахгүй байна” гэдгийг онцоллоо.

Улс төрийн намууд, төр, төрийн бус байгууллагууд, иргэний нийгмийн байгууллага, эрдэмтэн судлаач, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл бүхий 300 гаруй оролцогчид тус форумаар улс төрийн намуудын жендэрийн үнэлгээ, сайн туршлага, улс төрийн намын дэргэдэх Эмэгтэйчүүдийн холбооны оролцоо, амжилт, УИХ-д суудалтай улс төрийн намуудын манлайлал, жендэрийн үзэл баримтлалыг эрх зүйн орчинг бий болгох, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог дэмжихэд олон талт хамтын ажиллагааны талаар хэлэлцүүлэг өрнүүлсэн.

Тус форумыг “КОЙКА” ОУ-ын байгууллагын санхүүжилтээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжүүлж буй “Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь төслийн дэмжлэгтэйгээр зохион байгуулсан юм.

Төсөл 2022 оноос эхлэн улс төрийн намуудын бодлого үйл ажиллагаанд жендэрийн үзэл баримтлалыг нэвтрүүлэх, улс төрийн хүрээн дэх хүйсийн тэнцвэрт байдал, эмэгтэйчүүдийн шийдвэр гаргах түвшин дэх оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр улс төрийн намуудтай хамтран ажиллаж байгаа бөгөөд хамтын ажиллагааны хүрээнд авч хэрэгжүүлсэн үйл ажиллагааны ахиц, амжилтыг хуваалцах, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, цаашид бодлогын түвшинд анхаарах асуудлыг форумын үеэр танилцуулав.

“Жендэрийн тэгш байдлыг хангахад улс төрийн намын оролцоо, манлайлал” Үндэсний форумаас ТУНХАГ баримт бичгийн төслийг танилцуулж, улс төрийн намуудын төлөөлөл болон нийт оролцогчдоос санал аван баталгаажууллаа.

Монгол Улсын Ерөнхий сайдын тэргүүлдэг Жендэрийн үндэсний хороо нь жендэрийн тэгш байдлыг хангахад шаардлагатай үндэсний чадавхыг төрийн байгууллагын болон нийгмийн хүрээнд бэхжүүлэхэд чиглэсэн бодлого, хөтөлбөр, төсөл арга хэмжээг боловсруулах, хэрэгжүүлэх, хяналт тавин ажилладаг бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Шийдвэр гаргах түвшинд жендэрийн эрх тэгш байдлыг хангаж, манлайллыг нэмэгдүүлэх зорилт тусгагдсан юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН