Улс төр судлаач, эрх зүйч Т.Баатархүүтэй цахим парламент буюу “D-Parliament” аппликэйшний ач холбогдлын талаар ярилцлаа.
-УИХ-ын үйл ажиллагааг цахимжуулах, иргэдэд ил тод болгох, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “D-Parliament” платформыг санаачилсан. Бусад орны хувьд цахим парламент ямар байдлаар хөгжсөн байдаг юм бол?
-НҮБ-аас 2014 онд “Цахим оролцоо” гэж мэдээлэл, харилцаа холбооны технологиор дамжуулан иргэдийг бодлого тодорхойлох, шийдвэр гаргах, үйлчилгээ бий болгох, хүргэхэд татан оролцуулах, улмаар иргэдийг оролцуулах, хамруулах, иргэдтэй зөвлөлдөх үйл явц юм гэж тодорхойлсон байдаг.
Энэхүү тодорхойлолтын дагуу “Цахим оролцооны индекс”-ийн шалгуурыг бий болгосон. Мөн НҮБ-ын гаргасан 2020 оны цахим засгийн судалгаагаар, цахим оролцооны “маш өндөр” түвшин бүхий эхний найман улсад Эстони, БНСУ, АНУ, Япон, Шинэ Зеланд, Австри, Сингапур, ИБУИНХУ тус тус багтаж байна. Тиймээс дэлхий дахинд цахим засаглал, цахим парламентын үйл явц хүчтэй өрнөж байгаа гэсэн үг. Тэр утгаараа дэлхий нийтийн хандлага, хөгжлөөс Монгол Улс ч хоцрох ёсгүй. 2020 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан өнөөгийн парламент сайнтай муутай. Түүнээс нэг сайн зүйл гэвэл цахим парламентын ажлыг эхлүүлсэн явдал гэж харж байгаа. Энэ бол дараа дараагийн парламент болон төр иргэдийн харилцааг бодитой дээшлүүлсэн бодлого.
-Яг бусад орны хувьд ямар тодорхой жишээ байдаг вэ?
-Цахим оролцооны маш өндөр түвшин бүхий Их Британи, Умард Ирландын нэгдсэн хаант улсын цахим парламентын зарчим, стратегийг товчхон хэлье л дээ. Парламентын цахим үйлчилгээ нь парламентын эхний танхим буюу төлөөлөгчдийн танхим, хоёр дахь танхим буюу лордуудын танхим болон парламентын ажилтнуудын мэдээллийн технологи, цахим хэрэгцээнд тулгуурладаг. Энэ нь парламентад юу болж байгааг хүн болгон мэдэх, ойлгоход чиглэсэн байдаг гэсэн үг.
ИБУИНХУ-ын парламент нь иргэдийн өмнөөс Засгийн газрын үйл ажиллагааг хянах, шалгах, үр нөлөө бүхий хууль тогтоомж боловсруулах, батлах болон өдөр тутмын амьдрал дахь томоохон асуудлаар мэтгэлцэх, шийдвэр гаргах чиг үүрэгтэй ажилладаг.
Энэ хүрээнд иргэдээс цахим өргөдөл хүлээн авах, түүнийг хэлэлцэх үүрэгтэй. Олон нийтээс парламентын төлөөлөгчдийн танхим болон Засгийн газарт цахим өргөдөл гаргах, зургаан сарын хугацаанд 10 мянга буюу түүнээс дээш гарын үсэг цугларсан цахим өргөдөлд Засгийн газар бичгээр хариу өгөх, түүнийг парламентын өргөдлийн хороо хэлэлцэж, мэтгэлцдэг ийм тогтсон цахим парламент төлөвшчихсөн байна.
-Саяхан УИХ-ын дарга цахим парламентаар иргэдийн өргөд саналын дагуу тодорхой хуулийн төслүүдийг хэлэлцүүлнэ гэдгээ хэлсэн. Тухайлбал, НӨАТ-ын хувийг тав болгох асуудлыг 100 мянган иргэн дэмжсэн тохиолдолд хуулийн төсөл болгон боловсруулна гэсэн боловч бүтсэнгүй. Үүнээс харвал “D-Parliament”-д шилжих цаг болоогүй байна уу?
-Дэлхий даяар цахим шилжилт хүчтэй явагдаж байна. Харин ч манайх хоцорчихсон яваа. Цахим парламентаар иргэдийн саналыг авах нь чухал. Түүнийгээ боловсруулж байгаа хуульдаа тусгаж өгөх нь бүр зөв. Харин улс төрийн өнцгөөр асуудлыг харж, шийдвэрлэж байгаа нь өнөөгийн эрх баригчдын алдаа. Түүнээс биш цахим парламент манайд арай болоогүй гэж асуудлыг хөнгөн харж болохгүй. Цаашид гарч байгаа алдаа болгоноо засаад явах л хэрэгтэй. Хэдхэн хүн хууль боловсруулдаг гажигийг “D-Parliament”-аар өөрчлөх гэж оролдож байна. Энэ бол сайн. Өнөөдөр Монгол Улсад хууль хэрэгжихгүй байгаа нь ерөөсөө судалгаагүй иргэдийн саналыг тусгаагүйгээс л болж байгаа. Тиймээс хуулийн төсөл боловсруулах системд иргэдийн саналыг оруулж, тусгаж өгөх нь өнөөдөр юу юунаас илүү чухал асуудал болоод байна. Тэр утгаараа “D-Parliament” цаг үеийн шаардлагаар хүссэн хүсээгүй төрийн тогтолцоонд сууж өгнө.
-Цаашид “D-Parliament”-аар дамжуулж иргэд төр барих эрхээ бодитой хэрэгжүүлэх боломжтой гэж ойлгох уу?
-Хуулийн төсөл болгонд иргэдийн саналыг тусгаж өгч байж тэр хууль амьдрал дээр маш сайн хэрэгжинэ. Үүнийг хийхийн тулд бид цахим технологийг ашиглахаас өөр гарц байхгүй. Монгол Улсын Үндсэн хуулийн гуравдугаар зүйлийн 1-д “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна.
Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” гэж заасан байдаг. Тэгвэл энэхүү эрхээ бодитой шууд утгаар нь хэрэгжүүлэх гол суваг бол “D-Parliament” платформ. Үүнийг цаашид хөгжүүлэх, алдаагаа засаж сайжруулаад л явах ёстой. Ингэж байж төрийн уламжлалт хуучирсан тогтолцоог бид халж чадна. Цахим систем рүү шилжиж байж хүнд суртал, авлигал, нууц, далд байдал бүрэн алга болно.
Э.ТҮВШИН “Өдрийн сонин”