ШУА-иас “Монгол орны ундны усны чанарын судалгаа-ногоон хөгжлийн сэргэлт” эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж байна.
Тус хурлыг Дэлхийн усны өдрийг угтан ШУА-ийн Техник технологийн салбарын Бага чуулганаас Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах хороотой хамтран зохион байгуулж буй юм.
1993 онд ЮНЕСКО-гийн чуулганаас жил бүрийн 3 дугаар сарын 22-ны өдрийг “Дэлхийн усны өдөр” болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэснээс хойш дэлхий нийтээрээ жил бүр тухайлсан нэг уриан дор тэмдэглэж ирсэн түүхтэй. Энэ жил “Өөрчлөлтийг хурдасгая” уриан дор дэлхий нийтээрээ тэмдэглэж байна.
Эрдэм шинжилгээний хурлын үеэр Монгол орны ундны усны чанар, өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, цаашид хэрэгжүүлэх арга зам, ногоон хөгжлийн сэргэлтийн бодлоготой энэ асуудлыг уялдуулахад ямар асуудлуудыг дэвшүүлэх, усны талаар төрөөс баримталж байгаа бодлогын бичиг баримтын талаар хэлэлцэх юм. Мөн шинжлэх ухааны салбарын эрдэмтэд судалгааныхаа үр дүнг танилцуулна.
Хурлын үеэр “Усны талаар төрөөс баримталж буй бодлого”, “Монгол орны төв суурин газрын хүн амыг ундны усны стандартын шаардлагад нийцсэн усаар хангах шаардлага, зорилт”, “Монгол орны төв суурин газрын ундны усны чанарын судалгаа”, “ДЭМБ-аас ус, ариун цэврийн байгууламж, эрүүл ахуйн талаар баримтлах стратеги”, “Улаанбаатар хотын ундны усны нянгийн бохирдлын судалгаа”, “Усны салбар дахь хүний нөөцийн бодлого, төлөвлөлт” сэдвээр оролцогч байгууллагуудаас илтгэл хэлэлцүүлж байна.
Хурлыг Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар, НҮБ-ын Хүүхдийн сан, Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага, ШУА-ийн Газар зүй, геоэкологийн хүрээлэн, ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэн, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв болон Монголын Усны Академитай хамтран зохион байгуулж байна.
ШУА Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах хороотой хамтран ажиллах санамж бичиг байгуулснаас хойш 4 жилийн хугацаанд Монгол орны төв суурин газрын ундны усны чанарын судалгааг хийж улсын хэмжээний том мэдээллийн сан үүсгэсэн юм. Өнөөдрийн хурлаар Монгол Улсын ундны усны чанарын өнөөгийн байдлыг үнэлж, дүгнэж, цаашид хэрэгжүүлэх зорилтыг энэхүү хурлаар хэлэлцэж, холбогдох байгууллагууд зөвлөмж хүргүүлэх юм.
Ташрамд дурдахад, ШУА нь Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах хороотой хамтран Монгол Улсын төв суурин газрын ундны усны чанарын судалгааг 21 аймгийн 360 сум, Улаанбаатар хотын 9 дүүрэг, төмөр замын дагуух 128 зөрлөг, суурин УТБ, гүнийн худаг болон төвлөрсөн шугам сүлжээний 3582 уст цэгийн сорьц нэр бүрд хийж, ерөнхий физик-хими, бичил элемент, бичил амь судлал, цацрагийн аюулгүйн 88 үзүүлэлт тодорхойлжээ.
Судалгаанд хамрагдсан уст цэгүүдээс “Унданд хэрэглэх боломжгүй” буюу хаах шаардлагатай 151, “Нэмэлт төхөөрөмж суурилуулах” шаардлагатай 606, “Нэмэлт төхөөрөмж суурилуулж, халдваргүйжилт хийх” шаардлагатай 296, “Ариутгал халдваргүйтгэл хийх” буюу хэт ягаан туяа, хлоржуулах аргаар ариутгал, халдваргүйжилт хийж, дахин шинжилгээнд хамруулсан тохиолдолд унданд хэрэглэх шаардлагатай 313, “Унданд шууд хэрэглэх” боломжтой 2216 уст цэг байна. Судалгааны үр дүнд Монгол Улсын “Ундны усны нэгдсэн мэдээллийн сан”-г бий болгожээ.