Баянгол дүүргийн 3 дугаар хороонд байрлах ашиглалтын шаардлага хангахгүй 35, 36 дугаар нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган, шинээр барилгажуулах төслийн хүрээнд төсөл хэрэгжүүлэгч “Тэргүүн чансаа” ХХК оршин суугчидтайгаа ээлжит уулзалт зохион байгууллаа.
Тус уулзалтад “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн Захиргаа, санхүүгийн газрын дарга Б.Пүрэвдүрэн, Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны хэлтсийн дарга Б.Учрал, холбогдох мэргэжилтнүүд болон төслийн гүйцэтгэгч компанийн төлөөлөл оролцлоо.

Төслийн явцын талаар
“Тэргүүн чансаа” ХХК нь төсөл хэрэгжүүлэгчээр шалгарч батламжаа гардан авснаас хойш хэлэлцээрийн шат бага зэрэг удааширсан боловч гэрээлэлтийн явц 80 хувьд хүрээд байна. Энэ хугацаанд шинэ орон сууцны скиз зураг батлагдсан, мөн техникийн нөхцлийн хүсэлт хүргүүлээд байна. Гэсэн хэдий ч оршин суугчдын газрыг чөлөөлөх ажил болон барилга угсралтын ажил хараахан эхлээгүй байгаа юм.

Шинээр баригдах барилга нь:
• 25 давхар,
• 1-ээс 4 давхартаа үйлчилгээний зориулалттай,
• 2 үндсэн орц гарцтай, шилэн фасадтай,
• 33 автомашины зогсоолтой,
• Халаалт, агаар сэлгэлтийг тусгай тоног төхөөрөмжөөр шийдвэрлэх орчин үеийн шийдэлтэй байхаар төлөвлөгдсөн байна.
Энэ нь тухайн байршлын зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн, иргэдийн амьдрах орчны чанарыг дээшлүүлэх чухал төсөл юм.
Уулзалтын үеэр “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн зүгээс дахин төлөвлөлтийн үйл явц, сонгон шалгаруулалтын үе шат, “Тэргүүн чансаа” ХХК яагаад шалгарсан шалтгааныг дэлгэрэнгүй тайлбарлаж, иргэдийн асуултад хариулт өглөө.
